"Монголчууд 5000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй мах идэх боломжтой" | News.MN

"Монголчууд 5000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй мах идэх боломжтой"

"Монголчууд 5000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй мах идэх боломжтой"

"Монголчууд 5000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй мах идэх боломжтой"

Жил бүрийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах ховорддог. Энэхүү байдлыг харгалзан үзэж, 17 бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, 10 мянган тонн нөөцийн махыг нийслэлийн хүнсний 405 дэлгүүрээр өнгөрөгч гуравдугаар сарын 27-ноос эхлэн худалдаалж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан бид нөөцийн мах борлуулах цэгүүд дээр нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахыг зорив.

ҮХРИЙН МАХНЫ ЭРЭЛТ ИХ УЧИР НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ӨСГӨМӨӨР БАЙНА

Эхлээд нийслэлийн төвийн дүүргийн нөөцийн мах худалдаалж буй хоёр цэгээр зочиллоо. Дэлгүүрийнхээ гадна “Нөөцийн мах” гээд цагаан самбар дээр улаанаар бичсэн, хороолол дундах хоёр дэлгүүрээр ороход үйлчлүүлэгч багатай, сэлүүхэн байв. Харин хөргөгчинд нь зөвхөн хонины мах л үлджээ. Иргэд ч “Үхрийн мах байгаа юу” гэсээр орж ирэх нь цөөнгүй байлаа.

Мини маркетын худалдагч Х.Бумбаа: Нөөцийн махны эрэлт их байна. Иргэд голдуу үхрийн мах сонирхож байна. Энэ жил чанар сайтай, үнэ боломжийн мах ирж байгаа. Нөөцийн мах оройтож худалдаанд гарсан. Эртхэн шиг худалдаанд гаргаж, үнийг нь тогтвортой баривал зүгээр санагдсан. Малчдаас шууд дэлгүүрийн лангуун дээр худалдаанд гаргах тал дээр онцгой анхаармаар байна. Монгол Улс тал дүүрэн малтай ч нөөцийн махны хувьд дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд л худалдаанд гараад дуусдаг. Яагаад бүтэн жил тогтвортой худалдаанд гаргаж болдоггүй юм бэ? Төрийн зөв бодлого, зохицуулалт хэрэгтэй байна. Ер нь 5000 төгрөгөөс хэтрэхгүй мах идэх боломжтой шүү дээ.

Супермаркет 13 дэлгүүрийн худалдагч Ц.Наранцэцэг: Нөөцийн махны хувьд үхрийн махны нийлүүлэлтээ ихэсгэвэл зүгээр байна. Иргэд үхрийн мах их авч байна. Таван шуудай хонины мах авахад хоёр шуудай үхрийн мах өгдөг. Энэ жилийн нөөцийн мах тарган, зөөлөн гэж хүмүүс ярьж байна. Манайх нэг өдөр өнжөөд л татан авалтаа хийдэг. Эхэн үедээ иргэд мэдээлэлгүй, манай дэлгүүрт нөөцийн мах зарж байгаа талаар мэдэхгүй байсан. Одооноос л мэдэж байна даа. Уг нь үхрийн махаа ахиухан өгвөл зүгээр байна.Үүний дараа бид хотын хөл хөдөлгөөнтэй ихтэй хэсэг болох Нарантуул захын ойролцоо очлоо. Орон сууцны хороолол дундах дэлгүүрүүдтэй харьцуулахад захын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг нөөцийн махны цэг дээр ямар ч үйлчлүүлэгч байсангүй. Учир шалтгааныг тодруулахад “Өглөө нөөцийн мах ирээд, өдөртөө дуусдаг” гэв.

Худалдагч Ц.Элбэг: Манай энэ хавиар нөөцийн мах өдөртөө л дуусдаг. Хүмүүс бүр оочерлож зогсож байгаад авдаг. Үхрийн мах бол өдөртөө ирээд шууд дуусна. Энэ жилийн маханд үнэ, чанарын хувьд өөрчлөлт ороогүй. Иргэд ам сайтай байгаа.

ИРГЭД МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА

Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдээр зочилсны дараа иргэдийн санаа бодлыг сонслоо. Иргэд нөөцийн махны талаар сайн мэдээлэлгүй, чанар тал дээр янз янзын бодолтой байна.

Иргэн Ц.Цацрал: Нөөцийн махны цэгтэй сая санамсаргүй явж байгаад таарчихлаа. Үнэ нь ч боломжийн, хангалт ихтэй байх шиг байна. Харин амт чанар нь ямар юм бол доо? Гаднаасаа сайхан л харагдаж байна. Гадуур захууд дээр махны үнэ өссөн шүү дээ. Бараг тал үнээр нь шахуу мах авч байгаа нь сайн хэрэг. Сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаггүй юм шиг байна лээ. Зар хараад яваад л байсан ерөөсөө нөөцийн махны цэгтэй таарч авч байгаагүй. Харин сая дэлгүүр ороод, нөөцийн мах байна гэхээр нь гайхлаа.

Иргэн Л.Маам: Нөөцийн мах өмнө нь ганц, хоёр удаа авсан. Маш их ястай л юм билээ. Амт чанар нь ч сайн биш ээ. Гурав хоногийн өмнө нөөцийн мах авсан. Нэг уут махаар хоёр хоол хийх үү, үгүй юу, яс ихтэй. Уг нь өмнө жил үхрийн мах авдаг байсан. Амт, чанар нь гайгүй байсан. Энэ жил хонь, үхэр авахад амт нь таалагдаагүй. Харин үнийн хувьд захтай харьцуулахад хямдхан нь сайхан юм даа. Нийлүүлэлт ч сайтай. Өдөр бүр л дэлгүүр орохоор байж байдаг.

Иргэн О.Даваасүрэн: Нөөцийн мах авч үзээгүй л явна. Хаагуур зарж байгаа талаар мэдээлэлгүй байна. Ерөөсөө таарсангүй. Гадуур хүмүүс сайхан мах байна л гэж ярьж байсан.

ЗАХ ДЭЭР ҮХРИЙН ЯСТАЙ МАХ 12000 ТӨГРӨГ, НӨӨЦИЙН МАХНЫ ЦЭГ ДЭЭР 7700 ТӨГРӨГ БАЙНА

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгааг харахад 2021 оны дөрөвдүгээр дүгээр сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11941 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13636 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 428 төгрөгөөр (3.2%), үхрийн цул махны үнэ 468 (3.1%) төгрөгөөр тус тус өсчээ.

Энэ долоо хоногийн хувьд үхрийн ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 12000 төгрөг, харин “E-март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 527 төгрөгөөр (4.6%), хонины цул махны үнэ 731 төгрөгөөр (6.3%) тус тус өссөн байлаа.

Хонины ястай мах “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 10000 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөгөөр худалдаалж байна. Харин нөөцийн махны цэг дээр үхрийн ястай мах нэг килограмм нь 7700 төгрөг, хонины ястай мах нэг килограмм нь 6700 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь 6200 төгрөг тус тус байна.

Нэг хүнд ноогдох малынхаа тоогоор дэлхийд толгой цохидог Монгол Улс махны үнийн тал дээр олон жил ороо бусгаа явлаа. Захууд дээр өдөр бүр махны үнэ нэмэгдэж, нөөцийн махны цэгүүд дээр өргөн сонголт байдаггүй нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-09 103.212.116.60

Хоригдлуудаар мал маллуулья

Avatar

3 2021-04-09 192.82.82.209

Мах гурлын үнээ л засаг барих хэрэгтэй.5000 төгрөг л байхад хангалттай.

Avatar

зочин 2021-04-09 202.9.40.180

Өнөөдөр Бөмбөгөр зах дээр үхрийн ясгүй мах 1 кг нь 17000 төгрөг байна

Avatar

Зочин 2021-04-09 122.201.22.21

Мах зарж байгаа хүмүүс улсаас өгч буй тэтгэлийг бас л авч байгаа хир нь үнээ өсгөж байгаа нь ШУНАЛ .

Avatar

Зочин 2021-04-09 66.181.177.118

Зээрийн мах хийцэн бсн шүү дотор нь Булганы бэлтгэсэн мах бсн

Avatar

зочин 2021-04-09 202.70.38.18

махны төвлөрсөн захуудыг дүүрэг бүрт 2-3 -ыг байгуулаад үнийг унагаад өгөхгүй чейнж хятадуудтай хутгалдаад байгаа ш дээ ажил хийх ёстой дарга санаатай юмнууд

Avatar

Зочин 2021-04-09 192.82.75.177

Жижиг жижиг хөрөөдсөн мах зарж дахин дахин оочерлуулж байхаар гулуузаар авах боломж олгох хэрэгтэй. Тэгвэл бөөгнөрч оочерлох нь багасна

Avatar

Зочин 2021-04-09 202.9.47.3

Нийлүүлэгч мал махны компаниасаа шалтгаалж байгаа байхаа. Манайд зарагдаж байгаа мах маш сайхан мах байна. ХАЛИУН дэлгүүртээ баярлалаа.

Avatar

Зочин 2021-04-09 192.82.70.215

Үхрийнх Нөөцийн яс байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж