Орос-Украины харилцаа хурцдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Орос-Украины харилцаа хурцдаж эхэллээ

Орос-Украины харилцаа хурцдаж эхэллээ

Хэрэв Украин тэнд салан тусгаарлагчид руу дайрч эхэлвэл зүүн Украины орос хэлээр яригч оршин суугчдад туслахын тулд Москва хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүйд хүрнэ гэж Оросын Украинтай харилцах албан ёсны төлөөлөгч, саяхныг хүртэл тус улсын шадар сайдаар ажиллаж байсан Дмитрий Козак анхааруулжээ.

Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид болон Украины цэргүүд хоёр улсыг заагладаг хил дээр мөргөлдөж байгаа ба Орос улс Украинтай залгаа хил дээр цэргийн хүчээ нэмэн байршуулахаар болсон байна.

“Оросын хүчнүүд иргэдээ өмгөөлөх аливаа үйл ажиллагаанд оролцож болно. Бүх зүйл галын цар хүрээнээс хамаарна. Хэрэв энэ мэтээр хурцадмал байдал үргэлжилсээр байвал Украины хувьд “төгсгөлийн эхлэл” байж магадгүй юм” хэмээн Дмитрий Козак ярьжээ. Тэрбээр мөн салан тусгаарлагчдын өнөөгийн байдлыг 1995 онд Боснийн Сербийн цэргүүдэд 8000 мусульман эрсээ хөнөөлгүүлсэн Сребреница хоттой зүйрлэсэн байна.

"Хэрэв Ерөнхийлөгч Путины хэлснээр тэнд Сребреница шиг нөхцөл байдал үүссэн бол бид тэднийг хамгаалах шаардлагатай болно” хэмээн Козак ярьжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 онд Украин улс Донбассыг бүрэн хяналтдаа оруулбал орос хэлээр ярьдаг оршин суугчид Сребреница шиг аллагад өртөж болзошгүй гэж ярьж байв.

УКРАИН, ОРОСЫН ХООРОНД ЯАГААД ХУРЦАДМАЛ БАЙДАЛ НЭМЭГДЭЖ БАЙНА ВЭ?

Орос улс Украины хил дээрх цэргийн тоогоо нэмэгдүүлсээр байгаа нь үнэн боловч тэд үүнийг аль нэг улсыг заналхийлсэн үйлдэл биш хэмээн мэдэгдсээр байгаа.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ одоо байгаа Оросын цэргүүдийн тоо Украины зүүн хэсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш буюу 2014 оноос хойшхи хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа аж. Тиймээс энэ бол зүгээр нэг цэргийн сургуулилалт төдий зүйл биш, санаатай үйлдэл хэмээн тодорхойлжээ.

Орос улс цэргүүдийнхээ тоог нарийвчлан мэдээлээгүй байгаа боловч Украины талын мэдэгдсэнээр гуравдугаар сарын сүүлчээр гэхэд хоёр улсын хил дээр Оросын 20 мянга орчим цэрэг байрлаж байсан гэв. Түүнчлэн Оросын галт тэргүүд тус бүс нутаг руу хүнд зэвсэг зөөж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагджээ.

Донбасст Украины цэргүүд болон Москвагийн дэмжлэгтэй босогчдын хоорондох мөргөлдөөн мөн сүүлийн саруудад нэмэгдсэн. Пүрэв гариг (2021.04.08)-т Украины дахин нэг цэрэг амиа алдсанаар энэ онд амь үрэгдсэн украин цэргийн тоо 25 болжээ. Харин өнгөрсөн жил Оростой холбоотойгоор нийт таван цэрэг амиа алдсан байна.

УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ NATO-Д ХАНДАВ

Нөхцөл байдал ноцтой байгааг илтгэх өөр нэг шинж тэмдэг бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нартай утсаар холбогдож, NATO-гийн удирдлагууд болон гол гишүүн орнуудад хандан Киевийг тус байгууллагад элсүүлэх ажлыг түргэвчлэхийг уриалсан явдал юм.

Харин Германы Канцлер Меркель өчигдөр (2021.04.08) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины хил дээрх цэргийн тоогоо бууруулж, хурцадмал байдлыг намжаахыг уриалсан байна. Гэвч Путин Украиныг дорнод дахь нөхцөл байдлыг улам өдөөж байна гэж буруутгаад, хэрэв Украин NATO-д элсвэл байдлыг улам дордуулах болно гэж анхааруулжээ. Түүнчлэн АНУ ирэх долоо хоногоос Хар тэнгис рүү байлдааны хөлгүүдээ илгээх талаар төлөвлөж байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яамны албан тушаалтан өчигдөр (2021.04.08) мэдэгджээ.

ЭНЭ БҮХНИЙ ҮНДЭС СУУРЬ ЮУ ВЭ?

Одоогийн мөргөлдөөний үндэс нь 2014 оны гуравдугаар сард ОХУ Украины Крым мужийг өөртөө нэгтгэснээс эхтэй. Энэ нь Оросыг барууны орнуудтай хагаралдахад хүргэж, Европын холбоо, АНУ-ын зүгээс Оросын эсрэг өргөн хэмжээний хориг арга хэмжээ авах болсон юм.

Үүнээс нэг сарын дараа гол төлөв орос хэлээр ярьдаг Донбасс дахь Оросын дэмжлэгтэй босогчид Донецк, Луганск мужуудыг булаан авав. Украины Ерөнхийлөгч Зеленский энх тайван тогтооно хэмээн засгийн эрхэнд гарч, өнгөрсөн 2020 оны долдугаар сард гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэвч үүний дараа хоёр тал бие биенээ дээрх гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж