“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна. Энэ удаагийн ярилцлагын зочдоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордиц, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар уригдаж, цаг үеийн болоод бусад чухал асуудлуудад хариулт өглөө.
“Коксжих нүүрс Хятадын импортын татвараас 50 хувийн хөнгөлөлт эдэлж байна”
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цар тахлын үеийн Монгол, Хятадын харилцааны өрнөлийн талаар ярилцлаа.
-Та Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдоод хагас жил болж байна. Өнөөдөр өмнөд хөршид халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Юуны өмнө “NEWS.MN” сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний бие Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдож ирээд, өдгөө 6 сар болж байна. Дэлхий дахинд Covid-19-ийн цар тахал тархаад буй онцгой цаг үед БНХАУ-ын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх чиглэлээр шийдэмгий арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсний үр дүнд дотоодын цар тахлын тархалтыг амжилттай хумиад байна.
Бээжин хотын хувьд сүүлийн 60 хоногийн хугацаанд дотоодын халдварын тархалт шинээр бүртгэгдээгүй. Ард иргэд нь халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар БНХАУ даяар нийт 133.8 сая тун вакцин хийгээд байна. Гуравдугаар сарын 25-наас эхлэн БНХАУ-д оршин сууж буй гадаадын иргэд вакцинд хамрагдах боломжтой болсон. Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар Бээжин хотод 16 сая тун вакцин хийгээд байна. Товчхондоо дүгнэж хэлэхэд, Хятадын Засгийн газар цар тахлын халдварыг бүрэн хяналтад авч, сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж, хөдөлмөр эрхлэлт, аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг сэргээж, ард түмний аж амьдрал хэвийн байдалд орсон.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2418520/ линкээр орж унших боломжтой.
"Монголд халдвар эрс өсч, Япон, БНСУ-ын дараа орох боллоо"
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордицатай ярилцлаа.
–Монгол Улс цар тахлын эхэн үед халдварыг хяналтадаа байлгаж, амжилттай ажилласан. Гэвч сүүлийн үед Covid-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж байна. ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас Covid-19 халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, тандах, лабораторийн шинжилгээ хийх, тусгаарлах, хавьтлын судалгаа хийх, хөл хорио цээрийг амжилттай цогц байдлаар эрт үед шуурхай зохион байгуулж ирсэн. ДЭМБ-аас Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ болон бусад салбартай хамтран нөхцөл байдлыг тогтмол хянаж байна. Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд баталсан Covid-19 тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах 45 дугаар тогтоол хэрэгжсэнээр томоохон дэвшил гарсан.
Эдийн засгийг сэргээх бодлого эрчимтэй хэрэгжиж, хүн амын хөдөлгөөн 50 хувиар өссөн байна. Урт хугацаанд үргэлжилж буй цар тахлын нөхцөл байдал нь хүн амын дунд залхах, тайвшрах нийгмийн хандлага бий болгосон.
Өнгөрсөн хугацаанд 99 халдварын голомт бүртгэгдсэнээс 57 нь идэвхтэй тархаж байна. Өрхийн түвшинд халдварын тархалт хамгийн өндөр байгаа нь нэг гэрт олуулаа амьдарч, зарим өрхийн ус ариун цэвэр, зай талбайн нөхцөл тусгаарлах боломж бага байгаатай шууд холбоотой. Халдвар авсан хүмүүсийн 43.7 хувь нь гэр бүлийн орчинд, 4.7 хувь нь эрүүл мэндийн байгууллагад, 22.6 хувь нь ажлын байрандаа халдварт өртсөн байна.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2418950/ линкээр орж унших боломжтой.
Хөрөнгө оруулагчдын 90 хувь нь арилжаанд онлайн оролцож байна
Цар тахлын үед хөрөнгийн биржид өрнөж буй үйл явцын талаар Монголын Хөрөнгийн биржийн /МХБ/ гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.
–Цар тахлын энэ үед Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу. Ихэнх үйлчилгээ цахимд шилжсэн энэ цагт харин ч давуу тал болж ачаалал нэмэгдэж байгаа болов уу. Гэтэл нэг л чимээгүй байх юм?
-Цар тахлын үед Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа аливаа тасалдалгүй хэвийн явагдаж байна. МХБ нь 2012 онд арилжааны дэд бүтцээ шинэчилж, онлайнаар арилжаанд орох боломжийг бүрдүүлснээр арилжаанд оролцох процесс үндсэндээ бүрэн цахимжсан тул хатуу хөл хорионы үеэр арилжаа тасалдалгүй явагдах нөхцөл боллоо. Өнөөгийн байдлаар өдөрт дунджаар 2500 орчим хөрөнгө оруулагчид арилжаанд оролцож байгаагийн 90 орчим хувь нь гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан онлайнаар шууд оролцож байна. Ийнхүү бүрдүүлсэн дэд бүтцийн үр дүнд Ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы үеэр МХБ-ийн арилжаа тасалдалгүй, хэвийн явагдсан. Түүнчлэн, МХБ нь цахимжилтыг улам эрчимжүүлэх үүднээс Засгийн газрын E-Mongolia систем болон “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран иргэдэд үзүүлдэг бусад үйлчилгээгээ цахимжуулаад байна.
Сүүлийн үед хөрөнгийн зах зээл урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж байгаа. Тухайлбал, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч ТОП-20 индекс 34635.65 нэгжид хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 104.9 хувиар, зах зээлийн үнэлгээ 3.69 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 48.5 хувиар, өдрийн дундаж арилжаа 1.17 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 7.5 дахин тус тус өссөн үзүүлэлт болж байна.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2419468/ линкээр орж унших боломжтой.
"ЭЕШ-ыг долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна"
Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл энэ сарын 20-нд дуусна. Хэрэв энэ хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэх боломжгүй гэдгийг албаны хүмүүс мэдээлж буй. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн шалгалт, судалгаа хариуцсан Хэлтсийн дарга М.Болдсайханаас тодрууллаа.
-ЭЕШ-ын бүртгэл дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Одоогоор бүртгэл хэчнээн хувьтай байна. Их, дээд сургуульд элсэгчдийн идэвх оролцоо хэр байна вэ?
-ЭЕШ-ын бүртгэл дуусахад 14 хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвийн гэсэн үг. Элсэгчдийн хувьд шалгалтын товыг ойртуулж бүртгүүлдэг.
Нийслэлд ерөнхий боловсролын сургуулиуд элсэгчдээсээ нэгдсэн журмаар бүртгэл авч, мэдээллийг нь авч байгаа. Орон нутагт Дорноговь, Дорнод, Ховд, Орхон аймагт бүртгэл дууссан. Мөн бусад аймгуудын тухайд бүртгэл эрчимтэй байна.
Тэгэхээр ойрын өдрүүдэд элсэгчид амжаад бүртгүүлчих байх гэж харж байна. Мөн Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдаас гадна өмнөх онд төгссөн 2000 орчим элсэгч бүртгүүлсэн байна.
-Бүртгэлийг цахимаар авч байгаа ч орон нутаг интернетэд холбогдох боломжгүй алслагдсан газарт байгаа хүүхдүүд бүртгэлээ хэрхэн өгөх вэ. Бүртгэлийн хугацаа дууссанаас хойш дахин бүртгэх боломжгүй гэдгийг анхааруулж байгаа шүү дээ?
-Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдтэй тухайн сургуулиас нь холбогдож, нэгдсэн журмаар бүртгэлийг зохион байгуулж байна. Жишээ нь, хил дагасан бүсэд аав, ээжтэйгээ амьдарч буй 100 гаруй хүүхэд бий. Эдгээр хүүхдэд Хил хамгаалах ерөнхий газраас дэмжлэг үзүүлж, нэгдсэн журмаар бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ мэтчилэн аль болох ахлах ангийнхан, өмнөх оны төгсөгчдийг бүртгэлд хамруулахаар ажиллаж байна.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2420154/ линкээр орж унших боломжтой.
"Өлгийтэй үрээ харах мөч хамгийн сайхан байсан"
Нас нь хэвийхийн хэрээр улам л жижгэрсээр буй намхан жаахан эмээ. Өдгөө 72 насыг шүргэж яваа Ж.Ичинхорлоо гуай залуудаа 90 см өндөр байж. Одоо 69 см өндөр тэрбээр Монголын хамгийн намхан эмэгтэй юм. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул, мянга мянган буурай нарын төлөөлөл болсон түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу та?
-Сайхан хаваржиж байна. Манай нутгаар цас, бороо ороогүй л байна. Хэдийгээр хар өвөл болсон ч урин цаг ирж байна. Сайхан цаг ирэх байлгүй дээ. Эмээ нь одоогоор гэртээ ганцаараа амьдарч байна даа. Ач маань Дархан хот руу яваад ирээгүй байна. Цар тахал гэх айхтар өвчин гараад зээ нартайгаа ч уулзаж чадахгүй юм байна. Тэдэнтэйгээ хааяа л утсаар ярина. Их санах юм.
-Ганцаараа амьдрахад заримдаа хэцүү юу?
-Ач маань надад түлээ бэлдээд өгдөг байсан юм. Дархан яваад ирэлгүй удаж байна. Нүүрс хагалах л их хэцүү юм билээ. Ирж яваа цаг болохоор өдөр бүр нүүрс хагалах шаардлагагүй болж байна. Гэхдээ л заримдаа гэртээ хүйтэн хонох үе бий. Бусад үедээ радиогоо сонсоод, ач зээ нараа ирэхийг нь хүлээсэн шигээ амьдарч байна.
-Таныг хүмүүс Монголын хамгийн намхан эмэгтэй гэх юм. Энэ тухай та хамгийн анх хэзээ сонсч байв?
-Эмээг нь хүмүүс Улаан номонд орсон гэнэ. Хамгийн намхан эмээ гэнэ. Хамгийн намханаар шалгарсан азтай гэдэг юм. Олон зүйл дуулах юм байна шүү дээ. Телевизээс хүмүүс холбогдож “Таныг хамгийн намхан эмээгээр тодруулж байна, хотод хүрээд ирэх үү” гэдэг. Эмээ нь нас хэвийх хэрээр хөл муудаж, сайн алхаж чадахгүй болсон.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2419993/ линкээр орж унших боломжтой.
Б.Эрхэмбаяр: Би авьяаст итгэдэг зохиолч
Зохиолч Б.Эрхэмбаяр “Талд өдөлсөн хун”хэмээх шинэхэн романаа өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“Талд өдөлсөн хун” шинэ романаа уншигчдад хүргээд удаагүй байна. Энэхүү бүтээл ямар онцлогтой болов, хэдий хугацаанд бүтээсэн бэ?
-Гурван жилийн өмнө балетчин, бүжигчний амьдралын тухай ном бичих санаа төрсөн. Балетчины тухай эхний хэсгээ бичээд нилээд цэгцэрсэн байсан ч нэг л дутуу санагдаад хэсэг завсарласан. Өнгөрсөн 11 сард Торгууд биелээч нэгэн настай эмэгтэйн бичлэгийг санаадгүй үзээд, дэлхийд олон зууны турш хөгжсөн сонгодог балетын урлагийг монголчууд ганцхан жарны дотор гарамгай эзэмшсэний нууц нь энэхүү язгуур урлагтай холбоотой юм байна гэж бодогдсон. Үүнээс санаа авч, Ховд аймгийн Булган сумаар нутагтай торгууд түмний бий биелгээний гайхамшигт нууцыг номынхоо тэргүүн бүлэг болох “Алтайд өргөсөн цацал” нэртэйгээр бичсэн. Харин сүүлийн бүлэг буюу “Хунгийн даль хугарах учиргүй” хэмээх бүлэг нь балетчин бүсгүйн тухай юм. Монголын тал нутагт өдөлсөн хун мэт балетчин бүсгүй, өд жигүүр нь гүйцсэн хун адил гайхамшигт биелээч Торгуудын гүнж хоёрын дотоод сэтгэл, хайр дурлал хийгээд зөн билэг, хувь тавилангийн тухай энэхүү номд өгүүлсэн. Уншигчдаас ирсэн эхний сэтгэгдлүүдээс харахад бүжгийн урлаг, торгуудын ёс заншил түүх уламжлал, Булган голын хөндийг их бодитой уран сайхнаар дүрсэлсэн байна. Та их ул суурьтай судалгаа хийсэн байна гэж хэлж байсан. Миний хувьд зохиол бичихдээ судалгаанд нэг их анхаардаггүй цэвэр зохиолч хүний мэдрэмж, зөн совиндоо итгэж туурвидаг. “Талд өдөлсөн хун” ном бичих явцад энэ бүтээл бол багагүй хугацаанд дуншиж, жамаараа төрсөн уран бүтээл гэдгийг сануулсан онцгой тохиолууд надад олон тохиолдсон.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2420508/ линкээр орж унших боломжтой.
Холбоотой мэдээ