Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

Үзэгчгүй үзэсгэлэн

Хөл хорионд орж, гараа хумхин суухын оронд үйл урлах сонирхлоороо нэгдсэн иргэд цахим үзэсгэлэнг дэлгэжээ. Бүдэг шаргал гэрэлтэй, цэлгэр танхимын нэг өнцгөөс нөгөө булан хүртэл элдэв хээ хуар, өнгө алагласан зүймэл урлагийн бүтээл дүүрэн. Үйлчний ур ухаан, сэтгэл шингэсэн цахим үзэсгэлэнд сонирхон, үзэсгэлэнгийн танхимд түр саатлаа.

Турк улсын Монгол дахь Элчин сайдын яамны үүдээр ороход л өвөрмөц бүтээл хараа булаана. Эдгээр бүтээлийг урлаж буй хүмүүс мэргэжлийн оёдолчин, хатгамалч биш. Тэд бол эгэл жирийн ээжүүдийн төлөөлөл.

Хийж бүтээе гэх хүсэл тэмүүлэлтэй эдгээр бүсгүйчүүд гараа гаргаж, сэтгэлээ шингээн урласан нь нүдэнд илхэн харагдана. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ үзэсгэлэн цар тахлын улмаас цахимаар болж буй нь энэ.

Зүймэл урлагийн талаар “Шинэ замнал” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сэлэнгэтэй ярилцлаа. Тэрбээр “Өнөөдрийн үзэсгэлэнгийн нэр бол “Celtics & Өлзий”. Өлзий хээг зүймэл урлалд технологийн дагуу хэрхэн өөрөөр хийж болох вэ гэдгийг харуулахыг зорьсон. Торго, даавууны өөдсөөр төрөл бүрийн гэр ахуй, бэлэг дурсгалын дахин давтагдашгүй бүтээлийг бүтээж байна.

Урьд нь хүмүүс хэрэггүй даавуу, хувцасны өөдсөө цуглуулж шатаадаг байсан бол одоо түүгээр ямар бүтээл хийж болох вэ гэдгийг харж чаддаг болсон. Үүнийг нь хараад бид нийгэмд тодорхой нөлөөллийг хийж чадсан юм шиг санагдаж байгаа. Мөн зүймэл урлагийг хийснээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдрэлийн эс сэргэх ач холбогдолтой” гэдгийг хэлж байв.

Эл хуль үзэсгэлэнгийн танхимыг ширээн дээр дэлгэсэн бүтээлүүд амилуулах мэт. Үзэсгэлэнд гэр ахуй, бэлэг дурсгалын олон төрлийн бүтээл дэлгэжээ. Тэр дунд гэрийн хивс, аравч, хувцас, тээгээс авахуулаад багачуудад зориулсан чихмэл ч харагдана.

Зүймэл урлагийн бүтээлүүд монголын уламжлалт зээгт наамалтай төстэй. Хээ бүрийг нарийн тааруулж, торго, даавууны өөдсийг өнгө уусгаж оёсноос ажихад зүймэл урлаг нарийн чимхлүүр ажил ихээхэн шаарддаг нь ажиглагдав.

Ихэнх хүмүүс уламжлалт урлагийн талаар өрөөсгөл ойлголттой байх нь бий. Уйтгартай, нэгэн хэвийн гэх өнгөцхөн бодлыг уг үзэсгэлэн үгүйсгэх мэт. Учир нь бүтээл бүр уламжлалт байдлаас гадна орчин үеийн хэв шинжийг агуулжээ.

Үзэсгэлэнгийн баруун хэсэгт зул сарын бэлгийн уут, наамал, дэр, цүнх өрөөстэй. Хамгийн их сэтгэл татаж буй бүтээл нь хос буга урамдаж буй нарийн зураглал бүхий аравч байсан юм.

Үзэсгэлэнг зохион байгуулж буй “Шинэ замнал” төрийн бус байгууллага нь сургалтад хамрагдсан иргэдээ зүймэл урлагийн чиглэлээр нь дагнан ажиллуулж,  өрхийн орлоготой болоход нь дэмжлэг үзүүлдэг гэнэ. Өмнөх жилүүдийн үзэсгэлэнгээр сургалтад хамрагдсан 30-40 орчим иргэн урласан бүтээлээ олон нийтэд дэлгэж байсан бол энэ жил цар тахлын улмаас 12 хүн л өөрсдийн бүтээлээ танилцуулж буй ажээ.

Цахим сүлжээнд хүмүүс зүймэл урлагийн бүтээлийг хэнд ч хэрэггүй, хэрэгцээгүй мэтээр үзэл бодлоо илэрхийлэх нь цөөнгүй. Гэвч гадаадын жуулчид дахин давтагдашгүй зүймэл урлагийн бүтээлийг ихэд сонирхон худалдаж авдаг байна.

Зүймэл урлагийн сургалтад хамрагдсан хүмүүсээс өөрийн брендийг бий болгож, тогтмол захиалга авдаг болсон иргэд ч бий. “Хийх хүн арга олдог” гэдэг шиг бусдын гар харалгүйгээр өөрийн чаддаг зүйлээрээ хөдөлмөрлөхийг хүсдэг гэдгээ үзэсгэлэнгийн бүтээгч бүсгүйчүүд харуулахыг зорьжээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж