Хоёр жилийн өмнө Б.Батчулуун доктортой моралийн тухай ярьж байсан. Тэгэхэд мань хүнд ардчилагчдад уур хүрч байгаагаа хэлж билээ. Харин миний тавьсан асуулт “Яагаад”?
Түүний хариулт “Манайх шиг ардчилалтай улсад шударга иргэн хохирдог, шударга ёс алдагддаг, үнэн ялагддаг. Засаглалын хэлбэр ямар байх нь чухал биш, монголчуудад өөрсдөд нь, мөн чанарт нь асуудал байна”. Хариултаас бас нэг асуулт ургана. Бидэнд байгаа, бидний мөн чанарт байгаа асуудал нь тэгвэл юу вэ. Үүнд хариулт авмаар байвал түүний “Монголчуудын олиггүй араншингаас” номыг авч уншихыг зөвлөе. Гэхдээ энэ удаад түүний орчуулан хүргэж буй “Философийн тухай” ном анхаарал татаж байна. Юуны өмнө номын талаар орчуулагчийн үгийг хүргэх нь зөв байх.
Оруулагчийн ҮГ
Энэ удаа, бидний толилуулж буй бүтээл бол Робэрт Пол Вольфын Философийн тухай номын 10 дахь удаагийн хэвлэл юм. Зохиогч нь Харвардын Их сургуулийн философийн ангийг төгсөөд, тэндээ философиор мастер болон докторын зэрэг хамгаалан, амьдралынхаа ихэнх хугцаанд Чикаго, Колумб, Массачусэтсын Их сургуульд багшилсан хүн болой. Түүний бүтээлүүд 10 гаруй оронд орчуулагдаж, 750.000 ширхэг борлогдсон бөгөөд нэлээд алдаршсан номын тоонд Анархизмыг хамгаалахуй хэмээх ном нь ордог. Хэвлэлийн газрынхан нэгэн удаа түүнд, өөрийгөө товч тодорхойлно уу гэсэн хүсэлт тавихад, би бол “шашны хувьд атеист ( бурхангүй үзэлтэн. Орч.), улс төрийн хувьд анархист ( төрийг үгүйсгэгч. Орч.), эдийн засгийн хувьд марксист үзэлтэн” гэж хариулсан нь зарим нэгэнд нэлээд болгоомжлох сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Энэ номд маш олон сонирхолтой сэдвийг хөндөж, ээдрээт асуудлыг гаргаж тавьсны заримаас www.news.mn -ийн “ Философийн булан “-д цувралаар тавьж байсан билээ. Тэдгээрээс сануулахад, ХХ зууны томоохон экзистенциалист философич Мартин Хайдеггер нацизмтай хэр гүнзгий холбогдсон, Хюм, Кант нарын суутнууд арьс өнгөөр ялгаварлах үзэл хэрхэн гаргаж байсан, танин мэдэхүйн онол, хиймэл оюун ухаан, компьютерын шинжлэх ухаанд юуг компьтероор орлуулж, ямар сэдвийг цахимжуулж болох, улс төр, ёс зүйн сэдэвтэй холбоотойгоор америкчууд яагаад баривчлагдсан хүмүүсийг тамлан зовооход хүрсэн, олон түмэн болон эрдэмтэд үүнд хэрхэн хандаж буй, ёс зүйн хувьд ижил хүйстний гэрлэлт, эцсийн шатандаа орсон өвчтөнд хоол унд өгөх, эс өгөх хоёрын аль нь зөв эсэх, хүний эрхтэн зарах, худалдан авах ( эрхтний донорын ) асуудал, эмч хүн өвчтөндөө үнэнийг хэлэхгүй байх нь ёс суртахууны “ хуулийг “ зөрчих үү, үгүй юү, гоо зүйн сэдвээр юуг юуг урлаг гэдэг, бурхан байдаг гэвэл түүнийг нь хэрхэн нотлох, үгүй гэвэл ямар сөрөг үндэслэл гаргах гэх мэт практик болон онолын олон асуудлыг авч үзсэн байв. Дашрамд хэлэхэд, зохиогч өөрөө арьс өнгө, хүйс, ижил хүйстэн, капитализм дахь баян хоосны ялгааны асуудалд туйлын эмзэг ханддаг нь харагдаж байлаа. Ер нь, Философичдын хувьд нэлээн маргадаг ээдрээт асуудал болох “Философи нь цэвэр онолын мөн чанартай зүйл үү, эсвэл практик асуудлуудыг шийдвэрлэхэд ач холбогдолтой зүйл үү? ” гэсэн асуултад Вольф бараг л өөрийн хариуг өгчихжээ. Үнэндээ, бидний хувьд амьдралд олонтаа тохиолддог маш энгийн мэт санагддаг асуудлуудыг сайтар тунгаагаад үзвэл, цаанаа ихээхэн философилог санаа агуулсан байдаг нь энэ номоос харагдах болно. Эцэст нь хэлэхэд, “ Эрх зүйт ёс ” сангийнхан энэ номын монгол хэвлэлийг эрхлэн гаргаж байна. Тус сангаас Никколо Макиавелли, Жан жак Руссо, Жон Роулс нарын сонгодог бүтээлүүдийн монгол хэвлэлийг эрхлэн гаргаж байсныг мэдэх юм. Эдгээр сонгодгуудаас гадна философийн 2-3 жинтэй бүтээл хөрвүүлэн гаргаж байсан билээ. Сангийн хамт олонд Монголын иргэдийг соён гэгээрүүлэх үйлсдээ их амжилт олохыг хүсэн ерөөе!
….Есөн жилийн өмнө энэ мөрүүдийг бичиж байхад, Хавайн шүүхэд гэй болон лэсби хосуудын гэрлэлтийг үл зөвшөөрөх нь үндсэн хууль зөрчиж буй хэрэг гэсэн заргыг авч хэлэлцсэн юм. Шүүх нэхэмжлэгчдийн эсрэг шийдвэр гаргасан боловч дараа жил нь Массачусэтсын дээд шүүх энэ нэхэмжлэлийн талд шийдвэр гаргав. Гэй болон лэсби хосууд үндсэндээ гэрлэх эрхтэй болсон хэрэг. Гэхдээ хэдэн сарын турш Үндсэн хуулийн нэмэлтийн талаар маш ширүүн маргаан явагдаж, удтал хүлээсний эцэст ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Массачусэтсэд албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Амеркийн нэгдсэн улсын Төлөөлөгчдийн Танхимын олон гишүүн ижил хүйстний гэрлэлтийг үндсэн хууль зөрчсөн хэрэг хэмээн батлахыг оролдон, ихэд махрав. Ерөнхийлөгчийн сонгуулийн компанийн үеэр ч энэ нь гол сэдвийн нэг болсон. Тэгэхээр, энэ асуудал ёс зүйн маш олон асуудлыг хөндөх нь тодорхой. Энэ бүлгийн эхэнд дурдагдсан онолын ээдрээт асуудлуудын талаар гүзгийрүүлэн, эргэцүүлэх шаардлагатай болж байна. Иргэн хүн гэж хэн бэ? Бүх иргэн ижил эрх, үүрэг, эрх дарх, хариуцлага хүлээх үү? Бидний ёс суртахууны үндэс, суурь юу вэ? Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хэлцэл үү, тэнгэрийн бошиг уу, байгалийн жам ёс уу? Ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаарх маргааныг шийдвэрлэхийн тулд эсрэг, тэсрэг шийдвэрүүдийн авчрах аз жаргал хийгээд золгүй байдлыг жинлэх үзэх ёстой юу, ямар ерөнхий зарчим эрүүл саруул оюун ухаанд тохирох талаар асуух нь зүй юү?
Анагаах ухааны ёс зүй
…..Өрхийн, эмэгтэйчүүдийн, мэс засалч, задлангийн гэсэн дөрвөн эмч нугасны анд явж гэнэ. Нэгэн шувуу дээгүүр нь нисэх үед өрхийн эмч буудаад, зориуд оносонгүй. Учир нь, нутас мөн үү, биш үү гэж эргэлзээд байж. Эмэгтэйчүүдийн эмч нэг буудсанаа, буугаа доошлуулав. Тэрээр эр нугас уу, эм нугас уу гэдгийг мэдсэнгүй гэнэ. Харин мэс засалч буудаж унагачхаад, задлангийн эмч рүүгээ эргэн харж “ Нугас мөн үү, биш үү гэдгийг мэдээд ир” гэсэн гэдэг.
Гадаадын зохиолчдын номыг худалдан авахдаа би эхлээд орчуулагчийн нэрийг харна. Дараа нь хуудасыг нь сөхнө. Зарим гадаадаас орчуулсан ном бол “модон” хэллэгээр дүүрэн байх нь элбэг. Харин Б.Батчулуун докторын ном бэст орчуулгатай. Б.Батчулууны орчуулсан Робэрт Пол, Вольфийн “ Философийн тухай” номыг философичдоос гадна хуульчид, хууль батлагчид маань нэг уншаад үзэхэд зүгээр санагдав.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ