"4.1 их наяд төгрөгийн төсөв дээр ачаалал аван байж арга хэмжээ авсан"

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Live"4.1 их наяд төгрөгийн төсөв дээр ачаалал аван байж арга хэмжээ авсан"

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, April 8, 2021

14 : 17
2021-4-9

У.Хүрэлсүхийн засгийн газрын 5.1 их наядын асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад олон нийт дурамчхан байгаа. Энэ сургалт явагдах хэвээрээ юу. Үүнээс гадна 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн татварын багц хуулийн иргэд олон нийтэд таниулах ажил тааруухан хийгджээ. Ялангуяа бизнес эрхлэгчид мэдээлэл багатай байна. “Нэг өрх-Нэг шинжилгээ”-ний дараа халдварын тархалтыг барьсан мэтээр иргэд олон нийт их тайвширсан. Тиймдээ ч баяр, ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тиймээс 15 хоногийн хөл хорионы дараа ихэнх хүмүүс дөнгөж вакцины эхний тунг хийлгэнэ. Цөөхөн хүмүүс хоёр дахь тунгаа хийлгэнэ. Нийт хүн амынхаа 70 орчим хувийг вакцинжуулсны дараа сүргийн дархлаа тогтдог. Хөл хорионы 15 хоногийг ажил хэрэг болгоосой гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн сүржин нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүгээрээ гурван том асуудлыг зорилт болгосон. Нэгдүгээрт, Covid-19-ийг дотооддоо алдахгүй гэсэн алдсан. Эдийн засгаа хамгаална гэсэн 2020 онд эдийн засаг 5.3 хувиар хасахтай гарсан. Ажлын байраа хамгаална л гэсэн. Гэтэл 400 мянган ажлын байраа алдсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар сайдуудаа суулгаад яг л ийм байдлаар ярьж байсан даа. Өнөөдөр 5.1 их наяд төгрөгийн асуудалд хэн хариуцлага хүлээх юм бэ? Тэр их мөнгө хаачив. Үүнтэй адилхан 10 их наяд төгрөг 2-3 хөтөлбөр хэрэгжүүлсэн болоод замхрах вий.

Сүржин нэртэй төлөвлөгөө ярьж байхаар бодит амьдрал руу ормоор байна. Асуудлуудаа илүү тодорхой яримаар байна. Нэг л их гоё нэртэй хөтөлбөрүүдийн үр дүндээ хүрдэггүй, хариуцах эзэнгүй. Ардын намын гишүүд 300 мянган төгрөгийг уриа лоозон, хэлбэрээр бахархсан баярласан байдлаар ярьцгааж байна. Энэ мөнгө зээл юм. Монголын иргэн бүр 300 мянган төгрөгийн зээл  нэмлээ гэдгийг та бүхэн албан ёсоор хэлчих хэрэгтэй. Оюутолгой компанийн зээлийн бичилтэд Монгол Улс нийтдээ 850 орчим тэрбум төгрөг бий. Арбитрын шүүхийн шийдвэр албан ёсоор гарах хүртэл бид өртэй гэсэн үг. Ард түмнийг хуурч, асуудлыг ярих нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажил гэдэг том тодотгол авна шүү.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Н.Ганибал гишүүн арай л баримжаагүй тоо хэлж байна шүү. 400 мянган ажлын байр алдсан гэж юу яриад байгаа юм бэ. 400 мянган ажлын байр алдвал Монгол Улс өөрөө байхгүй болно шүү дээ. 2020 онд эдийн засаг саарсан хүнд үед 68 мянган ажлын байр алдсан. Хэрэв шаардлагатай арга хэмжээг авахгүй байсан бол дахиад 120 мянган ажлын байр нэмж алдах байсан. Тиймээс эдийн засгаа хамгаалах арга хэмжээнүүдийг аваад явж байна. Үүнийг хариуцах эзэн нь энэ Засгийн газар. Эцсийн үр дүн гарах болоогүй байна. Дөнгөж эхэлж байна. Бодитой үр дүн гарна гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа. 2-3 сард төсвийн гүйцэтгэлийг орлого талаас нь харахад 90 хувьтай гарлаа. Зээлжих зэрэглэл сайжирсан. Бидний тооцоолж байснаас илүү сайн үр дүн гарч эхэлсэн. Гадаад нөхцөл байдал ч таатай байх төлөвтэй байна. Энэ бол Засгийн газар бодлогын залгамж шинж чанар бодитой үр дүн өгч байгаа гэдгийг олон улсын стандарт үнэлгээгээр дүгнэсэн. Тиймээс буруу тоо баримт ярих шаардлагагүй. Иргэн бүрт тараах 300 мянган төгрөгийг өр гэж ярьж байна. Энэ бол өр биш. Үүнд сандраад хэрэггүй. Үе үеийн Засгийн газруудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Оюутолгойгоос авах ёстой татвараа авсан. Өчигдөр Засгийн газрын тогтоол гарч, үүнийгээ төсвийн орлого гэдгийг албан ёсоор иргэдэд мэдээлсэн. Арбитрын шүүх дээр бидэнд хангалттай цаг хугацаа бий. Бид ялагдах эрхгүй. Бид ялна. Үүний төлөө явна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Инфляци доош уначихсан. Дээрээс нь хадгаламж, зээлийн хүү унаж байгаа үед төгрөгийн зах зээлээ хөгжүүлээд явах бодитой боломж байна. Тэгэхээр төсөв алдагдалтай байгаа эсэхээс үл хамааран Засгийн газрын бондоо гаргаач ээ. Үүн дээр үндэслээд компаниуд  бондоо гаргана. Энэ нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж юм. Энэ ажил ямар шатанд явна вэ? 300 мянган төгрөг тараах нь бодлогын хувьд зөв хэдий ч нийтээр нь хүүхдийн мөнгө шиг тараах нь зөв үү. Хямарсан ч гэсэн тогтвортой ажиллаж байдаг төр захиргааны албан хаагчдад заавал 300 мянган төгрөг өгөх шаардлага байсан юм уу. Үүнд тодорхой хариулт өгөөч.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төсвийн харилцааны хүрээнд богино хугацаатай төсвийн дэмжлэг болдог үнэт цаас гаргах төлөвлөгөө бий. Үүнийг хэрэгжүүлнэ. Саяхан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 600 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээл дээр гаргасан. Энэ ажиллагаа амжилттай болж байна. Арилжаа өнөөдөр дуусна. Энэ нь хөрөнгийн зах зээлийг дэмжих, сэргээх бодитой ажил юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн бондыг гадаадад гаргах боломж байсан ч дотоодын зах зээлийг идэвхжүүлэхээр шийдвэрлэсэн. Зээлийн батлан даалтын сан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжих хүртэл маш идэвхгүй явж ирсэн. Ямар ч байсан 50 тэрбум төгрөгийг дээрээс нь шаардлагатай үед Төв банк санхүүжүүлнэ гэж тохирсон. Бүхий л боломжит арга хэмжээг авсан. Өмнө нь Батлан даалтын сангийн үйл ажиллагаанд банкууд итгээгүй. Төв банк нь баталгаа гаргаж өгсөн учраас яваандаа банкууд энэ санд итгээд эргэлтэд орох байх. 300 мянган төгрөг бүх иргэнд очно. Энэ нь зөв байх гэж бодож байна. ААН-үүдэд зориулсан, тэдний үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн арга хэмжээ авсан. 4.1 их наяд төгрөгийн төсөв дээр ачаалал аван байж арга хэмжээ авсан. Татвараас чөлөөлж, хөнгөлсөн, торгууль шийтгэл байхгүй болсон. Бүхий л боломжит арга хэмжээг авсан. Бидний хувь заяа юм даа. Энэ цаг үед Оюутолгойн татварын орлого орж ирсэн.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дуусав.

Үргэлжлүүлэн УИХ-ын зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд, УИХ-ын С.Амарсайханыг Төсвийн байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Төсвийн байнгын хороо, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

13 : 10
2021-4-9

"Арбитрын маргаанд нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргах зарлигийг хүргүүлсэн"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байгаа билээ.  Тэрбээр “Маргаашнаас хатуу хөл хорио тогтоох буюу дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Учир нь 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондоны Арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас дээрх зарлигийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

“Оюутолгой” компанийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд ердөө цөөн хэдэн хоногийн дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн Ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсантай холбоотой.

Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюутолгойн төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн зургаан улсын шүүхэд явагдаж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг Арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, энэ агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компани Олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь:

  • Оюутолгойн төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах,
  • Маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах,
  • Цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах эрхэм дээд үйл хэргийг амжилттай бүтээх түүхэн бололцоог олгохуйц амин чухал ач холбогдолтой болоод буй онцгой цаг үе тохиосон байна.

Монгол Улсын болон гадаад улсын шүүхүүд, түүнчлэн Монгол Улсын прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газруудын явуулж чадсан олон улс дамнасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Оюутолгой болон манай орны байгалийн үнэт баялгийг наймаалцаж, хэмжээлшгүй хөрөнгөжсөн, хууль бус сүлжээ ил болсноор, тухайлбал Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талд үндэслэл бүхий шахалт шаардлага бодитоор бий болж эхэлж буйн зөвхөн эхний үр шимийг сүүлийн өдрүүдэд монголчууд бид нийтээрээ ажиглалаа.

Оюутолгойн орд ашиглах гэрээ, хэлцлүүдийг шударга ёсонд нийцүүлэх нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын шударга, таатай орчныг хангах, хоёр хөрш, гуравдагч хөрш, олон улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагаа, Монгол Улсын гэрэлт ирээдүйг баталгаажуулан, шинэ эрин цагийг итгэл төгс эхлүүлэхэд онцгой тустай юм.

Үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюутолгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно.

Эрх баригч үнэмлэхүй олонх ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүй, улс төрийн нам, бүлэглэлийн явцуу ашиг сонирхлоос эн тэргүүнд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч байж, зарлигийг хүлээн авч шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.

Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэсийн орд, Салхитын мөнгөний ордоос орж ирсэн бодит үр ашиг, мөн Оюутолгойн гэрээ, хэлэлцээр хийхээр хөрөнгө оруулагчид нааштай хандаж байгаа зэрэг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хил дамнуулан нуун байршуулсан хөрөнгийг олж тогтоон илрүүлэх, улмаар Монгол Улсад буцаах ажил, хүчин чармайлтын үр дүн гэдгийг Та бид бүгд мэдэж байгаа. Энэ нь монголчууд бид нэгдмэл нэг санаа зорилготой, зөвхөн улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, эрхэмлэн ажиллаж чадвал бүх зүйлд ахиц, дэвшил гаргана гэдгийг маш тодорхой харуулж байгаа хэрэг юм шүү" гэлээ.

12 : 30
2021-4-9

"Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлд 5000 зээлдэгч хамрагдсан"

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр оны эцэс гэхэд ямар үр дүнд хүрэхээр төлөвлөж байна вэ. Ажлын байрыг хадгалах 2 их наяд төгрөгөөр хэдий хэр хэмжээний ажлын байр хадгалах вэ. Сүүлийн үеийн тоон судалгааг харахад манай экспорт тэг зогсолт хийчихлээ. Нэг ч машин нүүрс гарахгүй байна. Өмнөговь аймгийг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болдоггүй юм уу. Газар дээр нь ажилладаг хүн хэрэгтэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөний хүрээнд 2019 оны эцэст буюу халдвар гарахаас өмнөх үед хүрэх зорилготой. Инфляцийн түвшинг Төв банкны зорилтот 6 хувьд барих ёстой. Эдийн засгийн өсөлтийн хувьд энэ оны эцэст 5-6 хувийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй байх, төлбөрийн тэнцлийг эерэг байх ёстой гэсэн чиглэлд зорьж байна. Цар тахлын улмаас 68 мянган ажлын байраа алдсан. Энэ төлөвлөгөөний эцэст бид 120 мянган ажлын байраа хадгалж, хамгаалж үлдэнэ. Түүнээс биш ийм хүнд үед ажлын байрыг нэмнэ гэсэн худлаа амлалт өгөхгүй. Харин нэмж ажлын байраа алдахгүйн тулд хичээж байна.

Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлд 5000 зээлдэгч хамрагдсанаас нийслэлд 2156, 3744 нь орон нутагт байна. Мөнгөн дүнгээр 216 тэрбум төгрөгийн 875 ААН, 189 тэрбум төгрөгийг 5025 бичил бизнес эрхлэгч авсан байна. Үүний ард 11598 ажлын байрыг хадгалж үлдэж чадсан.

Гадаад худалдааны гол орц бол нүүрс. Харамсалтай нь урд хилүүдэд цар тахал гарсантай холбоотойгоор татан авалтууд зогсчихсон. Бид хоёрын хооронд ганц нэг өдөр аргалсан арга хэмжээ авна гэж бодохгүй байна. Дорвитой арга хэмжээ авч, урд хилийн боомтын бүс нутгуудаа ногоон бүс болгохыг зорьж байна.

Хилийн бүсүүдэд хөл хорио тогтоохоос долоо хоногийн өмнө хөл хорио тавьсан. Энэ хугацаанд халдварын бүсээс иргэдийг зөөвөрлөхгүй байх гэх мэт шаардлагатай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд ирэх долоо хоногоос урд хөршийн боомтуудаар татан авалт хэвийн горимд шилжинэ. Хилийн бүсэд нэгдсэн мэдээллээр хангах зохицуулалт, Засгийн газрын төлөөлөл зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал нийлж байна. Удахгүй үүн дээр арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Оюутолгой биднийг харж үзээд мөнгө өгөөд байгаа асуудал биш. 2018-2020 онд тавигдсан татварын зөрчлийн үр дүнд төлөх ёстой акт гэж тавигдсан мөнгө нь 1 их наяд төгрөг. Үүнээс 353 тэрбум төгрөгийн төлөө Монголыг Лондоны Арбитрын шүүхэд дуудсан. Хэдэн төгрөг хараад худал зүйл яриад байх юм. Больцгоо та нар. Энэ мөнгө баталгаагүй шүү. Хэрэв Арбитрын шүүх дээр манайх ялагдвал энэ мөнгө юу болох вэ? Намраас хойш халдварын улмаас гадаадаас 400 сая ам.доллар авсан. Монголын хүн амыг вакцинжуулахад 40 сая ам.доллар л хэрэгтэй байсан.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хоёр удаагийн татварын шалгалтаар гурван төрлийн акт тавигдсан. Гурван гүйлгээгээр нийтдээ 1 их наяд төгрөгийн татварын орлого орж ирсэн. Бидэнд хоёр зүйл байна, Н.Алтанхуяг гишүүн ээ. Нэгдүгээрт, бидэнд цаг хугацаа бий. Арбитрын шүүхийн маргаан дор хаяж 2-3 жил цаашлаад 4-5 жил үргэлжилнэ. Өмнөх жишээг харахад ийм л байсан. Тиймээс муугаар бодоход эрсдэл даах боломж дараа дараагийн төсөвт байна гэдэгт эргэлзэхгүй байна. Хоёрдугаарт, бид Арбитрын шүүхэд ялагдах эрх байхгүй. Арбитрын шүүхийн цаана Дубайн гэрээний асуудал байгаа. Хэлэлцээрийн шат ид өрнөж байна. Монголын ард түмэн анхааралтай ажиглаж байгаа. Дубайн гэрээний бичиг баримт анхнаасаа хууль зөрчсөн зүйл байсан. Үүн дээр нөгөө талыг хүлээн зөвшөөрүүлэх тактикаар явж байна. Хэрэв бидний хүссэн үр дүн гарвал орлогууд баталгаажна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж:

-Н.Алтанхуяг гишүүн ээ, худлаа ярьсан зүйл бол байхгүй. "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш жилд 1 их наяд төгрөгийн татвар төлдөг болсон. Оюутолгойн тухайд 2013 оноос хойших 2018 оны татварын акт тавигдсан төлбөрийн мөнгө орж ирсэн. 350 тэрбум төгрөгийн асуудлаар шүүх дээр маргаан гарсан. Үүний дараа Ч.Хүрэлбаатар сайдын үед 650 тэрбум төгрөгийн акт тавигдсан санагдаж байна. Сүүлд нь энэ хоёр маргаан зэрэгцээд явж байх хооронд Оюутолгой татварын төлбөрийг хийе гэж бодсон юм байлгүй 1 их наяд төгрөг орж ирлээ. 2021 оны төсвийн орлого, зарлагад 1 их наяд төгрөг тусгагдаагүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Хөл хорио нь ААН-үүдэд айдас төрүүлж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын үед хөл хорио хүнд цохилт болно. Газар тариалангийн салбарын тухайд хаврын нэг өдөр намрын арван өдөртэй тэнцдэг. Хөл хорио тогтоогоогүй байхад л аймаг, сумдад хүндрэл учирч байна. Нааш, цааш тоног төхөөрөмжөө татаж чадахгүй байх жишээний. Хаврын тариалалтыг хэвийн явуулахад анхаарахгүй бол намар хураасан ургацгүй болох вий.

Оюутолгой ач тусаа өгөөд, иргэн бүрт 300 мянган төгрөг өгнө гээд баярлаад ярьж байна. Гэхдээ энэ бол манай авах ёстой мөнгө. Монголын талын 34 хувьд оногдох зээлийн хүүгийн ашгаас 3.4 хувийг төлөхгүй гэж маргасан. Бусад компаниудаас 20 хувиар авдаг байж, Оюутолгойгоос хөнгөлөөд 10 хувиар авч байгаа. Оюутолгой төлөх ёстой мөнгөө төлөөгүй. Цаашдаа ч авах ёстой татвар бий. Ер нь Оюутолгойн гэрээг энэ удаа засвал зассан шиг засах ёстой.

11 : 55
2021-4-9

С.Одонтуяа: Та нар нэг гараараа эдийн засгийг боомилж унагасан шүү

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Засгийн газар вакцины асуудал дээр маш буруу бодлого явуулсан. Иргэдийнхээ эрүүл мэндийн байдлыг нэгдүгээрт тавих байсан. Өнөө маргаашийн вакцинжуулалт гэхээсээ илүү монгол хүн вакцин хийлгэснээр цаашид 20-30 жил тухайн хүний биед ямар нөлөө үзүүлэх талаар маш сайн судалгаатай ажиллах байсан. 10 их наяд төгрөгөөс 40-50 сая ам.долларыг зарцуулаад, эрт захиалга өгөөд  хамгийн сайн вакциныг иргэддээ тарьж яагаад болоогүй юм бэ. Халдварыг дотооддоо алдалгүй 11 сар тэсэхдээ залгуулаад вакцинаа захиалаад, иргэдийг вакцинжуулсан бол өнөөдөр эдийн засаг алдагдалд орохгүй байсан. 10 их наяд төгрөг зарцуулах шаардлага гарах ч үгүй байсан. Үүнээс харахад та нар нэг гараараа эдийн засгийг боомилж унагасан шүү. Ипотекийн зээлд 3 их наяд төгрөг зарцуулна гэж байна. Энэ нь Монголбанкны хуультай зөрчилдөхгүй юу. Төсвийн алдагдалд шинэ сайд ямар дүн шинжилгээ хийж байна вэ. Өмнөх Засгийн газар бүх нөөцөө шавхсан шүү дээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хамгийн сайн вакцины талаар хүмүүс их асуудаг. Одоогийн нөхцөлд олдож байгаа вакцин нь хамгийн сайн нь болчхоод байна. Дэлхий нийтээрээ вакцины уралдаанд оролцож байна. С.Одонтуяа гишүүн вакцинжуулалтаас хоцорсон гэж хэллээ. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хүн ам цөөн байгаа нь вакцины уралдаанд боломж олгож байгаа ч бид сайн ажиллахгүй бол энэ том уралдаанд хоцрох эрсдэлтэй. Монгол Улс Азидаа вакцинжуулалтаар тэргүүлж байгаа эхний таван улсын нэг. Том гүрнүүдтэй харьцуулахад харин ч дээгүүр явж байна. Энэ нь хоцорсон үзүүлэлт бол огт биш.

Вакцинд зориулж хөрөнгө мөнгө бэлдсэн. ДЭМБ-аар баталгаажсан ямар ч төрлийн вакциныг авахад бэлэн байна. Ипотекийн зээлд 3 их наяд төгрөг зарцуулна. 2006 оноос хойш үе үеийн Засгийн газар Төв банктай хамтарч хэрэгжүүлж ирсэн. Энэ нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй нийгмийн маш өндөр ач холбогдолтой хөшүүрэг. 3 их наяд төгрөгөөс 2 их наяд төгрөг нь цэвэр ипотекийн зээлээр явна. Төсвийн алдагдал өөрөө хуультай. Жил бүр төсвийн алдагдлыг шат дараатай бууруулах үүрэг хуульд бий. Энэ үүргийнхээ хүрээнд л ажиллана. Энэ жил 5.5 хувийн алдагдалтай гарсан. Дараа жил 3 хувиас доош оруулна. Тиймээс нарийн төлөвлөгөөтэй ажиллана. Хуулиас гадуур ажиллах орон зай байхгүй. Бид төсвийн шинэчлэл хийнэ. 2022 оны төсвийг удахгүй УИХ-д танилцуулна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж:

-2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан Covid-19-ийн үеийн хуульд Засгийн газар орлогыг хамгаалах арга хэмжээ авах эрхтэй, жилийн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийх эрхтэй, цалин орлого нь тасарсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрхтэй гэж заасан. Иргэдэд 300 мянган төгрөг олгож байгаа нь хуулийн дээрх заалтын хүрээнд гаргасан шийдвэр.

”Эрдэнэт” үйлдвэр цар тахлын эхний үеийн хүндрэлийг авч гарсан. 650 тэрбум төгрөгийг гэрэл, дулааны зардалд зарцуулсан. Нийт дүнгээрээ 760 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн өнгөрсөн жилийн орлогоос цар тахлыг давж гарах арга хэмжээнд зарцуулсан.

Оюутолгойн хувьд зогсооно, зогсоохгүй гэж өнгөрсөн жилээс яригдаж  эхэлсэн. Зогсоогоогүй учраас энэ удаад 1 их наяд гаруй төгрөгөөр иргэдэд дэмжлэг олгож байна.

Вакцины тухайд сайн, муу гэх  яриа огт байж болохгүй. Гурван янзын вакциныг аль алийг нь хэрэглэж байна. Гадна талд тэр нь муу, энэ нь сайн гэсэн захиалгат явуулга явж байгаа. Үүнд автаж сайн, муу гэж ярих нь зохисгүй. Би гэхэд Оросын вакцин хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэлээ. Яах ч үгүй байна.

10 : 41
2021-4-9

"Оюутолгойгоос энэ жил тооцоолоогүй нэмэлт эх үүсвэр орж ирсэн"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсч байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Цар тахлын улмаас 2020 онд эдийн засгийн бодит өсөлт -5.3 хувь болон буурч, төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 12 хувь болж нэмэгдсэн. Зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкуудаас олгох зээлийн хэмжээ буурч, банкуудын нийт 8 их наяд төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаасанд байршсан байсан. 2020 онд нийт 68.9 мянган ажлын байр алдагдаж, цаашид эдийн засгаа сэргээх арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс Засгийн газраас эдийн  засгийн өсөлтийг 5.2 хувиас багагүй түвшинд хүргэн сэргээх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 3500 аж ахуйн нэгж (ААН), бичил бизнес эрхлэгч 20 мянган иргэнд зээл олгож, 120 мянган ажлын байрыг дэмжихээр тооцож байна. Эрүүл мэндээ хамгаалах төлөвлөгөөний хүрээнд нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая гаруй хүнийг хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн вакцинд хамруулах ажил үргэлжилж байна. Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулахдаа улсын төсөв, Засгийн газрын өрөнд нэмэлт өр үүсгэхгүй байх зарчим баримталсан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээлийг банкуудын өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлж, Засгийн газраас хүүгийн дэмжлэг олгож хэрэгжүүлэх бөгөөд репо санхүүжилттэй зээл болон ипотекийн зээлийн банк болон Төв банкны репо санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ. Санхүүгийн хувьд үр ашигтай томоохон төслүүдийг төсөв, Засгийн газрын өрөнд дарамтгүй хэлбэрээр хэрэгжүүлэх зохион байгуулалтыг хийж байна. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлэх цогц бүтээн байгуулалтын төслүүдийг тус компани дотоодын үнэт цаасны зах зээлээс хөрөнгө татах замаар санхүүжүүлнэ. Үнэт цаасны захиалга ид өрнөж байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлсөн. Тухайлбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 оны хоёрдугаар сарын байдлаар 1 их наяд 720.6 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны мөн үеэс 82 тэрбум төгрөгөөр илүү байна. Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр ААН-үүдийн орлогын албан татвараар 469.3 тэрбум төгрөгт төсөвт төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 41 хувиар, НӨАТ-аар 711.1 тэрбум төгрөгт төсөвт төвлөрсөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар тус тус өссөн.

УИХ-ын гишүүд дээрх мэдээлэлтэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Covid-19 Монгол Улсад орж ирээд бараг хоёр жил болж байна. Засгийн газар 10 их наядын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Гэвч гаргаж байгаа мөнгө, хийж байгаа ажлыг нь харьцуулаад харахад их муу байна. Өчигдөр Засгийн газраас 14 хоногийн хөл хорио тогтоож, хүн бүрт 300 мянган төгрөг өгөхөөр болсон. Энэ хэдийгээр оройтсон ч гэсэн зөв шийдвэр байлаа. Үүнийг аль эрт хэрэгжүүлэх байсан юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэлгүй явсаар Covid-19 -ийн нийт тохиолдол улсын хэмжээнд 10 мянга гарчихлаа. Говь-Алтай, Дундговь, Өмнөговь гэсэн гурван аймагт л халдвар тархаагүй. Ардчилсан нам засагладаг аймгууд л даа. Маш хариуцлагатай ажиллаж байгааг хэлмээр байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Бид 11 сарын хугацаанд халдварыг дотооддоо алдалгүй барьж чадсан. Хэрэв өнгөрсөн онд халдвар алдсан бол өнөөдөр бид  вакцинтай золготол маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулах байсан. Өнөөдрийн байдлаар зорилтот хүн амынхаа 60 хувьд хангалттай хүрэхүйц хос тунгийн худалдан авалтын гэрээнүүдийг хийж амжсан. 4, 5, 6 саруудад массыг вакцинжуулалтад хамруулна. Зургадугаар сарын эхэн үе гэхэд зорилтот 60 хувьдаа хос тунг хийж  дуусгана. Долдугаар сарын сүүлд хүн амыг вакцинжуулах ажил дуусч, дархлаа бүрэн тогтоно. Энэ амар зүйл биш ч гэсэн Засгийн газар бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл хийсэн вакцинжуулалтыг хамгаалахын тулд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Вакцин бол эмчилгээ биш. Энэ бол дархлаа тогтоох зүйл. Дархлаа тогттол хугацаа хэрэгтэй. Энэ хооронд бид алдаа гаргаж болохгүй. Тэгж байж иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгаа ч сэргээх боломж нэмэгдэнэ. Өнөөдрийг хүртэл төсөв дээр хоёр жил дамжаад нийтдээ 4.1 их наяд төгрөгийн ачаалал авсан. Үүнээс цааш төсөв дээр ачаалал авах ямар ч арга байхгүй. Бидэнд нэмэлт эх үүсвэр хэрэгтэй байсан. Харин сүүлийн жилүүдэд үе үеийн засгийн газруудын авч хэрэгжүүлсний үр дүнд Оюутолгойгоос энэ жил тооцоолоогүй нэмэлт эх үүсвэр орж ирсэн. Сүүлийн саруудад 1 их наяд 26 тэрбум төгрөгийн эх үүсвэр орж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хөл хорио тогтоох 14 хоногийн хугацаанд ямар ажил хийгдэх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-14 хоногийн хөл хорио сайн үр дүн авчирна. Хамгийн чухал зүйл бол вакцины эхний тунгийн массын дархлааг тогтоох гэж байна. Эхний тунгийн дараа хөл хорихгүй бол магадгүй ажлын үр дүн талаар болно. Эрүүл мэндийн салбар маш их ачаалалд орлоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Өнөөдөр гэхэд 714 тохиолдол батлагдсан. Халдварын тоо өсөх тусам эрүүл мэндийн салбарын ачаалал ихэсч байна. Үүнийг дагаад хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүний тоо өсч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Өнөөдрийн байдаар вакцинд хамрагдах ёстой нийт хүн амынхаа 25 хувийг вакцинд хамруулаад байна. Эхний тунг хийлгэсэн хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байгаа учраас хөл хорио нь халдвараас сэргийлэх арга хэмжээ гэж үзэж байна.

09 : 25
2021-4-9

Чуулган: "10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хэлэлцэнэ

Улсын их хурал (УИХ)-ын чуулганы өнөөдөр (2021.04.09)-ийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдөр 

  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
  • Цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсох “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж