"ЭЕШ-ыг долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

"ЭЕШ-ыг долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна"

"ЭЕШ-ыг долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна"

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл энэ сарын 20-нд дуусна. Хэрэв энэ хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэх боломжгүй гэдгийг албаны хүмүүс мэдээлж буй. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн шалгалт, судалгаа хариуцсан Хэлтсийн дарга  М.Болдсайханаас тодруулаа.


-ЭЕШ-ын бүртгэл дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Одоогоор бүртгэл хэчнээн хувьтай байна. Их, дээд сургуульд элсэгчдийн идэвх оролцоо хэр байна вэ?

-ЭЕШ-ын бүртгэл дуусахад 14 хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвийн гэсэн үг. Элсэгчдийн хувьд шалгалтын товыг ойртуулж бүртгүүлдэг.

Нийслэлд ерөнхий боловсролын сургуулиуд элсэгчдээсээ нэгдсэн журмаар бүртгэл авч, мэдээллийг нь авч байгаа. Орон нутагт Дорноговь, Дорнод, Ховд, Орхон аймагт бүртгэл дууссан. Мөн бусад аймгуудын тухайд бүртгэл эрчимтэй байна.

Тэгэхээр ойрын өдрүүдэд элсэгчид амжаад бүртгүүлчих байх гэж харж байна. Мөн Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдаас гадна өмнөх онд төгссөн 2000 орчим элсэгч бүртгүүлсэн байна.

-Бүртгэлийг цахимаар авч байгаа ч орон нутаг интернетэд холбогдох боломжгүй алслагдсан газарт байгаа хүүхдүүд бүртгэлээ хэрхэн өгөх вэ. Бүртгэлийн хугацаа дууссанаас хойш дахин бүртгэх боломжгүй гэдгийг анхааруулж байгаа шүү дээ?

-Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдтэй тухайн сургуулиас нь холбогдож, нэгдсэн журмаар бүртгэлийг зохион байгуулж байна. Жишээ нь, хил дагасан бүсэд  аав, ээжтэйгээ амьдарч буй  100 гаруй хүүхэд бий. Эдгээр хүүхдэд Хил хамгаалах ерөнхий газраас дэмжлэг үзүүлж, нэгдсэн журмаар бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ мэтчилэн аль болох  ахлах ангийнхан, өмнөх оны төгсөгчдийг бүртгэлд хамруулахаар ажиллаж байна.

-Нийслэлд ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн өмнөх оны төгсөгчид орон нутагт ЭЕШ өгч болох уу. Мөн орон нутагт байгаа хүүхдүүд яах вэ?

-Өмнөх оны төгсөгчид ЭЕШ өгөх газраа өөрсдөө сонгож болно. Жишээлбэл, Дорнод аймгийн хил дээр цэргийн алба хааж байгаа бол аймагтаа шалгалт өгөх боломжтой гэсэн үг. Харин энэ онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсч буй ахлах ангийн сурагчид тухайн сурч буй сургуулийнхаа харьяа газарт шалгалтаа өгөх ёстой.

-Дотоодод цар тахлыг алдсан эрсдэлтэй үед ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулах вэ. Мөн энэ жилийн шалгалтын хуваарийг баталсан уу?

-Бидний тооцоолсноор энэ онд 39 мянган хүүхэд ЭЕШ өгөх тооцоо байна. Шалгалтыг ирэх зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ Боловсрол шинжлэх ухааны яам ЭЕШ-ын товыг эцсийн байдлаар гаргана байх. Энэ нь цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтын явцаас шалтгаалах болов уу. Өнгөрсөн жил 30 мянга гаруй шалгуулагч ЭЕШ өгсөн. Тухайн үед УОК, ЭМЯ-ны өгсөн заавар зөвлөмжийн дагуу ширээ сандлын хоорондын зай, нэг ангид суух хүүхдийн тоог авч үзвэл шалгалтын 85 байр шаардлагатай болсон.

Ширээ хоорондын зай 2.5 метр, нэг ангид суух хүүхдийн тоо 12 байх зохицуулалт хийж байв. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 100 орчим шалгалтын байр шаардлагатай байна. Энэ нь одоогоор нийт шалгуулагчийн тоогоор судлахад ийм дүн гарч байгаа юм.

Өнөөдрийн байдлаар шалгалтын байрын тоог нэгдсэн байдлаар гаргахаар ажиллаж байна. Шалгалтын байр тодорхой болбол тус байранд шалгалт өгөх хүүхэд, ажиллах эмч ажилчид, багш нарын тоо мэдээлэл нарийн гарна гэсэн үг.

-Их дээд сургуульд элсэгчдэд  ЭЕШ-ын талаарх мэдээлэл хангалттай хүрч байна уу?

-Бид долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт “Мэргэжилтэн зөвлөж байна” гэсэн буланг МҮОНРТ болон цахим хуудсаараа лайв, мэдээллийг хүргэж байгаа. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас хангалттай мэдээллийг өгч байна. Мөн шалгалтад хэрхэн бэлдэх вэ гэх сэдвээр нийслэл орон нутгийг сурагчдад зориулж цахим сургалтыг зохион байгуулсан. Сурагчдын ирц, идэвх оролцоо 80 хувьтай байлаа.

Шалгалттай холбоотой бүхий л мэдээллийг www.eec.mn сайт болон сурагчдын и-мэйл хаягаар хүргэдэг. Гэвч хүүхдүүд сайт руу ханддаг, и-мэйл хаягаа ашиглах нь маш ховор байдаг юм байна. Бидний ажигласнаар хүүхдүүд өөрсдөдөө хэрэгтэй мэдээллийг эрэн хайхгүй байна.

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-тай холбоотой постер мэдээллийг өдөр бүр нийтэлж байгаа шүү дээ. Төгсөх ангийн сурагчид мэдээллийн олон эх сурвалжаас өөрсдөдөө хэрэгтэй мэдээллийг авч ашиглах хэрэгтэй байна.

-Цар тахлын улмаас хоёр жил дамнан сурагчид зайнаас хичээллэсэн. Өнгөрсөн хугацаанд тогтоосон хөл хорионы нөлөөгөөр ахлах ангийнхны ЭЕШ-ын дүн буурах магадлал ч бий. Шалгалтын материалыг хэрхэн боловсруулах вэ?

 -ЭЕШ-ын даалгаврыг танхимаар судалсан агуулгад нь үндэслэн боловсруулна. Олон нийт 2019 онд ЭЕШ өгсөн төгсөгчдийн дүн 2020 онд шалгалт өгсөн хүүхдүүдийн дүнтэй харьцуулахад ямар байв гэдгийг сонирхож байгаа. Үүнд ялгаатай зүйл байхгүй. Өнгөрсөн жил цар тахлын улмаас сурагчид гэртээ хөл хорионд хичээллэсэн.

Иймд тухайн үед танхимаар судалсан агуулгад үндэслэн ЭЕШ-ын даалгаврыг боловсруулдаг. Энэ жил төгсөх ангийнхан танхимын сургалтын дөнгөж 30 хувийг судалсан байхад 2019 оны танхимын сургалтын 100 хувийн агуулгаар шалгалтын материал бэлдвэл сурагчид хохирно. Тиймээс огт судлаагүй хичээлийг нь шалгалтын материалд оруулахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж