“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Эхний өдөр зургаан жингийн барилдаан явагдсан бөгөөд -50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, -53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, -57 кг-ын жинд Б.Хонгорзул 76 кг-ын жинд О.Бурмаа нар тус тус олимпийн наадамд зодоглох эрхээ авлаа.
Удахгүй 39 нас хүрэх МУГТ О.Бурмаагийн хувьд гуравдахь олимпийн наадамдаа оролцох эрхээ авсан бөгөөд өмнө нь “Афин-2004”, “Лондон-2012” олимпийн наадамд оролцож байв.
Алматын дэвжээнд эхний өдөр Монголын таван бүсгүй барилдснаас хоёр алт (Б.Болортуяа, Б.Хонгорзул), хоёр мөнгө (Ц.Намуунцэцэг, О.Бурмаа), нэг хүрэл (С.Цэрэнчимэд) медаль хүртсэн төдийгүй дөрөв нь олимпийн эрхээ авч, зорилгоо 80 хувьтай биелүүллээ. Эмэгтэйчүүдээс ганцхан -62 кг-ын жинд эрх дутуу үлдсэн бөгөөд ирэх тавдугаар сард Болгарт явагдах дэлхийн тэмцээнээс эрх авах хариуцлагатай даалгавар үлдсэн гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ
Холбоотой мэдээ