Пакистаны Ерөнхий сайд Имран Хан саяхан телевизийн ярилцлагад оролцохдоо эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд даруухан хувцаслаж, эрчүүдээс хол явахыг зөвлөснийхөө улмаас шүүмжлэлд өртөөд байна.
Телевизийн шууд ярилцлагын үеэр үзэгчид бэлгийн хүчирхийллийн хэргийг бууруулахад түүний Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа талаар асуужээ. Харин тэр хариуд нь "Ийм төрлийн гэмт хэрэг нь маш жигшүүртэй" гэдгийг онцлоод хөрш Энэтхэг болон Холливудын киноны нөлөөгөөр тус улсад хүчирхийллийн гэмт хэрэг өсч байгаа хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд даруухан хувцаслаж, эрчүүдээс хол явахыг охид, эмэгтэйчүүдэд зөвлөжээ.
Имран Ханы энэ ярилцлага тус улс даяар шүүмжлэл дагуулж, хүний эрхийн байгууллагууд ч түүнийг олон нийтээс уучлал гуйхыг шаардсан байна.
Пакистан улс нь эмэгтэй хүн амьдрахад хамгийн аюултай орнуудын нэгт тооцогддог. Өдөрт хамгийн цөөндөө 11 хүчингийн хэрэг гардаг байна. Гэвч ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн нэг хүрэхгүй хувь нь шийтгэл эдэлдэг, үлдсэн нь зүгээр өнгөрдөг байна.
Эх сурвалж: Al Jazeera
Холбоотой мэдээ