С.Амарсайхан: Вакцин дуусаагүй, 192 мянган тун вакцин байна

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Вакцин дуусаагүй, 192 мянган тун вакцин байна

Засгийн газрын сайд нар мэдээлэл хийж байна

Засгийн газрын сайд нар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Saturday, April 10, 2021

Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

Хатуу хөл хорио тогтоосон нь халдварыг хумих, дархлаажуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх, дархлаажуулалтын дараа дэгдэлтийг дахин нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөх учраас вакцинжуулалтыг хойшлуулсан. Хатуу хөл хориог үр дүнгүй болгох эрх Засгийн газарт байхгүй. Эхний тунг хийлгэсэн 864 иргэн халдвар авсан. Вакцины нөөц дуусаагүй, 192 мянган тун вакцин байна.

Дөрөвдүгээр сарын 9, 12-нд тус бүр 300 мянган тун вакцин, нийтдээ 600 мянган тун вакцин ирэх байсан нь тээвэрлэлтийн улмаас хойшилсон.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

Дөрөвдүгээр сарын 26-аас вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн иргэдийг бүгдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхдээ тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амыг бүгдийг нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунд хамруулна. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Синофарм вакцины хоёр дахь тунг өчигдөр иргэд эхнээсээ хийлгэж эхэлсэн. Нийт 850 иргэн хоёр дахь тунг тариулсан. Гэхдээ хатуу хөл хорионы улмаас дархлаажуулалтыг хойшлуулж байгааг ойлгох хэрэгтэй. Вакцины хоёр дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэхэд дархлаа тогтоох хувьд өөрчлөлт орохгүй. Хатуу хөл хорио тавигдангуут ахмадууддаа гэрээр нь дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод 260 мянган ахмад бий, одоогоор тэдний 50 хувийг вакцинжуулалтад хамруулсан.

Тээвэрлэлт нь хойшлоод байгаа 600 мянган тун вакцин нь Синофарм үйлдвэрийн вакцин юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.БАТТӨР: 

Халдварын тархалттай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд нас баралт нэмэгдсэн, хүнд өвчтөний тоо нэмэгдсэн. Хатуу хөл хорио дуусахаас өмнө нас баралт нэмэгдэж болзошгүй. Хүндрэл хөл хорио тогтоосноос хойш илүүтэй илэрхээр байгаа.

Шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төв рүү мэдээллээ өгөөрэй. Гэрээр нь очиж, үйлчилгээ үзүүлнэ. Иргэд гэрийн тусгаарлалтад үлдэхийг илүүд үзэж байна. Өндөр настай хүн гэр бүлд байгаа бол эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх, чихрийн шижин, таргалалттай хүн халдвар авсан тохиолдолд өвчин хүндэрч байгаа учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

25-54 насныхан халдварт илүү өртөж, гэр бүлдээ тарааж байна.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэд хэдэн вакциныг хүлээн зөвшөөрсөн цагаас Засгийн газар өнөөдрийг хүртэлх хугацаанд 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь Ковакс хөтөлбөрийнх юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 иргэнийг дархлаажуулахад нийт 4.2 сая тун вакцин шаардлагатай. Одоогоор шаардлагатай үлдэгдэл вакцин нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ.

Мөн гэрээ  хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр үргэлжилж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг Гадаад харилцааны яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа.

Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй. Ирэх тавдугаар сарын эхний 7 хоног гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэдээ эхний болон тодорхой хэмжээний 2 дахь тунг хийгээд эхэлсэн байна. Зургадугаар сарын эхээр гэхэд нийт хүн амынхаа 60 хувьд вакцины 2 дахь тунг хийж дуусгаад, долдугаар сарын эхээр иргэд 2 дахь тунгаа хийлгэн бүрэн дархлаажих юм.

Одоогийн байдлаар вакцины 192,137 тун үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагаар авсан мэдээллээр  608,103 иргэн эхний тун болон хоёр дахь тун хийлгэсэн байна.

-Вакцины эхний тунг 600 мянган хүнд хийж, хоёр дахь тунг хийлгэхэд 600 мянган тун шаардлагатай. Гэтэл 2 сая иргэний 1.4 сая нь вакцинжуулалтад огт хамрагдаагүй байна. Тэднийг яаж вакцинжуулах вэ. Вакцин хүрэлцэх юм уу. Тээвэрлэлт нь хойшилсон 600 мянган тун дахиад хойшлохгүй гэх баталгаа бий юу. Эцэстээ эхний тунгаа хийлгэсэн хүмүүс нь хоёр дахь тунгаа хийлгэж чадахгүй нөхцөл үүсэх вий. 1.7 сая тун вакцин хугацаандаа орж ирж чадах уу?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Улсын хэмжээнд 608 мянган тун вакциныг иргэддээ хийсэн. Сүүлийн 300 мянган тун вакцинаас 116 мянган тунг аймгууд руугаа явуулсан. Энэхүү вакцинаар эрсдэлтэй салбарт ажилладаг хүмүүсээ эхний ээлжинд дархлаажуулсан.

Нийслэлийн хэмжээнд иргэдийнхээ 50 хувийг вакцины эхний тунд хамруулсан. Дараагийн 600 мянган тун вакциныг Хятадын Синофарм компаниас хандив болон арилжааны шугамаар аваад дуусч байгаа.

Сая Б.Жавхлан сайд хэлсэн, 1.7 сая тун вакцины гэрээ хийгдсэн, дээрээс нь дөрвөн сардаа Спутник V вакцины гэрээ хийгдэж байна. Вакцины төлөвлөлтөө хийгээд хуваарь гаргаж байгаа. Тэгэхээр тээвэрлэлтээс болж хойшилсон 600 мянган тун вакцин хоёр дахь тун болоод иргэдэд хийгдэнэ. Шинээр орж ирэх вакцин нь эхний тун болоод хийгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Эхний тунгаа авч чадаагүй 400 мянган хүн нийслэлд бий. Одоо 192 мянган тун вакцины үлдэгдэлтэй байна. 600 мянган тун вакцин орж ирнэ. Эндээс давтан тунгаа ч хийнэ, эхний тунгаа авч чадаагүй хүмүүсийг ч хамруулчихна.

Дэлхий дахинд вакцин өндөр эрэлттэй, бүрэн хангалт байхгүй учраас хомсдол үүсээд явж байна. Монгол Улс вакцин үйлдвэрлэдэггүй, худалдаж авдаг учраас бид нэг амьтай байх хэрэгтэй. Вакцины худалдан авалт, ирэх өдрийг нууцалмаар байгаа юм. Дэлгэрэнгүй зарлаад байх тусам эрсдэлтэй. Геофолитикийн асуудал байна, улс төр, эдийн засгийн асуудал байна.

Хоёр дахь тунгийн тоог хэлж байна, эхний тунгаа авах тоо тодорхой байна, Ерөнхий төлөвлөлт тасрахгүй. Tнэнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь эрсдэлтэй. Dид бүгдээрээ нийлээд нууцлах шаардлагатай асуудал байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж