О.Банзрагч: ХХБанк ногоон банк болохоор тууштай ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

О.Банзрагч: ХХБанк ногоон банк болохоор тууштай ажиллана

Сорилт бүхэн боломжийг дагуулдаг, к-19 ч гэсэн биднийг технологид суурилсан ногоон хөгжилрүү тэмүүлж байгааг зөв болохыг улам бататгаж өглөө

Цар тахлын нөхцөл байдал банк санхүү, бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаарх сэдвээр яриагаа эхлүүлье. Дэлхийг нөмөрсөн цар тахлын үед Худалдаа хөгжлийн банк хүндрэл, эрсдэлийг хэрхэн удирдаж байна вэ? Та бүхэнд энэхүү хүнд сорилт ямар сургамж үлдээв?

– Юун түрүүнд дэлхий нийтэд тулгараад буй энэ удаагийн хүнд нөхцөл байдал нь өмнө тулгарч байсан хямрал хүндрэлүүдээс ялгаатай бөгөөд зөвхөн эдийн засаг биш, эрүүл мэнд, нийгмийн бүхий л салбарыг хамарч байгаа тул хүн төрөлхтөн бэлэн биш байлаа.

Банк нь эдийн засгийн бүхий л салбартай хамтран ажилладгийн хувьд цар тахлын сөрөг нөлөөг хамгийн их мэдэрч буй институтуудын нэг болоод байна. Мэдээж хэрэг харилцагчдын бизнесийн үйл ажиллагаа саатсанаас үүдэн зээл олголт хумигдсан нь банкны ашигт ажиллагаанд шууд нөлөөлж байгаа. Хэдий тийм ч бид ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, харилцагчдынхаа хүндрэлийг хамтдаа даван туулахаар зорин ажиллаж байна.

Нэг тоо дурдъя. Банкны салбарын чанаргүй зээлийн түвшин 2020 онд 1.7 функтээр өссөн бөгөөд задалж харвал жижиг, дунд бизнесийнхний чанаргүй зээлийн түвшин нэлээд өссөн байна. Энэ нь цар тахлын нөлөө жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэлээд хүнд тусч байгааг илтгэж байна.

Хөл хорионы улмаас үүссэн хүндрэлийг хамтдаа даван туулахын тулд банк орлого буурсан харилцагчдын зээлийн хүү болон үндсэн төлөлтийг хойшлуулах, хүүний хөнгөлөлт эдлүүлэх зэргээр харилцагчдынхаа гарах мөнгөн урсгалыг багасгахад дэмжлэг үзүүлж байна. Энэ нь ирээдүйд учирч болох бүр том эрсдэлээс сэргийлэхийн тулд банк өнөөгийн ашигт ажиллагааг хойш тавьж ажиллаж байгаа түүхэн алхам юм.

Өнгөрөгч 2020 оны туршид банкны салбарын хэмжээнд нийт 7.2 их наяд төгрөгийн зээлийн багцын нөхцөлд өөрчлөлт оруулж, төлбөрийн хуваарийг хойшлуулаад байна. Энэ үзүүлэлт манай банкны хувьд 2021.02.28 өдрийн байдлаар 2.6 их наяд төгрөгийн дүн бүхий 30,000 гаруй харилцагчийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан гэж гарч байна.

Хэдийгээр харилцагчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, зээл олголт хумигдсан боловч системийн нөлөө бүхий банкнуудын хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа болон өөрийн хөрөнгийн хүрэлцээ төв банкны шаардлагаас өндөр хэвээр байгаа нь Covid-19-ын нөлөө банкны салбарын хөрвөх чадвар, эрсдэл даах чадварт хүчтэй нөлөөлөхгүйг харуулж байна.

Төв банк, Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкнуудаар дамжуулан 2 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 2 их наяд төгрөгийн орон сууцны зээл гарах төлөвлөгөөтэй байгаа. Цаашид 2021 онд вакцинжуулалт амжилттай хэрэгжиж, эдийн засгийн үйл ажиллагаа сэргэнэ гэж өөдрөгөөр төсөөлж байгаа. Олон улсын байгууллагууд болон Төв банк Монгол улсын эдийн засгийг 2021 онд 4-5 хувь орчмоор өснө гэсэн хүлээлттэй байгаа.

Аль аль талаас дэмжин, хүнд үеийг хамтдаа даван туулахаар зорьж байгаа ч харилцагч, хэрэглэгчдийн эрэлтийг буцаад хуучин үеийн түвшинд аваачтал цаг хугацаа нэлээд шаардагдахаар байна. Үүнийг товчлон туулах дөт зам бол яах аргагүй технологийн шийдэл байх нь гарцаагүй бөгөөд бид банкныхаа харилцагчдынхаа ихэнх асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэхээр зорих болсон. Нөгөө талаас ногоон бизнесийг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагууд хаа хаанаа хөхүүлэн дэмжих замаар гэгээлэг ирээдүйг бүтээх боломжтой гэдгийг дэлхий нийтэд ковид маш сайн ойлгуулж өгсөн болов уу. Сорилт бүхэн боломжийг дагуулдаг, к-19 ч гэсэн биднийг технологид суурилсан ногоон хөгжилрүү тэмүүлж байгааг зөв болохыг улам бататгаж өглөө.

Ногоон бизнесийг дэмжиж ажиллана гэдгээ та илүү тодруулаач, энэ тал дээр Худалдаа, хөгжлийн банк ямар дорвитой бодит алхмуудыг хийх вэ?

-Худалдаа хөгжлийн банк гэж ярихаас өмнө хэзээнээс, яагаад ногоон хөгжлийн асуудал ярих болов, үүнд олон улс хийгээд Монголчууд хэр анхаарал хандуулж ирсэн талаар товч мэдээлэл өгье.

Аж үйлдвэржилт эрчимтэй хөгжсөн 1800 оноос хойш дэлхий нийтээр эдийн засгийг хөгжүүлэхэд байгаль орчинд учирч болох эрсдэлийг тооцолгүй явж ирсэн. Нөгөө талаас эргээд байгаль орчны асуудал, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засагт ямар сөрөг үр дагавар авчрахыг мөн тооцдоггүй байжээ. Гэтэл өнөөдрийн өндөрлөгөөс эдийн засгийн, байгаль орчин хоёр хоорондоо нягт хамааралтай болохыг нийтээрээ харж байна.

Уламжлалаараа бол Монголчууд бид шиг байгальтайгаа зохицон амьдардаг улс дэлхийд ховор билээ. Гэтэл манай улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, гачиг, зуд, хүчтэй салхи, шуурга, үер усны аюулт үзэгдэл тохиолдох нь элбэг болсон. Саяхан л гэхэд Дундговь аймагт байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурга болсны улмаас есөн хүн амь насаа алдлаа. Өвлийн улиралд жил бүр дунджаар 1-2 сая мал хорогддог. Цаашилбал нийслэл Улаанбаатар хотод нэлээд ноцтой үерүүд болж айлын гэр, хашаа нурж хог хаягдал, бохиртойгоо урсан хотын  хөрсийг бохирдуулсаар байна. Усны нөөцийн хомстол бол бидний өмнө тулгарч буй  хамгийн ноцтой, шийдлээ хүлээсэн нэн тэргүүний асуудал билээ.

Энэ мэтчилэн эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн уялдаа холбоог нягт хангах зорилгоор олон улсын түвшинд олон шинэ бодлого, санхүүгийн эх үүсвэр, шинэ бизнесийн стандарт загварууд гарсаар байна. НҮБ-ын хүрээнд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилт, мөн дэлхийн анхны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын Гэрээ гэсэн хоёр том бодлогын баримт бичгийг баталсан. Аль алийг нь НҮБ-ын гишүүн орнууд хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна.

Түүнчлэн дэлхийн 110 гаруй улс, Япон, Солонгос бүр БНХАУ хүртэл 2050, 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтаараа саармаг улс болохоо зарласан. Түүнээс гадна дэлхийг дамнасан том компаниуд байгаль орчинд ээлтэй бизнесийн загварт шилжиж байна, электрон автомашины үйлдвэрлэл хүчээ авч байна, бидний сайн мэдэх жишээ бол Тесла машины үйлдвэр. Дэлхийн зах зээл дэх ногоон бондын хэмжээ 2020 онд 1 их наяд ам.долларт хүрсэн бол 2023 он гэхэд хоёр их наяд ам.доллар болж өсөх төсөөлөлтэй байна. Энэ нь дэлхийн хүрэн эдийн засаг ногоон руу эргэлт буцалтгүй шилжиж эхэлсний бодит илрэл болов уу.

Худалдаа хөгжлийн банкны хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын дөрвийг нь тусгайлан авч  үзэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Үүнд Чанартай боловсролыг дэмжих, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн 4 зорилт багтдаг юм.

Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөр нь авч үзвэл банк санхүүгийн салбар нь байгаль орчин, нийгмийн тэнцвэрт байдлыг хангасан ногоон эдийн засгийг бүтээхэд жинтэй хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байгаа. Иймд манай банк НҮБ-н Уур амьсгалын ногоон сангийн Монгол дахь үндэсний итгэмжлэгдсэн байгууллагын хувьд ногоон банк болохоор тууштай ажиллана.

Тэгэхээр танай банк ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэсэн үг үү?

-Яг тийм. 2020 онд ХХБ-ны үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой болж, бид хамт олноороо өнгөрснөө эргэн дүгнэж, ирээдүйн зорилгоо томьёолсон билээ. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд харилцагч нартайгаа хамтран Монгол улсын хөгжлийг түүчээлж ирсэн, цаашид ч тэмүүлсээр байх нь гарцаагүй. Ингэхдээ манай орны хөгжил цэцэглэлт, сайн сайхан ирээдүйд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэж, Монгол улсыг тогтвортой хөгжилд хөтлөгч банк болох томоохон зорилгыг тавьсан юм. Энэхүү стратеги зорилгын хүрээнд банкны бодлого, бүтэц зэрэг шинэчлэгдэхээс эхлээд харилцагчдад очих бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хүртэл өөрчлөгдөж байна.

Энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн хамгийн гол  тулгуур нь ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА тэмүүлэх явдал юм.  ХХБ нь дараагийн 30 жилд бүх талын оролцоог хангаж, хамтын үнэ цэнийг бий болгосон байгаль орчин, нийгэм, эдийн засаг гээд бүх талаар үр ашигтай бизнесүүдэд ногоон санхүүжилтийг олгон, дэмжин ажиллана.

Мөнгөний эх үүсвэрүүд ногоон болж, өртөг нь буурч байна. Нөгөө талдаа залуу үеийнхэн маань минамилист, технологид суурилсан амьдралын хэв маягтай болж хэрэглээ нь илүү ухаалаг болж байна. Тэгэхээр бизнесийн салбар маань энэхүү хэрэгцээнд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай юм.

Ногоон бизнесүүд гэдэгт ямар бизнесүүдийг хамруулж ойлгох уу? Хэдий хэмжээний санхүүжилтийг, хэзээнээс эхэлж олгох боломжтой вэ? Зээлийн хүү бусад бизнесүүдийнхээс ялгаатай юу?

-Бид цаашид ногоон зээлийг энгийн зээлийн адил өргөн хүрээнд бүх салбарт, бүх харилцагч нартаа таатай нөхцөлөөр олгохоор зорьж байна. 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын санхүүжилтийг тогтвортой, ногоон хөгжилд нийцсэн үйл ажиллагаанд олгох зорилттой ажиллаж байна.

Ногоон бизнес гэхээр санхүүгийн хувьд өгөөж багатай, өртөг зардалтай байсан үе өнгөрч байна. Технологи хурдацтай хөгжиж өртөг нь харьцангуй буурч нөгөө талдаа ногоон санхүүгийн эх үүсвэрийн зардал бага болж байгаа нь бизнест харин ч олон талын үр ашигтай болж ирж байна. Санхүүгийн хувьд ч, байгууллагын нэр хүнд, бизнесийн тогтвортой байдалд ч гээд давхар давхар эерэг нөлөөтэй.

Хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэрийн хувьд манай банк 2020 онд НҮБ-ын харьяа дэлхийн уур амьсгалын хамгийн том сан болох Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болж, нэг удаадаа 50-250 сая ам.долларын хөнгөлөлттэй ногоон санхүүжилтийг, 40 хүртэлх жилийн хугацаатайгаар харилцагчид даа олгох боломжтой болсон. Энэ бол Монгол улсад олгож буй асар том боломж юм.

ХХБ-ны хувьд байгаль орчин, нийгмийн асуудлыг шинэлэг байдлаар шийдвэрлэсэн бизнесүүдийг санхүүжүүлж хамтран ажиллахад нээлттэй байна. Барилгын хувьд ус, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй будаг, материал ашигласан, бүр цаашлаад усаа дахин ашигладаг, гаднаа ногоон байгууламжтай, явган хүний замтай байх гэсэн гэх мэт ерөнхий шаардлагатай. Нарийвчилбал: 1. Байгалийн нөөц болох эрчим хүч, усны хэмнэлттэй технологи, үйлдвэрлэл, 2. Үер ус, салхи шуурганд тэсвэртэй дэд бүтэц, байгууламж барих, 3. Усалгаатай газар тариалан эрхлэх, 4. Ой мод үржүүлэх, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг тогтвортой бизнесийн үйл ажиллагаанд ногоон зээлийг олгоно.

Харин иргэддээ эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнүүд, эко-жорлон, агаар цэвэршүүлэгч, эко-авто машин, унадаг дугуй худалдан авах, эко-аялал хийх зэрэгт ногоон зээлийг олгох боломжтой. Иргэдэд зориулсан ногоон зээлийн зарим бүтээгдэхүүнийг бид shoppy.mn -тай хамтран цахимаар олгож эхэлсэн.

Ногоон хөгжилд тэмүүлсэн хэн бүхэн манай банканд хандаарай гэж хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж