Монголын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн хурлаар батлагдсан шийдвэрээр Монголын үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Масэ Шүичи томилогдсон. Тэрбээр 2023 он хүртэл “Талын хөх чононууд”-ыг удирдана.
МАСЭ ШҮИЧИ ГЭЖ ХЭН БЭ?
Масэ Шүичи нь 1973 онд төрсөн, өдгөө 47 настай, Японы Ёккаичи хотоос гаралтай хөлбөмбөгийн тамирчин, дасгалжуулагч аж. Тэрбээр Японы спортын шинжлэх ухааны их сургуулийг 1995 онд төгсөөд, Өмнөд, Төв Америкийн хөлбөмбөгийн лигүүдэд тоглож, тамирчны замналынхаа сүүлийн жилүүдийг Хорватын лигт өнгөрүүлсэн довтлогч юм байна.
Тамирчны замналаа өндөрлүүлснийхээ дараа Масэ Шүичи Япондоо эргэн ирж, ЖЕФ Юнайтед Чиба багийн ахлах дасгалжуулагч Ивица Осим болон түүний хүү Амар Осим нарын орчуулагчаар ажиллаж эхэлжээ. Харин 2007 онд дасгалжуулагч болсноосоо хойш нутгийнхаа Фагиано Окаяама, Токио Верди, Блаублитз Акита, Эхиме зэрэг клубуудыг удирдсан байна.
Дасгалжуулагчийн хувиар гаргасан түүний амжилтыг танилцуулбал:
- Блаублитз Акита багийг 2015-2016 оны хооронд 66 тоглолтод удирдан, 26 удаа ялж, 17 удаа тэнцэж, 23 удаа ялагджээ. Хожлын хувь нь 39.39%.
- Эхиме багийг 2017-2018 оны хооронд 56 тоглолтод удирдан, 16 удаа ялж, 13 удаа тэнцэж, 27 удаа ялагджээ. Хожлын хувь нь 28.57%.
- Блаублитз Акита багт дахин эргэн ирж, 2018-2019 оны хооронд 50 тоглолтод удирдан, 19 удаа ялж, 14 удаа тэнцэж, 17 удаа ялагджээ. Хожлын хувь нь 38%.