Дотоодод Covid-19 цар тахал 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд илэрснээс хойш хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон билээ. Халдварын гинжин хэлхээг таслах зорилгоор тогтоосон энэхүү хатуу хөл хорионы уршгаар олон хүн ажилгүй, орлогогүй болж, эдийн засаг элгээрээ хэвтэх дөхсөн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 40 хувь нь ажилгүй, орлогогүй болсон бол хувиараа бизнес эрхэлдэг өрхүүдийн 85 хувь нь бизнесээ зогсоохоос өөр аргагүй болсон байна.
Цар тахал, хөл хорио зах дээр тэрэг түрдэг, гудамжинд гутал тосолдог, авто угаалгын газарт ажилладаг нэгнээс эхлээд хотын төвд тохилог кофе шоп ажиллуулдаг нэгнийг ч орхилгүй нэрмэж, ажилгүй, орлогогүй болгосон. Хэдхэн сарын дотор хаалгаа барьж дампуурсан олон арван компанитай цуг олон зуун хүний бизнес эрхлэх хүсэл мөрөөдөл замхарч байгаа нь харамсалтай.
Харин ямар ч нөхцөлд цалингаа бүрэн авч байгаа хүмүүс бол төрийн албан хаагчид. Тэдэнд хөл хорио ямар ч хамаагүй, авдгаа авч, амьдрал нь хэвийн үргэлжилж байгаа. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хувь нь ажлын байран дээрээ, бусад ажилтан, албан хаагчид гэрээсээ цахимаар ажиллах чиглэл өгсөн билээ. Үүний дагуу халдварын зэрэглэлээс шалтгаалан төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж байгаа юм.
Тэдний ихэнх нь гэрээсээ ажиллаж байгаа нэртэй үнэндээ "амарч" буйг олон нийт шүүмжилсээр байна. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоосон ч цалингаа бүрэн авч, эдийн засгийн хямралд өртөхгүй амьдрал нь хэвийн үргэлжилж байгаа нь зөвхөн төрийн албаныхан. Төр, түмний төлөө гэсэн сэтгэлээр олигтойхон шиг ажилладаг бол хамаа алга. Гэтэл хүнд суртал, авлига гээд болж бүтэхгүй бүхэнд нэр холбогддог нь төрийнхөн шүү дээ.
Эдүгээ Монголын төр 200 гаруй мянган албан хаагчтай, нүсэр бүтэцтэй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийлгэдэг" гэж хэлж байсан удаатай. Цар тахлын үед эдгээр хүмүүс л цалингаа бүрэн авч буй бол хувийн байгууллагад ажилладаг, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн орлого багасч, зарим нь бүр ажилгүй, орлогогүй болж, хоногийн хоолоо аргацааж байгаа нь гашуун үнэн.
Уг нь Монгол Улсын эдийн засгийн 80-аад хувийг хувийн хэвшлийнхний татвараас бүрдүүлдэг. Төрийн байгууллагын ажилчдыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байгаа тул энэ хүнд хэцүү цагт төрийн байгууллагынхан сэтгэл гаргаж, хувийн хэвшлийн ажилчдыг "харж үзэх" цаг иржээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 10-наас 25-нд хатуу хөл хорио тогтооно, иргэн бүрт 300 мянган төгрөг өгнө гэж мэдэгдсэн. Хэдийгээр хүн бүрийг ялгалгүй өгнө гэж байгаа ч төрийн албаныханд цар тахал бүрэн утгаараа боломж олгож, харин хувиараа бизнес эрхэлдэг болон өдрийн орлогоороо амьдралаа арайхийн залгуулдаг нэгэнд хүндээр тусдаг хэвээр байх нь шударга бус юм.
Тиймээс нөхцөл байдал сайжиртал төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар бууруулж, цалин, орлогогүй байгаа хувиараа бизнес эрхлэгчдэд дэмжлэг болгож өгөх шаардлагатай гэсэн бодолтой олон хүн байна. Төрийн албан хаагчид энэ талаар өөрсдөө уриалга гаргаж, хэмнэсэн мөнгөөрөө сан үүсгэн дампуурлаа зарласан жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрийг дарж яагаад болохгүй гэж. Энэ бол барьцаж байгаа зүйл биш, ардчилсан нийгэмд шударга амьдаръя гэсэн энгийн зарчим юм.
Хувийн хэвшлийнхэн ажилтай, орлоготой байвал төрийнхөн ч цалинтай байна. Бид нэг үндэстэн, хүнд хэцүү цагт бие биедээ боломжоороо туслах нь хүн ёсны үйлдэл билээ. Эрх баригчид иргэдийнхээ амьжиргааг дэмжих гэж хамаг нөөц боломжоо шавхан янз бүрийн хэлбэрээр дэмжлэг үзүүлж байна. Одоо харин төрийн албан хаагчдын ээлж иржээ. Цар тахлыг бид хамтын хүч, эв нэгдлээр даван туулахаас өөр замгүй.
Холбоотой мэдээ