Б.Эрхэмбаяр: Би авьяаст итгэдэг зохиолч

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Б.Эрхэмбаяр: Би авьяаст итгэдэг зохиолч

Зохиолч Б.Эрхэмбаяр “Талд өдөлсөн хун”хэмээх шинэхэн романаа өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Талд өдөлсөн хун” шинэ романаа уншигчдад хүргээд удаагүй байна. Энэхүү бүтээл ямар онцлогтой болов, хэдий хугацаанд бүтээсэн бэ?

-Гурван жилийн өмнө балетчин, бүжигчний амьдралын тухай ном бичих санаа төрсөн. Балетчины тухай эхний хэсгээ бичээд нилээд цэгцэрсэн байсан ч нэг л дутуу санагдаад хэсэг завсарласан. Өнгөрсөн 11 сард Торгууд биелээч нэгэн настай эмэгтэйн бичлэгийг санаадгүй үзээд, дэлхийд олон зууны турш хөгжсөн сонгодог балетын урлагийг монголчууд ганцхан жарны дотор гарамгай эзэмшсэний нууц нь энэхүү язгуур урлагтай холбоотой юм байна гэж бодогдсон. Үүнээс санаа авч, Ховд аймгийн Булган сумаар нутагтай торгууд түмний бий биелгээний гайхамшигт нууцыг номынхоо тэргүүн бүлэг болох “Алтайд өргөсөн цацал” нэртэйгээр бичсэн. Харин сүүлийн бүлэг буюу “Хунгийн даль хугарах учиргүй” хэмээх бүлэг нь балетчин бүсгүйн тухай юм. Монголын тал нутагт өдөлсөн хун мэт балетчин бүсгүй, өд жигүүр нь гүйцсэн хун адил гайхамшигт биелээч Торгуудын гүнж хоёрын дотоод сэтгэл, хайр дурлал хийгээд зөн билэг, хувь тавилангийн тухай энэхүү номд өгүүлсэн. Уншигчдаас ирсэн эхний сэтгэгдлүүдээс харахад бүжгийн урлаг, торгуудын ёс заншил түүх уламжлал, Булган голын хөндийг их бодитой уран сайхнаар дүрсэлсэн байна. Та их ул суурьтай судалгаа хийсэн байна гэж хэлж байсан. Миний хувьд зохиол бичихдээ судалгаанд нэг их анхаардаггүй цэвэр зохиолч хүний мэдрэмж, зөн совиндоо итгэж туурвидаг. “Талд өдөлсөн хун” ном бичих явцад энэ бүтээл бол багагүй хугацаанд дуншиж, жамаараа төрсөн уран бүтээл гэдгийг сануулсан онцгой тохиолууд надад олон тохиолдсон.

-“Сүүтэй уулын савдаг” бүтээлээ кино болгохоор ажиллаж байгаа гэсэн. Анх яагаад кино болгохоор шийдэв. Кино төслийн ажилдаа хэрхэн бэлдэж байна вэ?

-Бид уул ухаад сүйтгэчихлээ гэхэд дахин хэзээ ч уул бий болгож чадахгүй шүү дээ. Энэ бол байгалийн хатуу үнэн. “Сүүтэй уулын савдаг” зохиол бол хүн байгалиас эхтэй гэдгийг хотожсон нийгмийн хүмүүст хүргэхийг хүссэн миний дуу хоолой. Үүнийг аль болох олон хүнд хүргэж, байгаль дэлхийгээ хайрладаг болоосой гэсэн үүднээс кино болгохоор шийдсэн. Кино төслийн ажил хөл хорионоос болж мэдээж саатаж байна. Энэ хавраас эхний зургууд авагдах байсан ч төлөвлөгөөний дагуу явж чадсангүй.

-Зарим хүмүүс уран бүтээлийг өөрийгөө илэрхийлэх, хүнд таашаал өгөх гэж сэтгэлийнхээ дуудлагаар бичдэг гэдэг. Та ямар зорилгоор уран зохиол бичдэг вэ?

-Би өөрийгөө илэрхийлэх гэж уран зохиол бичдэг. Миний хүн болж төрсний утга учир уран бүтээлээ хүмүүст хүргэх, соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах юм.

-Зохиол бичихэд боловсрол, мэдлэг, хөдөлмөр илүү чухал болсон гэдэг. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Хүн болгоны бодол өөр л дөө. Би бол авьяасанд итгэдэг. Зохиолч хүнд төрөлхийн өгөгдөл байж тэр нь урган гарч зохиол бүтээл болж амилдаг. Үүндээ ч хатуу итгэлтэй байдаг. Мэдээж боловсрол, мэдлэгийн хүрээ өргөн байх, хөдөлмөрлөхтэй санал нийлнэ. Хичнээн авьяас байгаад хөдөлмөрлөхгүй бол авьяас зэвэрдэг шүү дээ. Харин номоо олонд хүргэхийн тулд мэдрэмж, маркетинг сүүлийн үед хэрэгтэй болж байх шиг байна.

-Эдийн засагч хэмээх ажлынхаа хажуугаар зохиол бичдэг. Эдийн засагч, зохиолч гэдэг энэ хоёр ажил таны амьдралд хэд хэдэн хувьтай байдаг вэ?

-Сэтгэл зүрхнээс уяатай нь бол мэдээж зохиол бүтээл. Ном бүтээнэ гэдэг хүүхэд төрүүлэхтэй адилхан мэдрэмж байдаг. Эмэгтэй хүнээр төсөөлвөл нэг номын санаа олчихлоо гэдэг нь жирэмсэн болчихлоо гэсэн үг (инээв). Тэгээд үр хүүхдээ хайрлан, бойжуулж төрүүлээд, цаашид ч гэсэн үхэн үхтэлээ санаа тавина гэсэн үг. Миний хувь хүний дотоод ертөнцийг илүү илэрхийлэх, мэдрэмжийг маань гадагшлуулдаг зүйл бол зохиол бүтээл. Банк, санхүүгийн салбарт олон жил карьер хийж явлаа. Тодорхой хэмжээгээр амжилтад хүрсэн. Тиймээс ч мэргэжилдээ хайртай, хүндэтгэж явдаг. Аль алийг нь хослуулаад явж байгаадаа өөрийгөө азтай гэж боддог.

-Бичсэн номоо зарж бусдад уншуулна гэдэг мэдээж амаргүй. Таны бүтээлээ хүмүүст хүргэдэг маркетинг юу вэ? Төсөөлөө ч үгүй байхад ирсэн амжилтууд байдаг уу?

-Одоогоос 10-аад жилийн өмнө намайг анх номоо хэвлүүлж байхад сошиал хэрэглэдэг хүмүүс харьцангуй бага, зохиолчдын олонх номоо номын дэлгүүрт л тавьдаг байсан. Маркетинг хийх гэхээс илүүтэйгээр би бүтээлээ олонд таниулах хүргэх, гэхдээ нийгмийн сүлжээгээр тавьсан нь нилээн шинэлэг зүйл болсон. Мөн блог хөтөлсөн нь уншигчдын маань суурийг тавьсан гэж боддог. “Тасдаж үл болно сарнай” анхны номоо бестселлер болно гэж бодоогүй. Энэ ном маань, бас “Алганы хээ” роман "Интер ном" дэлгүүрийн бестселлерт гурван жилийн турш багтсаар байсан. Тэр бол миний хувьд төсөөлөөгүй амжилт. Зохиолч, уран бүтээлч хүн хувь заяаны одтойгоо төрдөг гэдэгт би итгэдэг. Анхны бүтээлээс хойш миний зохиолын цараа, бичлэгийн хэлбэр, сэтгэлгээ их өөрчлөгдсөн. Жинхэнэ цараатай бичдэг зохиолчийн хэмжээнд хүрэхээр зорьж явна. Сүүлийн үед сошиалыг идэвхтэй ашиглахгүй байгаа. Учир нь сөрөг мэдээлэл, хэрүүл тэмцлийн чанартай, хэнд ч хэрэггүй зүйлсээр дүүрэн болжээ. Бүтээлүүдээрээ уншигчдад тодорхой хэмжээгээр танигдсан болохоор үнэнч уншигчиддаа баярлаж явдаг.

-Уран зохиолын хүрээнийхэн, хэсэг бүлэг эмэгтэй зохиолчдыг зарим хүмүүс шүүмжилдэг. Таны нэр ч орсон байдаг. Энэхүү шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Гарсан шүүмжлэлүүд нь миний номыг задалж бичсэн бус, хувь хүн тал руу бүдүүлгээр дайрсан байсан. Уран бүтээл, номд шүүмж байхыг би үгүйсгэхгүй, номыг минь задалж бичсэн байвал харин ч баярлана. Эмэгтэй зохиолчид гэж бүлэг үүсгээд, биднийг шүүмжилдэгт би харамсдаг. Тэр дотор өөр өөр чиглэлтэй, ур чадварын хувьд ч өөр хүмүүс байгаа. “Сүүтэй уулын савдаг” номыг маань уран бүтээлчийнхээ байр суурийг ахиулсан, түвшин ахисан бүтээл болж хэмээн үзэг нэгт зохиолчид, уншигчид маань үнэлсэнд би баярладаг. Даанч үнэн бөгөөд эерэг шүүмжийг хүмүүс тоож харахыг хүсдэггүй бололтой.

-Цаашдын уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс сонирхуулахгүй юу?

-Миний хувьд уран бүтээлээ төлөвлөдөггүй. Буянаараа болно гэдэг шиг л тухайн үедээ л орж ирдэг. Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм, улс төрийн орчин хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлэх болсон. Би санхүүч мэргэжилтэйн хувьд энэхүү эдийн засгийн уналтын гол шалтгаан нь юу болохыг ул суурьтайгаар уран зохиолд дүрслэх, бодит байдлыг харуулсан нилээн цараатай бүтээл гаргах бодол той байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж