Шог зураач А.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Зураач хүний сэтгэл зүй бүтээлээсээ хамаарч байнга хувьсан өөрчлөгддөг байх. Таны хувьд мэдрэмж гэж юу вэ?
-Нийгэмд болох, болохгүй олон зүйл гарч байхад тэдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд соён гэгээрүүлэх үүрэг урлагийн салбарынханд, тэр дундаа шог зураач бидэнд ногддог. Урлаг хүнийг хүмүүжүүлж, сэтгэхүйн хүрээг нь тэлдэг шиг санагддаг. Шог зургаар илэрхийлэх зайлшгүй шаардлагатай зүйлийн өрнөл гэж байна. Улс төр, нийгмийн харилцаанд гарч байгаа ёс суртахууны доройтлыг ард иргэд мэддэг атлаа хүлцэнгүй байсаар л байгаа нь эмгэнэл. Тиймээс би энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хүүхэд байхаас нь хүмүүжүүлэх, урлагаар дамжуулж бүтээлч сэтгэлгээг нь нээхийг зорин ажиллаж байна. Энэ нь нэг талаар намайг өөрийгөө сорих төрөл бүрийн сэтгэл хөдлөлд автуулж, мэдрэмж, тархиараа хүүхэд шиг сэтгэж, комик номын төсөл дээр ажиллах үүдийг нээсэн. Шог зургийн илэрхийлэл арвин баялаг. Мэдрэмж бол бүтээл урлахаас төрөн гарах хүртэл сэтгэлээс гарч байгаа илэрхийлэмж гэж хэлж болно. Монгол ардын уламжлалт сэтгэхүйд шүүмжийг хошигнон өгдөг жишиг бий. Ард олон ч бас хүлээж аваад сурчихсан. Харин орчин цагт хүн өөрөөсөө бурууг хайх хүсэлгүй болсон байна. Хошигнол гэдэг нэг талаараа хүн инээлгэж байгаа ч цаад талаараа сэхээрүүлж буй урлагийн агуу төрөл. Тэр утгаараа урлагийн энэ төрөлд зүтгэж буйдаа талархаж явдаг.
-Комик төрлөөр хүүхдийг хүмүүжүүлье гэдэг санааг хэрхэн гаргав?
-Цар тахлын үед хөл хорионд орж чөлөөт уран бүтээлч болоод ач, зээ нартайгаа цагийг өнгөрүүлж байна. Хөл хорионы үеэр сарын хугацаанд бэлэн болсон бүтээлээ хэвлэгдэхийг хүлээж сууна. Санаагаа хүүхдийн сэтгэхүйгээр буулгана гэдэг авьяас шаардсан ажил. Ач, зээ нараасаа үлгэрлээд, дунд нь өөрөө хүүхэд болж байж тэдэнд хүрэх зохиолыг туурвина. Нийгэмд болохгүй зүйлс олон байгаад хүмүүс хүлцэнгүй хандаж, нэг их шагшиж гайхаад өнгөрдөг тогтолцоо манай улсад тогтсон байна. Үүнийг хүүхэд наснаас нь ойлгуулж байх хэрэгтэй. Хүүхдүүдээ чөлөөт цагаа дэлгэцийн ард тоглож өнгөрүүлж байгааг хараад харамсдаг. Орчин цагт хүүхдүүдийн дунд амьд харилцааны доголдол үүссэнийг илүүтэй анзаарсан. Тиймээс 1990 онд гаргасан хүүхдийн комик сэтгүүлийг сэргээх чиглэлээр цуврал зураг зурж байна. Хүүхдийн анхны комик гэж хэлж болохоор “Мөөжий, Жөөжөө хоёр” маань 90-ээд онд алдартай байсан. “Оюунтүлхүүр” сэтгүүлээс уламжилж, зах зээлд шилжих үед 20 мянган хүүхдэд хүргэдэг “Соно” гэдэг сэтгүүл гаргах ажилтай зэрэгцээд шуугиулж байлаа шүү дээ. Түүнээс хойш хэсэг хугацаанд би нийгмийн бусад салбар, улс төрийн аж байдлын тухай нөхөрсөг шог зургаар дагнасан. Эргээд дурсахад түүх шиг санагдаж байна. Ер нь зургийн илэрхийлэмжээр үлгэрийг товчхон өгүүлэмжээр хүргэх нь их сайхан ажил. Мөн миний бие одоо “Би чадна” гэдэг хүүхдийн контент дээр зургийн багшаар ажиллаж байна. Үүний дагуу хүүхдүүдэд зураг зурах арга барилаас гадна урлагийг ойлгуулах аян замд мордож байна. Мөөжий, Жөөжөөгийн адал явдлаар, хөдөө амьдардаг монгол хүүхдүүдийн дүрээр үлгэрийг бүтээсэн. Тэр хоёрыг явж байхад харь гаригийн онгоц шиг нэг жижиг зүйл биет буулгаж орхидог хэсгээр үлгэр эхэлдэг. Сувдан гаригаас ирсэн тэр биет нь ногоон динозавр шиг амьтан. Урьд өмнө нь хөдөө ирж үзэж байгаагүй бөгөөд нүүдэлчин ардын ахуй соёлтой танилцаж байгаагаар адал явдал цааш өрнөнө. Их хөөрхөн зохиомжтой. Нэрийг нь “Жигмид, Тогмид хоёр”-оос улбаалж өгсөн юм. Хүүхдийн сонирхлыг татахад амархан гэж бодсон.
-Цувралаар ямар сэдвийг сонгон авч, шог зургийн илэрхийлэмжээр хүүрнэж байна вэ?
-Комикын дүрүүд маань хулгайн анчдыг зогсоож, ховор ан амьтдыг авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэнэ. Ном маань хараахан хэвлэгдээгүй байгаа ч загварын нэг номоо харахаар л сэтгэл өөрийн эрхгүй догдолж байна. “Би чадна” хүүхдийн зургийн их наадам дээр хүүхдүүд ямар их авьяастайг, хүүхдэд зориулсан бүтээл олон байдгийг анзаарсан. Гэхдээ монгол ахуй соёлыг сэргээн санах, хадгалах үүрэг оролцооны хувьд тэдгээр бүх ном зохиол хангалттай биш. Одоогоор бидний бүтээж байгаа комикийн зургаан цуврал хэвлэгдэхээр товлогдсон байна. Мөн зөвхөн үлгэрийн утга санаанаас гадна номын ар талд сэтгэхүй хөгжүүлэх хэсэгтэй дахин нэг ном гарч ирнэ. Дүрсээр урлан бүтээх арга зүйг мөн эзэмшүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна бөхөн, мазаалай, тахь зэрэг ховор өмч болсон нэн ховордсон ан амьтдыг хайрлан хамгаалах ухаанд сургахыг хичээж байна. Түүнээс биш сурах арга барилыг сургууль олгочихдог болсон. Хүүхдэд хүмүүжлийн талын ном зохиол л өнөө цагт хамгийн хэрэгцээтэй байна. Зураг зурах хичээл маш сонирхолтой. Уншаад сурчихсан хүүхдүүд уншиж, зурах боломжтой. Үлгэрээр тархи хөгжүүлэх арга зөвхөн Монголд байдаг. Улс орны ирээдүй хойч болсон үр хүүхдэд үлдээж байгаа миний оюуны өвийн хөрөнгө оруулалт бол энэ комик. Ном зохиол үеийн үед үлдэх ёстой. Өдий насанд сурч мэдсэн зүйлээ үлдээх ёстой болдгийг сайн ойлгож байна. Хүн ач, зээтэй болоод ирэхээр хүүхдэд илүү ач холбогдол өгдөг юм шиг надад санагддаг.
-Шог зураачийн хувьд энийг зурчихвал яах бол гэсэн айдас байдаг уу?
-Улс төрийн шог зураач дуугүй сууж айна гэдэг бол гутамшиг. Энэ мэргэжил бол аливааг сэрдхийтэл хүний сэтгэлд хүртэл зурах шаардлагатай. Улс төрийн төрөл жанр бол их ээдрээтэй. Хүнийг шоглож зурлаа гэхэд санал, шүүмж их ирнэ. Гэхдээ зориг дутаж байсан үе байхгүй. Монгол Улсын хүн амын нэг хэсэг нь тэрбумтан, нөгөө хэсэг нь асар ядуугийн тавилан дунд амьдарч байгаа нь үнэн. Улс төрчид өөрсдөдөө тохирсон хууль баталж, хэт баяжиж сагсуурч, худал луйврын аргаар төрд гарч ирэхээр хошуурч байгаа явдлыг шүүмжлэх хэрэгтэй. Би шүүмжилсээр ч байх болно. Харин миний дараа хэн түүнийг хэлж, илэрхийлж чадах вэ гэдэг нь асуудал. Хүн бүхэн сайхан амьдрах юмсан, шударга байх юмсан гэж боддог. Гэтэл өнөөдөр хүмүүс албан тушаал, хурдан баяжих арга хайх л хандлагатай болсон байна. Улс орон бол бүтээлч сэтгэлгээ, хандлага дээр хөгждөг.
-Монгол шог зураачдад дэлхийд өрсөлдөх зах зээл бий гэж боддог уу?
-Бусад улс орны шог зураачтай харьцуулахад манай зураачид яг тэнцүү ур чадвартай. Нийгмийн амьдралд ээдрээ үүсэх бүрт хүмүүс урлагаар дамжуулж үнэнийг хүлээн авах сонирхол их байна. Дотоодын зах зээл бол харьцангуй хаалттай. Шаардлага, захиалга гарвал мэдээж зурна. Гэхдээ өөрийн мөн чанараар зурна гэдэг хэцүү. Хүн өөртөө алдаа, дутагдал тохож, хариуцлага тооцоход хүлээн зөвшөөрдөггүй. Суурь хүмүүжилд нь тийм зан төлвийг эзэмшүүлээгүй учраас. Үүнээс гадна боловсрол олгож буй сурах бичиг. Сурах бичигийг гаргах үүргийг хэвлэх үйлдвэрүүдэд өгчихдөг. Энэ маш буруу. Хэвлэх үйлдвэр зохиох боломжгүй. Боловсролын яамны дэргэд байсан редакцыг унагасан. Үүнээс болж жил бүр хүмүүс хөлслөн сайн дураар бүтээсэн муу номууд олноор хэвлэгдэн гарч байна. Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг шинэчлэгдэж байна. Хор хохирол нь маш эрсдэлтэй. Боловсролын салбараас гарч буй шийдлүүдэд шүүмжлэлтэй хандах зүйлс олон байна. Нас насанд нь тохирсон, сонирхолд нь тулгуурлаж боловсрол олгох хэрэгтэй.
-Өнөөгийн нийгэмд ямар асуудалд та сэтгэлээ чилээж явна вэ?
-Уламжлалт хүмүүжүүлэх ухаанд үлгэрээр хүүхдийг хүмүүжүүлэх арга байсан. Яг үүнтэй ижил орчин цагт комик төрөл сэргэж байна. Монголтой ижил үлгэрээр хүмүүжүүлдэг орон дэлхийн хаана ч байхгүй. Намайг жаахан байх үед нутгийн нэг үлгэрч эмээ хүүхдүүдийг тойруулж суулгаж байгаад хэдэн цаг үлгэр ярьж өгдөг байсан. Тэр үед ямар агуу аргаар хүмүүжүүлж байсан нь тодхон. Гэтэл өнөөдөр хүүхдүүд гар утастай нөхөрлөж байна. Дэлгэц асаагаад л цахим тоглоом. Сошиал медиа бол мэдээллийн асар уудам орон зай. Ном уншаад сууж байгаа хүүхдийг харахаар хайр хүрдэг. Шатар тоглож буйтай ижил ухаан тэлэх хүчтэй. Харилцааны хувьд, сэтгэлгээний хувьд нийгэмд стресс их байна. Хүн гэдэг чинь хайрлаж, хайрлуулж байж сэргэдэг амьтан. Орчин цагт хүүхдүүдийн бие өсөхөөс ухаан нь хөгжихгүй байна. Эхээс дөнгөж төрсөн хүүхэд бол цав цагаан цаас. Түүнийг хүмүүжүүлж байгаа ойр хавийн хүмүүс л сараачиж, буруу үлгэрлэж байгаад харамсаж явдаг. Заах арга барил гэдэг маш чухал. Өөр шиг нь сэтгэж байж юу заах нь зөв гэдгийг мэддэг болсон үе шүү дээ. Багш хүн үлгэрлэгч байх хэрэгтэй. Би өөрийгөө тэгж тодорхойлохгүй ч өөрийн хэмжээнд хичээж явна. Бид сургалтын төв байгуулж, үзэсгэлэн гаргаж, 10 гаруй хичээл орж, өөртөө итгэлгүй хүүхдийг зурахад нь урам зориг олгож байна. Тэгэхэд анзаарсан нэг чухал зүйл нь хүүхдэд урам зориг өгөх, боддог, бүтээдэг сэтгэлгээг төлөвшүүлэх нь чухал. Зураггүй амьдрал надад төсөөлөгддөггүй. Залуу уран бүтээлч туулах ёстой зүйлээ л туулж хүрэх ёстой, хүртэх зүйлсээ тухайн цагтаа авна. Өөрөө хүн болсны дараа л уран бүтээлч болно. Сэтгэлийн урлагийг илэрхийлэхэд хэцүү. Алдар нэр, мөнгөнд бүү яар. Хүний нас богинохон хэдий ч боломж арвин байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ