Чуулган: Хүүхдийн төлөө сангийн тухай хууль эцэслэн батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Хүүхдийн төлөө сангийн тухай хууль эцэслэн батлагдлаа

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, April 7, 2021

14 : 13
2021-4-8

Хоршооны тухай хуулийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын Пүрэв гаригийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Одоо Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хүүхдийн төлөө сангийн тухай хуулийг эцэслэн батлах томьёоллоор санал хураахад 58 гишүүний 42 нь буюу 72.4 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн төслүүд 67.2 хувийн саналаар дэмжигдлээ.

Ийнхүү УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гаригийн хуралдаан өндөрлөлөө.

 

13 : 04
2021-4-8

С.Чинзориг: Хоршоод банкнаас зээл авах боломжтой болно

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, April 7, 2021

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Монголд 4000 орчим хоршоо байгаа байх. Хуулийн төслөөр ямар гол өөрчлөлт орох вэ. Мэргэжлийн хүмүүсийг хуулийн төсөлд оролцуулмаар байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Энэ хуулиар хоршоо өөрийн гэсэн хөрөнгөтэй байх юм. Ингээд гишүүдийнхээ оруулсан хөрөнгөөр хоршооны нэр дээр тухайн хөрөнгийг бүртгэж өгдөг болно. Ингэснээр хоршоо өөрийн нэрээр арилжааны банкаас зээлэх боломжтой болно. Гишүүддээ үйлчилж байгаа хоршооны зуучлалын үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авдаггүй байх зохицуулалт хуульд орсон. Ноолуураа ченжүүдэд зарчихаар татвар авдаггүй тал бий. Хоршоо нь ноолуурыг аваад үйлдвэрт борлуулж, НӨАТ авдаг асуудлыг цэгцэлнэ. Хоршоог төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай.

Ингээд УИХ-ын Пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

11 : 54
2021-4-8

С.Бямбацогт: Хууль ярилгүйгээр улс төр яриад баймааргүй байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-МАН 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчтэй болно гэснээс хойш хууль зөрчих үйл явц явж байна. Одоо Цэцийн гишүүд рүү орж байна. Бүх зүйлд улстөржсөн тайлбар хийх юм. Томилгоог дээрэмдэж болохгүй. Бие даасан шүүгчтэй болох асуудлыг С.Бямбацогт замхруулах нь. Ёс зүйтэй байцгаа л даа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Би Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайд байхад нь Засгийн газрыг нь огцруулах тал дээр нэлээд ажиллаж байсан. Одоо түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө өширхдөгөө боль. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Хууль ярилгүйгээр улс төр яриад баймааргүй байна. Хаа хамаагүй зүйл яриад баймааргүй байна. Хуулиа унш. Тэгээд ярь. Бүх зүйл хуулийн дагуу болсон.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх саналын томъёоллоор санал хураахад 58 гишүүнээс 48 нь дэмжиж, 82.8 хувийн саналаар Байнгын хорооны санал дэмжигдлээ.

Одоо Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

10 : 46
2021-4-8

Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Цэцийн гишүүдийг томилох асуудалд Ерөнхийлөгч давуу эрхтэй оролцох эрхтэй. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй. АН-ын гишүүд тэгж ойлгогдохоор юм ярьж байна. Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл бол байхгүй. Хэлэх үгээ хэлэх боломжтой. Мэдээж Ерөнхийлөгч шаардлага тавьж, хяналт тавих эрхтэй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нэг жил дөрвөн сар солиогүй Цэцгийн гишүүнийг 3-4 хоногт солих гэж байгаа нь өөрсдөдөө тохируулж хуулийг өөрчилж байна. Одоогоор Цэцийн гишүүд 10 болчихоод байна. Үүнд тайлбар өгөөч. Мөн Байнгын хороо дээр санал хураагаагүй хоёр заалт УИХ дээр шууд орж ирсэн. Энэ нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн. Ингэснээр та нар хоорондоо зөрчилдөж эхэлнэ. С.Бямбацогт гишүүн та үүнд тайлбар өгнө үү.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Бүгд жишгийн дагуу явсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Одоогоор хориг хүлээгээд авчихвал Цэц 10 гишүүнтэй болчихно. Томилсноор дараагийн гишүүний эрх дуусгавар болно.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Асуулт асуухаар худал зүйлийг улиг болтол ярих болохоор асуулт асуулгүй саналаа хэлнэ. Цар тахал гарснаас хойш 1.4 жил боллоо. Энэ хугацаанд цахимаар хуралдаж, шаардлагатай бус зүйлийг хэлэлцэж, баталж байна. Гэнэт өнөөдөр яагаад танхимаар хуралдах болов. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болохоор л танхимаар хуралдаж байна. Ерөнхийлөгчтэй эрх мэдлийн тэмцэл хийж байна. Асуултаар далимдуулж худал тайлбар ярьдгаа боль. Ард түмэн бүгдийг харж, мэдэрч байгаа. Covid-19-өөс болж ард түмэн гудамжид гарахад бэлэн байна шүү. Цэцийн гишүүний асуудал нэг жил дөрвөн сар зүгээр явж байснаа яагаад одоо оруулж ирж байна вэ. Энэ үйл явц зүгээр таарлаа юу, Та нар тааруулж байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Ч.Туваан:

-Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хууль дээр маргаан үүсч байгаад гайхаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг сонгож болох, болохгүй гээд маргаад байж болох уу. 

Цэцийн хоёр гишүүний асуудлыг ярьж байхад нэгийг нь үлдээгээд нэгийг нь аваад үлдчихэж болдог юм уу. АН-ыг дэмжсэн шийдвэр гаргаж байгааг нь явуулчихдаг, нөгөөхийг нь үлдээж байгаа нь тэгш эрхэд нийцэх үү. Сонгуульд хоёр гарыг, хоёр хөлтэй нь хүлчихээд өрсөлдөх гээд байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд УИХ халдаад байна уу, УИХ-ын эрхэд Ерөнхийлөгч халдаад байна уу.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Сонгуультай холбоотойгоор улс төр хийгээд байгаа болохоос хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Цэц 10 гишүүнтэй болох гээд байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Цэцэд нөлөөлдөг байдлаа болих хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгч зам хааж байгаад ҮХЦ дээр очиж байгаа юм бэ. Монголд засаглал хэв горимдоо ормоор байна. Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол энэ улс жонхуурч дууслаа. Хэн нэг хүн таалагдахгүй бол хориг тавьдаг байж болохгүй. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн энэ хоригийг хүлээж авч болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Олонхоороо түрүү барьж Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийн бага суудлын хуралдаанаар нэг хүнийг нь сугалаад авч байна. Үүнийг яаж ч тайлбарлаад хэрэггүй. Үргэлжилж байгаа хурал дууссаны маргааш нь чөлөөлж болоогүй юм уу. Ажлаа хийж байхад нь шууд сугалаад хаяж болдог юм уу. Энэ асуудал 1.4 жил хэвийн үргэлжилж байсан атал яг хурлын үеэр сугалдаг нь ямар учиртай юм бэ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг нэгээр нь сугалж байна. Хууль хяналтын байгууллагаас гараа татах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Өнөөдрийн яригдаж байгаа асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоод завааруулаад байна. Хуулийн заалт нь байхгүй болохоор Цэцийн гишүүний томилгоог 1.4 жил хүлээсэн юм. Цэцэд байгаа АН-ыг дэмжиж байгаа хүнийг сугаллаа гэж ярьж байна. Цэцэд манай хүн танай хүн гэх зүйл байж болохгүй. Гуравт, Үндсэн хуулийн хямрал руу явж байна гэлээ, гудамжид гарах гэж байна гэлээ. Ийм яриаг бэлдэж, уриалж дуудаж байгаа хүн хэлдэг. Бид сэрэмжтэй байх хэрэгтэй болж.

10 : 14
2021-4-8

Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж :

-Өнөөдөр үдээс өмнөх хурлаар нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Тиймээс шахуу ажиллах ёстой. АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхэд УИХ-ын дарга идэвхтэй ажилламаар байна. Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг хэлэлцэж нэг талд нь гаргаач. Унаж яваа машин нь хуурамч шатахуунаас болж эвдрээд байх уу. Энэ асуудлыг тоохгүй байгаа төр ямар гэгчийн төр вэ. Иргэдийн машины хохирол хэчнээн тэрбум, их наядаар гарах вэ. Хуурамч шатахууны хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.

Хоёрт,  НӨАТ-ын тухай хууль. Хөл хорионы үед тодорхой хэмжээний орлого багассан энэ үед НӨАТ-ыг таван хувь болгох. Буцаалт нь хоёр, төлөх нь гурван хувь. Болохгүй бол өндөр, тансаг хэрэглээ дээр 10 хувь хэвээр байлгах хэрэгтэй байх. Хэлэлцүүлгийн хувьд олон төрлийн хувилбарыг хэлэлцэж болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өнөөдрийн хэлэлцэх асуудлын тоо нь цөөн ч агуулга нь өргөн. Даргын дэргэдэх зөвлөлөөр хуулиудын асуудлыг ярилцсан. Энэ асуудлыг Байнгын хороо дээрээ ярилцах хэрэгтэй. Татварын хууль болох анхдагч хуулийг гишүүд санаачлах эрхгүй. Зөрчилтэй байна гэж үзэж байгаа учраас энэ хууль орж ирэхгүй байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийг сахиулах баталгаа болж байх ёстой Үндсэн хуулийн Цэцийг байгуулах, түүний гишүүдийг томилж, чөлөөлөх асуудалд УИХ дур зоргоор хандаж, Үндсэн хууль болон бусад хуульд байхгүй эрхийг эдэлж байна гэж үзэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн уг хоригийг Байнгын хорооны хуралдаанаар хүлээн авах боломжгүй гэж үзэж байгааг илэрхийлсэн юм. Харин АН-ын бүлгийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

 

09 : 23
2021-4-8

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.4.8/ 10.00 цагт эхэллээ. Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

  • Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж