“Forbes” сэтгүүлээс гаргасан 2021 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаар Хятадын нийслэл Бээжин хамгийн олон тэрбумтантай хот болж, АНУ-ын Нью Йоркийг анх удаагаа гүйцсэн байна.
Бээжингийн тэрбумтнуудын тоо 2020 онд 33-аар нэмэгдэж, 100 болсон бол Нью-Йорк хотын тэрбумтнууд долоогоор нэмэгдэж 99 болжээ. Харин хүн амын тоогоор нь харьцуулж үзвэл Нью-Йорк хот 8.4 сая оршин суугчтай бол Бээжин хотын хувьд 21 сая хүн амтай.
Нью-Йоркийн хамгийн баян хүн нь тус хотын захирагч асан Майкл Блүүмберг бөгөөд тэрбээр 59 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ. Харин Бээжингийн хамгийн баян оршин суугч нь “TikTok” платформыг эзэмшигч “ByteDance” компанийн үүсгэн байгуулагч Зань Юминь бөгөөд 35.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ.
Улсаар нь харьцуулбал, АНУ хамгийн олон тэрбумтантай ч Хятад улсад ч тэрбумтнуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2020 онд Хонгконгийг оролцуулаад Хятадад 210 шинэ тэрбумтан төрсөн нь дэлхийн бүх улсуудтай харьцуулбал хамгийн өндөр өсөлт болжээ. Дэлхийн хамгийн олон тэрбумтантай 10 хотын тав нь Хятадынх бол хоёр нь АНУ-ын хот байна.
Харин дэлхий нийтээр нь авч үзвэл, өнгөрөгч 2020 онд тэрбумтнуудын тоо 660-аар нэмэгдэж, 2755 болжээ. Тэгвэл эдгээр хүмүүсийн нийт 13.1 их наяд ам.доллартай тэнцсэн байна.
Эх сурвалж: Forbes
Холбоотой мэдээ