Э.Бат-Үүлийн нэрлэсэн баатруудад БАЯРЛА!

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийн нэрлэсэн баатруудад БАЯРЛА!

Э.Бат-Үүлийн нэрлэсэн баатруудад БАЯРЛА!

Дүнжингарав дээрх “ТЭСО”-гийнхны цугларалтаас үг хэлэх эрхгүйгээр хөөгдсөн Э.Бат-Үүл АН-ын шинэ даргаар М.Тулгатыг батламжлах ёслол дээр ингэж хэлжээ. “Монголыг Зөвлөлтийн колончлолоос чөлөөлж, коммунистуудын дарангуйлал хядлагаас ангижруулсан, иргэддээ эрх, эрх чөлөө олгосон Ардчилсан намын гишүүдийг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гэж яваад хилсээр шоронд сууж, үзэл санааны хоригдол болсон М.Энхсайхан, Д.Ганболд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ” гэж.

Түүний үг Ардын намынханд, аа бас Ц.Тувааны АН-ынханд таалагдсангүй, мэдээнийх нь доорх сэтгэгдлүүд нь “ал, цаазал, хорь, дүүжил, бууд”.  Э.Бат-Үүлийг сошиалд хараах, харлуулах, гүтгэх доромжлох эрх чөлөөг Монголд авчралцсан хүний нэг нь тэр өөрөө.

С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан. Өнөөдөр 300 мянган төгрөг дансандаа авахаар баярлаж байгаа, цахилгаан дулааныхаа төлбөрийг найман сар “Эрдэнэт”-ээр төлүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд уг нь ардчилагчдад баярлалаа гэж хэлэх ёстой юм.

Ардчилсан хувьсгал ялсан учраас Монголд эдийн засгийн эрх чөлөө нээгдсэн. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн учраас Оюутолгой төслийг хөдөлгөсөн. Оюутолгой төсөл хөдөлсөн учраас улсад татвар орж ирсэн. Улсад татвар орж ирсэн учраас иргэдэд мөнгө тараасан.

Ардчилсан хувьсгал ялсан учраас монголчууд Оростой эн тэнцүү наймаа ярьсан. Эн тэнцүү наймааны ачаар “Эрдэнэт” зуун хувь Монголынх болсон. “Эрдэнэт” зуун хувь Монголынх болсон учраас иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан дулааны мөнгийг төр даахаар болсон. Ийм л юм, учир шалтгаан нь.

ОФФШОРООС БИШ ОЮУТОЛГОЙГООС…!

Оюутолгойгоос орж ирсэн татварын мөнгөнөөс Засгийн газар 3.3 сая иргэн бүртээ 300 мянган төгрөг өгөхөөр болжээ. Үүний араас Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр нэг сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.

Өмнө нь өрх бүрт нэг сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгөх Ерөнхийлөгчийн санаачлага энэ удаад “сар болгон” болж өөрчлөгдөв. Гэвч Ерөнхийлөгчийн яриад байгаа оффшор данснаас нэг ч ам.доллар Монголбанкны дансанд орж ирээгүй болохыг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хариуцлагатайгаар мэдэгдэж байв. Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлээр гараад байгаа Сингапур дахь өөрийн хамаарал бүхий оффшор данснаасаа мөнгө оруулж ирээгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн саналдаа дурдсанчлан оффшор бүсээс орж ирсэн мөнгөөр “…Наймдугаар сарыг дуустал өрх бүрд нэг сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих” боломжгүй юм.

Ерөнхийлөгч сонгуулийн шоугаа л хийж байгаа хэрэг. Ерөнхийлөгч нэр дэвшихийн тулд улсаараа туг тахихад ч бэлэн байна, Х.Баттулга.

“Оюутолгой” компани 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг Төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг  шилжүүлсэн байдаг. Хэдий асуудал нь Олон улсын арбиртын шүүх дээр татварын маргаантай байгаа ч Сү.Батболдын Засгийн газрын үед Нидерланд Люксенбург зэрэг орнуудтай байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэн цуцлуулж, Монголын талын 34 хувьд ноогдох зээлийн хүүг 9,9-өөс 6,5 хувь болгон бууруулсны үр дүн.

Хамгийн том талархал хүлээх ёстой хүмүүс бол Оюутолгойн гэрээг баталж, эцэст нь улс төрийн хоригдол болсон С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар. Тэд Оюутолгой төслийг хөдөлгөөгүй, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлээгүй бол юун мөнгө тараах, цалин, тэтгэмжээ цагтаа тавих. Монголын Засгийн газар өдийд хамраараа газар “шаачихсан” байгаа.

Засгийн газрын шийдвэр Ерөнхийлөгчийн хэлээд байгаа өрх бүрт сая төгрөг өгөхөөс хуваарилалт нь шударга, хүртээмж нь тэгш юм. Нэг ам бүлтэй, арван ам бүлтэй ялгаагүй нэг сая төгрөг хуваарилж байснаас иргэн бүртээ 300 мянган төгрөг өгөх нь гадаад, дотоодод амьдардгаасаа үл хамаараад байгалийн баялгаа тэгш хүртэнэ гэсэн үг.

“ЭРДЭНЭТ” 100 ХУВЬ МОНГОЛЫНХ БОЛООГҮЙ БОЛ?

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, дулааны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр ирэх долдугаар сар хүртэл дааж байгаа. Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий “Талх чихэр” компани гэхэд нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр болсон.

Мэдээж сүүлчийн ганц цамцаа урагдтал зүтгэсэн, хүү, дүү хоёртоо эцэг хүний ёсоор тусласан Ц.Нямдоржийн гавьяа биш. Оросын “Роснефть”-д байсан Монголын өмчийг худалдаж авах шийдвэр гаргасан Ч.Сайханбилэгийн засаг, оросуудтай наймаа хийгээд аваад ирсэн О.Орхонд талархцгаах ёстой юм, уг нь.

Гэвч одоо тэд Монголын хамгийн адгийн луйварчин, хулгайч болчихсон. Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж, Д.Эрдэнэбат, Б.Болор нар шоронд ороод гарсан билээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХИЙН ЖИРГЭЭ

Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Мөнх-Очир жиргээндээ С.Баярт талархаад, зөв гэрээ хийж, бид 300 мянгатай боллоо гэж. Одоо даргадаа хандаж, Төрийн ордны гурван давхраас өгсөн захиалгаа "цуцлах" хэрэгтэй. Товчхондоо Э.Бат-Үүлийн хэлснээр гадаад, дотоодын захиалгаар үзэл санааны хохирогч болсон улс төрийн хоригдлуудаа одоо сулла, цагаатга.

Монголыг Зөвлөлтийн колончлолоос чөлөөлж, коммунистуудын дарангуйлал хядлагаас ангижруулсан, иргэддээ эрх, эрх чөлөө олгосон, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулж яваад улс төрийн хоригдлууд болсон баатруудад баярлалаа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
211
ТэнэглэлТэнэглэл
71
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж