АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн даалгаврыг гүйцэтгэгч болж хувирав

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн даалгаврыг гүйцэтгэгч болж хувирав

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн даалгаврыг гүйцэтгэгч болж хувирав

Бүрэн эрхээ хэрэгжүүлээд бараг бүтэн жил болох гэж байж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр л (2021.04.08) нойрноосоо сэрэв үү гэлтэй Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг чөлөөлөх ёстой гэх шаардлагыг эрх баригч намд тавив.

УИХ-ын гишүүн Н.Ганибал бүр хадуурч, Д.Одбаярыг Цэцийн гишүүн хийж байгааг хурал хаяж гарснаар нь саяхан мэдлээ гэж “залав”.

Үнэндээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг жил шахам Цэцийн асуудлаар дүлий дүмбэ царайлж сууснаа гэнэт л "өгзөг" Д.Одбаяраар улстөржиж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн хориг УИХ дээр унангуут сөргүүлээд хийж буй шантааж л юм. Учир нь УИХ өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилсон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ш.Цогтоог чөлөөлсөн нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж байна хэмээн хориг тавьсан юм.

УИХ уг хоригийг өчигдөр хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” хэмээн олонхиороо шийдвэрлэсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдийг өмнөөсөө дуугаргахаас аргагүйд хүргэсэн нь энэ бололтой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нараас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хийсэн улс төрийн шийдвэр” гэж мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан намыг дэмждэг хүнийг явуулчихдаг, өөр шийдвэр гаргадаг хүнийг үлдээчихдэг нь эрх тэгш байдалтай нийцдэг юм уу” гэж байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийг гайхашруулж байна.  Учир нь, Цэцэд хууль хэрэгжүүлдэг хүн ажиллах ёстой болохоос биш намыг төлөөлсөн хүн байх ёсгүй. Энэ утгаараа УИХ Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилсон нь харин ч зөв болж таарч буй.

Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цэц нь есөн гишүүнээс бүрдэх бөгөөд гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын дээд шүүхээс санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог.

УИХ Д.Солонго, Ш.Цогтоо нарыг 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд Цэцийн гишүүнээр томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй болсон байсан гэсэн үг юм.

УИХ-ын хувьд дээрх Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг тухай бүрт нь сануулж, шинэ хүн нэр дэвшүүлэхийг санал болгож байсан ч асуудал шийдэгдэлгүй, ийнхүү жил тойрсны эцэст Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхэлсний дараа орж ирсэн нь энэ.

Харин олонхийн бүлэг Ерөнхийлөгч болон цөөнхийн бүлгээс хамааралтай ажиллаж байсан Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын өгзөгний дуулианыг сөхөж, нэг гишүүнийг сугалах улс төрөө эхлүүлэв үү гэж харж болохоор байгаа юм.

Цаад зорилго нь Цэц дээр гацаад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юү, эрхгүй юү гэдэг маргааныг хагалахад нэг ч гэсэн өөрийн хүний төлөөллөө Цэц дээр авч үлдэх нь төрийн тэргүүний зорилго тул өөрөө ч давхиж очих билүү, эцэстээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээр ч улс төр хийлгэх бил үү, янз бүрийн л оролдлого хийж байна. Гэхдээ улс төр нь үнэнд гүйцэгдэж унасаар…

Нөгөөтэйгүүр, УИХ өгзөгний дуулианд нэр холбогдсон Д.Одбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, Цэцийн гишүүнээс нь чөлөөлөхгүй бол даргаас нь буулгаснаар асуудал намжина гэж бодож буй бол том эндүүрэл.

Хэрэв өөрөө сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахгүй гүрийж байгаа бол хүчлээд ч болов өргөдлийг нь бичүүлдэг аргадаа МАН-ынхан уг нь мэргэшсэн. Гэтэл өдий болтол шахалт үзүүлсэнгүй, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс хэн нь ч түүнийг чөлөөлөх асуудлыг хөндөлгүй өнөөг хүргэсэн нь Цэцийг цэвэр хүмүүсээр бүрдүүлнэ гэх яриа нь итгэл төрүүлэхгүй байгаа юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж