"Өлгийтэй үрээ харах мөч хамгийн сайхан байсан"

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

"Өлгийтэй үрээ харах мөч хамгийн сайхан байсан"

"Өлгийтэй үрээ харах мөч хамгийн сайхан байсан"

Нас нь хэвийхийн хэрээр улам л жижгэрсээр буй намхан жаахан эмээ. Өдгөө 72 насыг шүргэж яваа Ж.Ичинхорлоо гуай залуудаа 90 см өндөр байж. Одоо 69 см өндөр тэрбээр Монголын хамгийн намхан эмэгтэй юм.

Ж.Ичинхорлоо гуайг 1990 онд Монгол Улсын хамгийн намхан хүнээр албан ёсоор тодруулж, номын хуудаст тэмдэглэж байсан түүхтэй. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул, мянга мянган буурай нарын төлөөлөл болсон түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцлаа.


-Сайхан хаваржиж байна уу та?

-Сайхан хаваржиж байна. Манай нутгаар цас, бороо ороогүй л байна. Хэдийгээр хар өвөл болсон ч урин цаг ирж байна. Сайхан цаг ирэх байлгүй дээ. Эмээ нь одоогоор гэртээ ганцаараа амьдарч байна даа. Ач маань Дархан хот руу яваад ирээгүй байна. Цар тахал гэх айхтар өвчин гараад зээ нартайгаа ч уулзаж чадахгүй юм байна. Тэдэнтэйгээ хааяа л утсаар ярина. Их санах юм.

-Ганцаараа амьдрахад заримдаа хэцүү юу?

-Ач маань надад түлээ бэлдээд өгдөг байсан юм. Дархан яваад ирэлгүй удаж байна. Нүүрс хагалах л их хэцүү юм билээ. Ирж яваа цаг болохоор өдөр бүр нүүрс хагалах шаардлагагүй болж байна. Гэхдээ л заримдаа гэртээ хүйтэн хонох үе бий. Бусад үедээ радиогоо сонсоод, ач зээ нараа ирэхийг нь хүлээсэн шигээ амьдарч байна.

-Таныг хүмүүс Монголын хамгийн намхан эмэгтэй гэх юм. Энэ тухай та хамгийн анх хэзээ сонсч байв?

-Эмээг нь хүмүүс Улаан номонд орсон гэнэ. Хамгийн намхан эмээ гэнэ. Хамгийн намханаар шалгарсан азтай гэдэг юм. Олон зүйл дуулах юм байна шүү дээ. Телевизээс хүмүүс холбогдож “Таныг хамгийн намхан эмээгээр тодруулж байна, хотод хүрээд ирэх үү” гэдэг. Эмээ нь нас хэвийх хэрээр хөл муудаж, сайн алхаж чадахгүй болсон.

-Төрөөс танд дэмжлэг үзүүлдэг үү?

-Зарим хүмүүс хэлдэг юм. "Та Монголын хамгийн намхан хүн байтал төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой" гэж. Эмээ нь төрийн дэмжлэг авч үзээгүй ээ. Цагаан сар дөхөхөөр л гурил будаа өгдөг . Уг нь ганц бие ч гэлээ хүнсний талонд нь хамрагдчихмаар л байдаг. Даан ч олдохгүй, гуйгаад ч өгөхгүй юм билээ дээ. Хааяа хүмүүс ирж өндөр, жин үзчихээд л явна шүү дээ.

-Одоогоор таны жин хэд байна. Өндөр нь 69 см гэсэн өөрчлөгдсөн үү?

-Өнгөрсөн сард биеийн өндөр, жингээ хэмжүүлсэн юм. Жин 28 байсан нь 30 кг болсон байна билээ. Нас хэвийж хөдөлгөөн багасахаар жин нэмдэг юм байлгүй дээ. Харин өндөр бол өөрчлөгдөөгүй ээ. Би 69, 70 см орчим  л байсан болов уу. Уг нь залуудаа 90 см өндөртэй байсан юм. Одоо ч улам жижигрээд, хөдөлгөөн ч багасаад байна.

-Та хэлэхдээ бага залуу насанд нь хүмүүс их гайхаж хардаг байсан гэж дурссан. Бас  нутгийнхан нь “Тарваган хүн” ч гэж хочилдог байсан юм билээ?

-Эрт үед хүмүүс “Тарваган хүн” гэж хочилно. Янз бүрээр ярьдаг байлаа.  Яагаад тарваган гэхээр том толгой, богино мөчтэй болохоор тэгж хэлдэг юм.  Одоо ч хүмүүс  их соёлтой болсон, сайхан цаг иржээ. Бага залуу байхад гудамжаар ганцаараа алхвал чулуу шидэж хөөдөг, шоглодог байлаа.

Заримдаа зөрж өнгөрсөн хүмүүс их гайхсан харцаар харна. Тэр үед би их гомддог байсан. “Улсууд зүгээр байхад намайг шоглоод байх юм. Ингэж амьд яваад ч яах билээ” гэж бодох үе бий. Одоо ч  сайн алхаж чадахаа байж. Машинаас бууж, сууж чадахгүй.

-Аав, ээж нь таныг хүүхдүүд шоглоно гээд сургуульд явуулаагүй ч өөрөө 35 үсэг бие даан сурсан гэл үү?

-Сонины булан хайчилж, цуглуулсаар байгаад 35 үсэг сурч байлаа. Тухайн үед “Хөдөлмөр”, “Ардын эрх” сонин гардаг байсан юм. Би ой тогтоолт сайтай, хүний хэлсэн ярьсныг мартдаггүй. Аливаа зүйлийг хараад төвөггүй ойлгоод сурчихдаг байсан. Одоо ач, зээ нартаа хэлдэг юм. “Та нар шиг сурах орчин нь бэлэн байсан бол би онц сурах байсан даа” гэж. Гэхдээ сургуульд сурч чадаагүй дээ харамсч байгаагүй. Аав, ээжийнхээ дэргэд байх л жаргалтай байлаа.

-Та багаасаа л малын дэргэд өссөн. Хүндрэлтэй зүйл гардаг байсан байх?

-Тэр ойлгомжтой. Сандал давхарлаад үхрээ саах гэхээр шилгээгээд яваад өгнө. Дахиад л сандлаа өрөх асуудал гарна. Нэг литрийн саваар цайны сүүгээ л авдаг байлаа.  Нэг номхон тэмээтэй байсан юм. Тэр тэмээ надад зориулсан гэмээр хачин номхон. Түүнийгээ унаад малаа хариулна. Би бүр сумын төв ганцаараа ороод ирдэг байлаа. Ер нь алхам тутамд саад тулгардаг байсан.

-Аав, ээжийнхээ тухай дурсвал. Та яагаад өсөлт нь зогсч намхан болсон тухай асууж байв уу?

 -Би эцэг, эхдээ нэг ч удаа гомдоллож байсангүй. Тэд минь ч яагаад намхан болсон гэдгийг минь ярьдаггүй байсан юм. Хааяа л аав минь “Муу хүүгээ малын захад өсгөөд л хот хүрээ орж эмнэлэгт үзүүлж чадалгүй, эмчилгээг нь оройтууллаа. Эрт мэдсэн бол юу гэж намхан байх билээ” гэж санаа алддаг байсан.

Аав, ээж минь малчин хүмүүс. Манай аав адуучин, ээж минь саальчин байлаа. Бага залуудаа аавыгаа адуундаа явахад дагана. Адуун сүргийн дэргэд олон хүн цуглаж, дэргэдээс нь үйл урлангаа хараад суух сайхан байлаа. Ер нь хөдөө малын дэргэд амьдарна гэдэг л хамгийн амар амгалан тайван жаргал.

-Хэзээнээс таны өсөлт зогссон бэ. Эмчлэх боломжгүй байсан юм уу?

-Уг нь долоон нас хүртэл өсөлт минь хэвийн байсан ч зогссон гэсэн. Ээж минь намайг дагуулаад орос, монгол олон ч эмч нарт үзүүлсэн. Эмч нар “Нас нь оройтсон болохоор эмчилгээгүй, насаараа л жижигхэн байх болов уу даа” гэсэн юм билээ. Миний онош ясны артек  юм гэнэ лээ. Бүх эмч нар л адилхан оношилсон юм гэдэг. Тиймээс биш надаас бусад нь манай удамд намхан хүн байхгүй.

-Та их үйлэнд уран хүн гэж сонссон. Бага залуудаа 15 саальчны дээлийг хэр хугацаанд урладаг байв?

-Ээжийгээ дуурайгаад үйлэнд уран болсон юм байлгүй. Хүнээр зүү утас нийлүүлэхийг заалгаж байсангүй. Залуудаа хоёр хоногт 15 дээл урлаж байсан юм. Хүмүүс дээлээ хараад баярлахад нь урам авдаг байлаа.

Заримдаа ч нойроо хугаслаж, оёно. Ер нь аав, ээж, өөрийнхөө дээлийг урлачихдаг байлаа. Одоо ч хааяа дээл оёно. Хараа муудсан болохоор залуу байсан шигээ олон дээл оёж чадахгүй.

-Нутгийнхан нь “Ичинхорлоод бурхан сайхан үр заяасан, одоо их жаргаж яваа настан” гэх юм билээ. Хүүтэйгээ хамт хотод амьдрах тухай бодож байсан уу?

Хөдөө малын дэргэд амьдрах шиг жаргал байхгүй дээ. Хотод амьдрах тухай нэг ч удаа бодож байсангүй. Ер нь их хэцүү юм билээ. Мэдээж амьдралын хамгийн сайхан зүйл эмэгтэй хүн ээж болох мэдрэмж. Тухайн үедээ яаж хоёр яс салах билээ, амьд гарах болов уу даа гэж айж байсан.

Дараа нь өлгийтэй хүүгээ хараад л тэр бүх айдас замхарчихсан. Би хүүгээ 21 настайдаа Улаанбаатарт төрүүлж байлаа. Мэдээж кесар хагалгаагаар төрсөн. Одоо миний хүү 50 нас шүргэж явна. Хөөрхөн бэр, хүү, охин хоёртой. Ач нар маань нэг нь айлын бэр болж хүүхэдтэй ч боллоо.

-Таны амьдралын хамгийн баяр жаргалтай мөч. Бас урам хугарч, цөхрөх үе байв уу?

-Аав, ээжээсээ хойш бүх зүйл хоосон санагддаг юм билээ. Хүүгээ хөтлөөд газар дээр хоёулхнаа үлдэж байсан. Тэр үе хамгийн хүнд байж. Мэдээж хүүгээ хөлд орж, сургуульд явахыг нь харах хамгийн сайхан санагдсан даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
169
ЗөвЗөв
23
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж