Covid-19-өөр нас барсан хүмүүсийн асуудлаар Хүний эрхийн комиссоос Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ. Тодруулбал, нас баралт нэмэгдэж байгаа тул нас барсан хүмүүс, тэдний гэр бүлийн эрхэм байдал, хүний эрх, хүсэл зоригийг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаас Эрүүл мэндийн сайд С.Энхболдод 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 3/09 тоот зөвлөмж хүргүүлсэн байна.
Уг зөвлөмжид
- Covid-19-өөр нас барсан хүмүүсийн цогцсыг хадгалах,
- Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх,
- Оршуулах асуудлыг тусгайлан зохицуулах,
- Нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх,
- Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулахын зэрэгцээ салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэх,
- Цогцос хадгалах, оршуулахад шаардагдах байгууламж, хэрэгслийн нөөцөд хяналт тавих, бүрдүүлэх,
- Нас барсан хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах хувцас, хэрэглэлээр бүрэн хангах;
- Хорих анги, асрамжийн газруудад эрсдэлийг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг тусгасан байна.
Эх сурвалж: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС