Ертөнцийн тав дахь суурь хүч байна гэсэн нотолгоо олдов

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Ертөнцийн тав дахь суурь хүч байна гэсэн нотолгоо олдов

Ертөнцийн тав дахь суурь хүч байна гэсэн нотолгоо олдов

Бидний өдөр тутмын амьдралд хөргөгчний хаалган дээр наадаг соронзоос эхлээд гараа угаадаг угаалтуур хүртэлх бүх зүйл ертөнцийн хүч, физикийн хуульд захирагддаг билээ. Тэдгээр бүх ертөнцийн хүчийг ерөнхийд нь татах хүч, цахилгаанжилт, чанга, сул хүч хэмээн дөрөв хураан ойлгож болдог.

Өдгөө физикчид ертөнцөд хүн төрөлхтний хараахан нээн илрүүлж амжаагүй тав дахь суурь хүч байдгийн нотолгоо олсноо зарлажээ. Тэгэхдээ эрдэмтэд Чикагогийн ойролцоох лабораторид туршилт хийн, тус баталгаагаа олсон аж.

Ертөнцийн үндсэн суурь дөрвөн хүчний нөлөөгөөр огторгуй ертөнцийн бүх биет хоорондоо хэрхэн харилцахыг шийддэг билээ. ИБУИНВУ-ын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл “Туршилтын үр дүнд ертөнцөд хүн төрөлхтний нээн илрүүлж амжаагүй суурь хүч, дэд атомын бөөмсийн харилцан үйлчлэл бий гэдгийн хүчтэй нотолгоо олдлоо. Гэхдээ энэ нь одоохондоо шинэ нээлт гэхэд эрт байна” хэмээн мэдэгдсэн байна.

Туршилтыг удирдан зохион байгуулсан профессор Марк Ланкастер “Муонуудс (одоогоор мэдэгдэж буй хамгийн жижиг, цаашид дахин задрахгүй биетүүдийн нэг)-ын харилцан үйлчлэл өдгөө дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн стандарт загварын онолтой нийцэхгүй байгаа нь анзаарагдсан” гэжээ. Харин Манчестерийн их сургуулийн судлаач “Үүнээс харахад бидний өмнө хүн төрөлхтний хэзээ ч олж анзаараагүй суурь хүч, маш том нээлт хүлээж байгаагийн баталгаа юм” хэмээн ярьжээ.

Хорвоо ертөнцийг бүрдүүлэгч атомоос ч жижиг хэсгүүд олон. Тэдгээр дэд атомуудын зарим нь цааш улам жижиг хэсгүүдэд задардаг бол зарим нь цааш дахин задрахгүй суурь хэсгүүд болдог. Муон гэдэг нь тэдгээр суурь хэсгүүдийн нэг юм. Муон электронтой төстэй хэдий ч массын хувьд 200 гаруй дахин их байдаг аж.

Туршилтыг хийхдээ эрдэмтэд 14 метрийн цагариг дотор муонуудыг тарааж, соронзон орноор үйлчилжээ. Одоогийн баримталж буй стандарт загварын дагуу тэдгээр дэд атомууд соронзон орны нөлөөнд ормогцоо тогтмол хурдаар чичрэх ёстой. Гэтэл түүний оронд муонууд санаснаас хэтэрхий хурдан чичирч байв. Эрдэмтэд үүнийг өмнө нь огт мэдэгдэж байгаагүй шинэ хүчний нөлөө байж магадгүй хэмээн дүгнэсэн байна.

Гэвч одоохондоо тус болзошгүй шинэ хүч муонуудаас бусад зүйлд чухам хэрхэн үйлчилдгийг хэн ч мэдэхгүй байна. Түүнээс гадна зарим эрдэмтэд дээрх туршилтын үр дүнг мэдэгдээгүй суурь хүч биш, илрүүлж амжаагүй өөр дэд атомтой холбоотой хэмээн үзэцгээж байгаа аж.

Хүн бүрд хэдийн танил болсон таталцал болон цахилгаан соронзон хүчнүүдийг бодвол чанга, сул хүчнүүд нь дэд атомуудын харилцан үйлчлэлийг зохицуулдаг суурь хүчнүүд юм. Харин тав дахь болзошгүй суурь хүч сүүлийн хэдэн арван жил эрдэмтдийн толгойг гашилгаж буй зарим асуултуудад хариулт болж магадгүй юм. Жишээлбэл, орчлон ертөнц эрс хурдтай тэлж байгааг ихэнх эрдэмтэд нууцлаг хар энергитэй холбон тайлбарладаг ч зарим судлаачид үүнийг ертөнцийн тав дахь хүчтэй холбоотой байж магадгүй хэмээн үздэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж