Хувийн автомашинаараа зорчих боломжоор хангахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Хувийн автомашинаараа зорчих боломжоор хангахыг сануулав

Шадар сайд ЦЕГ дээр ажиллаж байна #ШУУД

Posted by Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл on Friday, April 9, 2021

Улсын хэмжээнд өнөөдрөөс гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хорио хэрэгжиж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр 06.30 цагт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан замын хөдөлгөөн зохицуулалт болон нийтийн хэв журмыг сахиулж байгаа албан хаагчидтай уулзаж, нөхцөл байдлын мэдээллийг авч, зохион байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллав.
Үргэлжлүүлэн УОК-ын Шуурхай штабт очиж ажиллаж, аймаг орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн улаан түвшинд хэрхэн шилжсэн талаарх болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
УОК-ын Шуурхай штабт хоногийн хугацаанд 165 иргэнээс гомдол санал ирүүлснээс 95 хувийг нь шийдвэрлэжээ. Өглөөний 07.00 цагийн байдлаар нийт 62 иргэнийг тусгаарлалтаас гарах мэдээллийг холбогдох албаныханд хүргүүлсэн. Гэрийн тусгаарлалт, ажиглалт, тандалт судалгааны цаг үеийн мэдээлэл болон ажлын явцын мэдээллийг Шадар сайдад УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцууллаа.
Гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд энэ сарын 13-нд Токио, 14, 21, 23-нд Сөүл, 26-нд Франкпурт хотоос иргэдээ татан авахаар ажиллаж байгааг мэдээлэв.
Хөл хориог тогтоосон хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч, компанит ажил болгон эрчимжүүлэхийг холбогдох албаныханд Шадар сайд даалгав.
Шадар сайд ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд ажиллалаа
Бүх нийтийн хөл хориог хязгаарласантай холбогдуулан шалган нэвтрүүлэх товчоод, дүүрэг орон нутгийн хэмжээнд нийтийн хэв журмыг сахиулахтай холбоотой зохион байгуулалтын ажлыг Шадар сайд шалгаж, Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн байгууллагын удирдлагууд болон үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчидтай цахимаар холбогдов. Тухайлбал, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар хошуу, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай холбогдож нөхцөл байдлын мэдээллийг авав.
Нийтийн хэв журмыг сахиулахдаа иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр зөвлөн тусалж, худаг, хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлшний цэгт хувийн машинтайгаа зорчих боломжийг олгох тал дээр анхаарч ажиллахыг цагдаагийн байгууллагын албан хаагчидад Шадар сайд даалгалаа.
Мөн шалган нэвтрүүлэх товчоодод хүндэтгэн үзэх шалгаантай болон ачаа тээврийн хэрэгслийг саатуулахгүйгээр нэвтрүүлэх, цаг алдалгүй хурдан шуурхай ажиллахыг чиглэл болгов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
14
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж