УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Thursday, April 8, 2021
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудлаар өнөөдөр /2021.4.8/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт ёс зүйн хариуцлага тооцохыг уриаллаа.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
-Иргэдийн дундаас сонгогдсон эмэгтэй гишүүний хувьд 1.6 сая эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, ёс зүйн ноён оргил болсон Үндсэн хуулийг олон улсад гутаан доромжилсон ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт ёс зүйн хариуцлага тооцохыг уриалж байна. Эмэгтэйчүүдийг гутаасан түүний энэ үйлдлийг МАН мартсан ч Монголын төдийгүй олон улсын хэвлэлүүд мартаагүй. Тиймээс түүнд хариуцлага тооцохыг уриалж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Цэцийн гишүүн Д.Одбаярын 2019 оны арваннэгдүгээр сард гаргасан ёс зүйгүй үйлдэл 280 гаруй хэвлэлээр олон удаагийн давталттай гарсан. Онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн энэ хүнийг ажлаас нь чөлөөлөхийг хүсч байна. УИХ энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, Цэцийн гишүүнээс нь чөлөөлөхийг уриалж байна. Одоо ч ажлаа хийсээр байгаа. Бага суудлын хуралдаанд оролцохдоо шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хаяж явсан. Үүнээс үүдэн олон асуудал үүсч байна.
УИХ-ын гишүүн Ч.Туваан:
-Засгийн газар хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн иргэн бүрт 300 мянган төгрөг өгөхөөр болсноо зарлав. Энэ нь оройтсон шийдвэр. Дотоодод арваннэгдүгээр сарын 11-нээс халдвар гарсан. Цагаан сарын өмнөх үеэс эхлэн Covid-19 халдвараар айлгаж, улсын төсөв дээр 5.1 их наяд, гаднын зээл тусламжаар 700-800 сая төгрөг зарцуулсан ч тал мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй байгаа. Үнэнд гүйцэгдэж энэ ажлыг авч хэрэгжүүлж байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч олон удаа хэлсэн ч их оройтож шийдвэр гаргалаа.
Өдрийн орлогоороо амьдралаа болгож байгаа хүмүүст цар тахал хүндээр тусч буй. Дэлхийн улс орнуудад аль эртнээс ийм арга хэмжээ авсан ч Монгол Улс одоо л ийм арга хэмжээ авч байгаа нь тун оройтсон үйл явдал боллоо. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байна. Өмнө нь хатуу хөл хорио тогтоохгүй гэж байсан ч тогтоохоор боллоо. Мөн хөл хорио тогтоохоос 14 хоногийн өмнө зарлана гэсэн ч хэрэгжүүлсэнгүй. Одоо газар тариалангийн ажил эхлэх гэж буй энэ үед хөл хорио тогтоох гэж байна. Уг нь сая төгрөг өгөх боломж бий. Энэ бол гайхуулаад байх арга хэмжээ биш. Оройтсон энэ ажлаа гүйцээж хийхийг АН-ын бүлэг шаардаж байна.
Холбоотой мэдээ