Сурвалжлага: Уулын нуур орчимд урлагийн бүтээлүүд "амилжээ"

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Уулын нуур орчимд урлагийн бүтээлүүд "амилжээ"

Сурвалжлага: Уулын нуур орчимд  урлагийн бүтээлүүд "амилжээ"

Урин цаг ирж Уулын нуур захаасаа хайлмагтаж эхэлжээ. Хайлмагтсан мөс өнгө, өнгөөр солонгорно.  Тэнд тохижилтын ажил ид өрнөнө. Одоогоор нам гүм.  Гэхдээ удахгүй Уулын нуур хүүхэд багачуудын зорьж очдог хүрээлэн болгохын төлөө залуус бүтээн байгуулалт хийж эхэлжээ. 

Дэнжийн мянгад дөрвөн уулын бэлд байрлах  Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд урлагийн бүтээлүүд "амилжээ".  Зам дагуу алхах иргэд хашаан дээр зурсан зургуудыг ажиглан зогсох нь харагдав. 

 “Нарантуул 2” захаас Уулын нуур хүртэлх 600 метр гудамжны хашааг Монголын шилдэг контемпорари уран бүтээлчдийн уран зургаараа чимэглэсэн байх.  Зураг даган явбал Уулын  нуурт очно.  Уулын нуурын эзэн нь С.Өлзийтогтох гэх залуу байв. Түүнтэй уулзаж, ярилцахад Монголын залуус хотоо шинэлэх, өөрчлөх хүсэл мөрөөдлөөр дүүрэн байгааг олж харлаа. Уулын нуурын төсвийн хөрөнгөөр тохижуулсангүй. Төрийн "олж хараагүй" газар С.Өлзийтогтох өөрийн хөрөнгө, зээл тусламжаар бүтээн байгуулалт өрнүүлж байна. 

Европын холбооны соёлын институтийн нэгдлээс  “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадам зохион байгуулдаг. Тэндээс С.Өлзийтогтохын бүтээн байгуулалтыг санхүүжүүлжээ. Түүний хүчээр Уулын нуур орчмыг урлагийн гудамж болгох ажлыг эхлүүлсэн гэнэ.

Иргэдийг  байгаль орчноо хайрладаг болгох нь уг төслийн гол зорилго.  Тиймээс уолны анхаарлыг татсан, уриалан дуудах хүчтэй зураг зурсан болохоо зураачид нь ярилаа.   Streert artist  Smooth, Ren нарын бүтээл олон хүнээс хайр, хүндэтгэл хүлээжээ. Тэд граффитиг урлаг руу “урваад” дөнгөж нэг жил болж байгаа  ч залуу уран бүтээлчдийн чадвар олныг гайхшруулж байна.

ЗӨРСӨН ХҮН БҮР  “БҮТЭЭЛ НЬ ГОЁ БОЛЖ. МУНДАГ БАЙНА” ГЭЖ ХЭЛЭХЭД МАШ ИХ УРАМ ЗОРИГ ОРСОН

"Хэдийгээр бид зураг зурлаа гээд захын хорооллын  хүүхдүүдийн амьдрал сайжрахгүй ч гэсэн ядаж сэтгэл санаанд нь эерэгээр нөлөөлөх байх гэж бодсон" гэдгээ Street artist Smooth дурдав. Улаанбаатарын гэр хорооллын гундуу, гутруу орчинд өнгө нэмэхээр бүтээлдээ хурц тод өнгө ашигласан байна. Бүтээлийн нарийн хэсгүүдийг тодотгож харуулахуйц өө багатай  хашаа, хоёрдугаарт олны нүдэнд шууд тусахуйц газар олох нь чухал байсан гэнэ. Тиймээс гудамжны  захын бетонон ханыг сонгож эздээс нь зөвшөөрөл авчээ. Гурван ханан дээр зураг зурахад хоёр өдрийг зарцуулсан байна. Зураг зурж байх үед  хүүхдүүд  ундаа, чихэр  авчирч өгдөг гэнэ.  “Ахаа манай хашаан дээр зураад өгөөч” гэж найрах нь ч бий аж. "Бид хоёрын зурсан зургийг хараад хүүхдүүдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа эмоци нь их хөөрхөн санагдсан. Тэднийг баярлаж, инээлдэхийг нь харах хамгаас сайхан байсан"гэж  Street artist Smooth хэлээд сэтгэл хангалуун инээмсэглэв.

Уулын нуур орчимд урлагийн бүтээлүүд "амилжээ"

Уулын нуур орчимд урлагийн бүтээлүүд "амилжээ"https://news.mn/r/2419985/

Posted by News.mn on Wednesday, April 7, 2021

Харин Street artist Ren ярихдаа "Бид хоёр өмнө нь Их дэлгүүр, хүүхдийн 100 гэхчлэн хотын төвд бүтээлээ зурдаг байсан. Хотын төвд маш гоё зураг зурсан  ч  гэсэн энгийн байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг бол хотын захад эсрэгээрээ шинэлэгээр хүлээж авсан" гэж байна. Тэд бүтэн хоёр өдөр гадаа зургаа зурж зогсохдоо ойр орчмын амьдралыг ажиглажээ.  Архинаас хамааралтай хүмүүс дэндүү их байсан гэнэ. Зөрж өнгөрөх  арван  хүний 3-4 нь  согтуу байж. “Та нар юу зураад байгаа юм боль”  гээд согтуу хүмүүс агсарсан удаа ч байгаа аж.  "Гэхдээ тэрнээс илүү эерэгээр харах хүмүүс олон бий. Зарим нь ирж юм ярина. Зорьж ирээд зургаа авхуулна. Зөрсөн хүн бүр  “Бүтээл нь гоё болж. Мундаг байна” гэж хэлэхэд маш их урам зориг орсон" болохоо Street artist Ren ярилаа.

ИРГЭД  ЗУРАГ ЗУРСАН ХАШААНЫ ОЙР ТОЙРНЫ  ЗЭРЛЭГИЙГ ЗУЛГААЖ, ХОГ ХАЯГДЛЫГ НЬ  ЦЭВЭРЛЭСЭН

Уран бүтээлч С.Батсайхан “Эхнэр бид хоёрын  зурсан таван зураг дахин давтагдахгүйгээр өөр санааг илэрхийлэх боловч гол утга нь гэр хорооллыг таатай, тухтай орчин болгож өөрчлөх юм. Би хувьдаа хашаандаа хүссэн байшингаа бариад, цэвэрхэн тухтай амьдарч чадвал гэр хорооллыг орон сууцнаас илүү гэж боддог. Энэ гудамжинд дүүрэн хогтой байсан. Бид бүтээлээ  туурвиж эхлэхэд нэг өдрийн дотор л өөрчлөлт гарсан. Тухайлбал, иргэд  зураг зурсан хашааны ойр тойрны  зэрлэгийг зулгааж, хог хаягдлыг нь  цэвэрлэсэн. Зөвхөн хотын төвд амьдрал өрнөдөггүй шүү дээ.  Гэр хорооллын  иргэд орчин үеийн урлаг, уран сайхнаар дутагдаж байна. Тиймээс гэр хорооллыг нийгмээс ангид авч үзэх шаардлагагүй. Харин ч илүү хөгжүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Заавал мөнгө зарснаараа биш сэтгэл байхад аливаа ажил бүтнэ дээ” хэмээв.

Уулын нуурын хашаан дотор барималчид  өөрсдийн бүтээлээ  туурвиж байгаа бөгөөд “Хэзээ дуусах бол харж тэсэхгүй” нь хэмээн иргэд өөр  хоорондоо шивнэлдэнэ.  Уулын нуурын  хойд энгэрийн орой дээрээс нийслэл хотыг гэр хорооллын орчинтой нь хамт харах боломжтой. Эндээс харахад Богд уул бүтнээрээ харагддаг гэдгээрээ ихээхэн онцлог. Тиймдээ ч энэ  хавийн иргэд нуурын хойд энгэрийг аль хэдийнээ “Зайсан-2” хэмээн нэрлээд амжжээ.  Тэд уран барималчид бүтээлээ хийж дуусахаар дээрээс нь тольдохыг тэсэн ядан хүлээж сууна.  

ТЭР ҮЕД Л МИНИЙ БҮТЭЭЛИЙГ ХАРААРАЙ

Барималч М.Мөнх-Эрдэнэ “Ажлын гүйцэтгэл 40 хувьтай явж байна. Уулын савдаг гэдэг бүтээлээрээ оролцож байна. Би ихэвчлэн төмрөөр бүтээлээ туурвидаг. Уг бүтээлийнхээ суурийг чулуугаар бүрхээд дотор нь цэцэг байрлуулах юм. Хүмүүс барималч, уран бүтээлч нарыг ажиллаж байгаа гэж бодтол хэдэн барилгын хүмүүс гагнуур хийгээд байна гэж хараад байх шиг байна. /инээв/ Гэхдээ баримал бүрэн гүйцэт дуусч байж хүмүүст ойлгож, сэтгэгдэл төрүүлнэ. Бүтээл төрөх агшин яг л гэдсэнд байгаа хүүхэд шиг. Харагдах боломжгүй мөртлөө төрөхөөрөө ямар хайр хүрэм үзэсгэлэнтэй байдаг билээ яг л тийм процесс өрнөдөг. “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадмын үр дүнг  танилцуулах нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 24-нд болно. Тэр үед л миний бүтээлийг хараарай” гэлээ.

ИРГЭД  УРАН БҮТЭЭЛЧДИЙН БҮТЭЭЛД СЭТГЭЛТЭЙ ГАМТАЙ ХАНДААСАЙ

Уулын  нуурын эзэн С.Өлзийтогтох “Энэ жил миний хувьд их онцгой жил болж байна. Европын холбооны соёлын институтийн нэгдлээс санхүүжилттэй “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадам  манай Уулын нуурыг онцоллоо. Уран бүтээлчид өөрсдөө мэргэжлийн хүмүүс учраас хаана, ямар бүтээл хийхээ шийдээд явчихаж байна. Миний мөрөөдөл бол Монголынхоо уран бүтээлчдийн нэг ч болтугай бүтээлийг нуурын хашаандаа байрлуулах байсан. Өнөөдөр харин тэрхүү мөрөөдөл маань биелж, нэг байтугай 3-4 уран бүтээлчдийн бүтээл энд сүндэрлэх  гэж байна. Европын холбооны соёлын институтийн нэгдлийн санхүүжилт нь европын татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс иргэд үүнд хүндэтгэлтэй хандаж уран бүтээлчдийн бүтээлд сэтгэлтэй гамтай хандаасай гэж хүсч байна. Нэг хэсэг нь хийж өгч байхад нөгөө хэсэг нь сүйтгэж, хүний зүйл шиг хандаад байвал муухай. Хамгийн гол нь бидэнд л үлдэх бүтээн байгуулалт” гэдгийг хэлсэн юм. 

Дөрвөн уулын бэлд байрлах энэ газрыг зуны улиралд ногоон нуур чимэх бол өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай болгодог. С.Өлзийтогтохын хувьд банкны зээлээ төлөхийн тулд шинэ, хуучин гэлтгүй бүх тэшүүрээ зарж өрнөөсөө салжээ. Тэрбээр ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах гэсэн боловч бүтэхгүй байгаагаа бидэнд учирлаж, зээлийн үйл ажиллагаа шударга явагдаж байгаад эргэлзэж байгаагаа хэлэв.  

“Би Солонгост гурван жил ажиллаад хураасан мөнгөөрөө Монголдоо ирээд  нийтийн байр барьсан. Нийтийн байраа газартай нь хамт банкинд барьцаалсан. Миний хүсч байгаа мөнгө 10-20 сая төгрөгийн хооронд л байдаг. Байшин бол хангалттай барьцаа хөрөнгө гэж би хувьдаа боддог. Гэтэл банк 10 сая төгрөг өгөхдөө маш өндөр шаардлага  тавьдаг. Би 2012 оноос хойш банкны найдвартай зээлдэгч байсаар ирсэн. Нэг ч зээлийн хар түүх байхгүй. Тэгсэн хэрнээ надад гурван хувийн хүүтэй зээл олдохгүй байна. Намайг дэмжихгүй байж болно. Гэхдээ  энэ нь  үйлдвэрлэл эрхлэх гэсэн өчнөөн хүмүүсийн урмыг л хугалж болохгүй" гэлээ. Ийнхүү Уулын нууринд урин цаг ирж, хүүхэд залуусын зорьж очдог хүрээлэн болгохоор залуус эрчтэй, эрчимтэй ажиллаж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж