Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2021.04.07) өнөөдрийн хуралдаан 10:05 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ажлын хэсэг төслийг дахин нягталж, ажиллах шаардлагатай гэсэн тул хэлэлцүүлгийг хойшлуулахаар болсныг мэдэгдлээ.
Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайхан танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Өнгөрсөн жил Монгол Улсын хувьд амаргүй жил байсан ч Санхүүгийн зохицуулах хороо гурван тодорхой ажлыг зорилт болгон дэвшүүлж ажилласан. Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага (ФАТФ)-ын саарал жагсаалтад орсон тул уг жагсаалтаас гарахад Санхүүгийн зохицуулах хороо бодлогоо чиглүүлэн ажилласныг дурдаад Хамтын ажиллагааны зөвлөлийн 17 байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас онцгой ач холбогдол өгч ажилласны үр дүнд Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар стратегийн дутагдалтай улс орны жагсаалтаас, 2020 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Европын холбооны хар жагсаалтаас гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрбээр, эрсдэлийг боломж болгон хувиргахад үйл ажиллагаагаа чиглүүлэн хорооны эрх зүйн хүрээнд шийдэгдэх журам заавар, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд зорьж ажилласныг онцлон дурдахын зэрэгцээ УИХ-ын 32 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /ковид-19-/ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх”, 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлсэн. Тус хороо 2020 онд нийт 13 журмыг шинээр баталж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн гэдгийг танилцуулгадаа тодотгов.
Хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд 3260 зохицуулалтын этгээд, 2473 даатгалын төлөөлөгч, нийт 5733 иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт хийж ажилласан. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээдүүд 2016 оноос хойш 2.5 дахин өссөн бөгөөд хөрөнгийн зах зээлд 315 хувьцаат компани, 276 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 532 банк бус санхүүгийн байгууллага, 249 хадгаламж зээлийн хоршоо, 167 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 973 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагааг хянах чиг үүрэг СЗХ-нд ирсэн. Үүнтэй холбоотойгоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2020 онд санхүүгийн бус бизнесийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны үйл ажиллагааг зохицуулалтад оруулах бүртгүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа дурдсан.
Мөн компанийн засаглалыг сайжруулах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн санал хуваагдахгүй байх, жижиг хувьцаа эзэмшигчид нэгдэж ТУЗ-д өөрсдийн төлөөллийг сонгох зохицуулалтыг бий болгосон “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг анх удаа шинэчлэн боловсруулан, мөрдүүлээд байна. Тайлант онд банкнаас бусад санхүүгийн зах зээл ДНБ-ий 15.4 хувьд хүрсэн нь өмнөх оноос хоёр пунктээр, 2016 оноос 4.5 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Хөрөнгийн зах зээл дээр нийт 591 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2019 оноос 12.5 хувиар өсөж, түүхэндээ анх удаа 3.0 их наяд төгрөгт хүрлээ. Даатгалын зах зээлийн хувьд 2020 онд даатгалын 319 компани, хохирол үнэлэгч, зуучлагч болон аудитор, 2473 даатгалын төлөөлөгч даатгалын үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө өмнөх оноос 16.2 тэрбум төгрөгөөр буюу 4.5 хувиар өсөж 382.7 тэрбум төгрөгт хүрсэн. Тайлант онд даатгалын хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсөж 201.5 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрч, нөхөн төлбөрт 59.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Банк бус санхүүгийн байгууллагын салбарын хувьд нийт хөрөнгө өмнөх оноос 16.0 хувиар өсөж 2.0 их наяд төгрөгт, салбарын харилцагчдын тоо 2.8 саяд, зээлдэгчдийн тоо 1.9 дахин өсөж, 788.1 мянгад хүрсэн нь санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ уг салбарт хурдацтай нэвтэрсэнтэй холбоотой. Харилцагчдын 88.4 хувь нь зээлдэгчдийн 40.0 хувь нь финтекийн үйлчилгээ авсан. ББСБ-дын зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 84.8 хувь нь хэвийн зээл байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.7 сая төгрөг, финтек буюу аппликейшнээр авсан нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 245.2 мянган төгрөг байна. Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа өмнөх онтой харьцуулахад 4.6 хувиар буурсан. Санхүүгийн бус бизнесийн салбарын хувьд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 167 компани 2020 онд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн ба нийт 610.3 мянган м.кв талбай, 281.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдаж, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 88.6 мянган м.кв талбай, 39.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны 30 хуулийн этгээд, 399 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр 2020 онд үйл ажиллагаа явуулж, үнэт металл, үнэт эдлэлийн 577.0 тэрбум төгрөгийн худалдах, 624.2 тэрбум төгрөгийн худалдан авах арилжаа хийсэн гэж байлаа.
Танилцуулгын төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны дарга цар тахалтай холбоотойгоор УИХ болон Байнгын хороодоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийсэн тодорхой ажлуудынхаа талаар мэдээлэв. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах, нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, санхүүжилт босгох таатай нөхцөлийг бүрдүүлж, үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу хоёр биржийн хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчинг бүрдүүлснээр анх удаа зах зээлийн үнэлгээ 3.0 их наяд төгрөгт хүрсэн. Үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр системийн хэмжээнд амжилттай нэвтрүүлсэн гэв.
УИХ-ын 32 дугаар тогтоолын хүрээнд “НОСК нэг” ХХК-ийн 15 жил хүртэлх хугацаатай орон сууцны түрээсээр баталгаажсан 34.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 343,580 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэсэн. Энэ хүрээнд түрээсээр баталгаажсан 39.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 396,216 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэснээр нийтдээ 1200 гаруй албан хаагч түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулсан. 2021 он гарсаар Монгол Улсад анх удаа олон нийтэд нээлттэй арилжаалах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн төдийгүй Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN)-ийн тодорхой хувьцааг Канадын хөрөнгийн бирж рүү амжилттай хөрвүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудас нээсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын хосолсон нийт 2.0 их наяд төгрөг бүхий өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг олгосон. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-ыг батлан хуулийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Даатгалын компаниудын банкны харилцах, хадгаламжид байршуулдаг дүрмийн сан, нөөц сангийн хөрөнгийн дээд хэмжээг 10 хувиар бууруулж, компанийн өрийн хэрэгсэл болон Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн хувьцаанд байршуулах хөрөнгийн дээд хэмжээг 10 хувиар нэмэгдүүлснээр даатгалын компаниудын олон талт хөрөнгө оруулалтад хөрөнгөө байршуулах боломжийг бүрдүүлсэн талаар танилцуулгадаа тэмдэглэсэн.
Даатгалын багц дүрэмд өөрчлөлт оруулж, зөвшөөрлийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн, цахимжуулахтай холбоотойгоор зохицуулалтуудыг шинэчилж, бүтээгдэхүүн бүртгүүлэх, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулсан. Нэр бүхий гурван даатгалын компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Covid-19” цар тахлын эрсдэлээс сэргийлсэн “Ковид-19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”, “Covid-19” эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн”, “Covid-19 хүртээмжтэй даатгал”, “Covid-19 цар тахлын улмаас үүсэх эрсдэлээс хамгаалах хариуцлагын даатгал” гэсэн дөрвөн шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлээд байна. “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталж, 272.7 мянган зээлдэгчийн 289.5 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан. Банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаанд хяналт тавихаар ББСБ-уудыг төрийн цахим төлбөрийн систем, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбон и-баримт олгуулдаг болж, Санхүүгийн мэдээллийн албанд харилцагчийн мэдээллийг үнэн зөв хүргүүлэх, хянах боломж бүрдсэн. Зээлийн батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг хийсэн бөгөөд эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий зургаан компанийн 1.2 тэрбум төгрөгийн зээлд 596.2 сая төгрөгийн батлан даалт олгохоор шийдвэрлээд байна гэж Д.Баярсайхан дарга танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хөрөнгийн болон даатгалын зах зээл монголд хөгжихгүй байгаа шалтгааныг тодруулахын зэрэгцээ цаашид иргэдийн санхүүгийн мэдээллийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулав.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариултдаа, санхүүгийн салбарын тулгын гурван чулуу нь банкны систем, даатгал, хөрөнгийн зах зээл байдгийг онцлоод тус хорооны зүгээс банкнаас бусад санхүүгийн салбарын оролцогчид, энэ зах зээл дээр ажиллагсад, хөрөнгө оруулагчид, зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж байна. Банкны зээлтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах цаашлаад 2021 оныг бонд өрийн хэрэгслийг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах зорилт тавьсан гэж байлаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхдээ урт хугацааны хөрөнгө оруулагчдыг бий болгоход онцгой анхаарч даатгалын компаниудыг хөрөнгийн зах зээл дээр оруулах асуудалд тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал, арилжааны банкуудад хадгаламж, харилцааны хэлбэрээр байршдаг даатгалын хөрөнгүүдийг үнэт цаасны зах зээлд оруулах журмын өөрчлөлтүүдийг хийсэн. Энэ хүрээнд 78 орчим тэрбум төгрөг чөлөөлөгдөнө гэдгийг хариултдаа онцолсон.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүнээс 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хийсэн.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулан, гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцээд, нийт 8 бүлэг, 56 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, онцлог зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна.
Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж болон хоршоог амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын шилдэг туршлагад тулгуурлан, хуульд хэрэглэсэн нэр томьёо болон хоршоо үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарчмыг анх удаа тодорхойлсон. Иргэний хуулийн 33.2-т хоршоог ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөл байхаар зохицуулсан нь олон улсын жишигт илүү нийцсэн гэж Ажлын хэсэг үзэж, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас боловсруулсан хоршооны талаарх концепцыг тулгуур болгон төслийн боловсруулалтыг гүйцэтгэсэн. Хоршооны гишүүний эрх үүрэг, бүртгэл, элсэлт, оруулсан хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг “Хоршооны гишүүн” гэсэн шинэ бүлэг болгон зохицуулсан. Энэхүү хуулийн төслөөр хоршоо анх удаа хуулийн этгээдийнхээ хувьд эрх, үүрэг, хариуцлагатай болж, гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд гишүүдийнхээ өмнө үүрэг хүлээхээр тусгасан.
Мөн хоршооны талаарх төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрхийг шинээр томьёолон, төсөлд тусгаснаар хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын кластер сүлжээг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хоршооны хөгжлийн үнэлгээг хоёр жил тутам хийж, нэгдсэн удирдлага, мэдээллээр хангах замаар хоршооллын хөдөлгөөнийг хоршоодын холбоо болон хоршооллын нэгдсэн холбоогоор дамжуулан дэмжихийг зорьсон. Хуулийн төслийн хоршооны хөрөнгө гэсэн зүйлийг “Хоршооны хөрөнгө, эх үүсвэр” гэсэн шинэ бүлэг болгон өөрчлөн найруулж, хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд Иргэний хуульд тодорхойлсон өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байх болгомжийг нээж, хоршоог өөрийн хөрөнгөтэй болгосон. Ингэснээр, хоршоог арилжааны банк болон бусад зээлдэгчдээс зээл авах эрх зүйн үндсийг илүү тодорхой болгосноор хоршоог бие даан хөгжих, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт тодорхойлсон төрийн бодлоготой нийцүүлэн, зөвхөн хоршооны гишүүд төдийгүй хоршоогоор дамжуулан орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд томоохон түлхэц болоход чиглэгдсэн гэж байлаа.
Нөгөө талаас бусад хуулийн этгээдүүдийн адил хоршооны дундын эд хөрөнгийг оновчтой удирдах шаардлагатай ч хоршооны гишүүд хамтын удирдлага, хяналтаа алдсан тохиолдолд хоршоонд үүсэх аливаа эрсдэлийг хоршооны гишүүн хувийн эд хөрөнгөөрөө нөхөх хариуцлага хүлээж байдаг нь бусад хуулийн этгээдээс ялгарах онцлогтойг харуулж байна. Хоршоо гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангахад сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоршоо энэхүү хамтын удирдлагаа амжилттай хэрэгжүүлэхэд үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжийг тусгасан. Түүнчлэн, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалт нэмж оруулсан нь хоршооны татвар ногдох орлогыг илүү тодорхой болгоод зогсохгүй, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжинэ гэж үзэж байна. Хоршоог хөгжихөд Төлөөлөгчдийн хурал, эрх бүхий албан тушаалтан, тэдний хүлээх хариуцлагыг хоршоодыг хөгжихөд шаардлагатай эрх зүйн зохицуулалт гэж үзээгүй учраас төслөөс бүхэлд нь хасах зарчмын саналуудыг Ажлын хэсэг гаргасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулгадаа дурдсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 80 саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв