ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг хүчтэй эсэргүүцэгч, сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйд авч буй арга хэмжээ яргаллаас өөрцгүй ба эрх баригчид үүгээрээ түүнийг аажмаар хөнөөж байна хэмээн Хүний эрхийн төлөө тэмцэгч олон улсын Эмнести нийгэмлэг мэдэгджээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард химийн аюултай хоронд хордож, Германд эмчлүүлсэн Навальный өдгөө чанга дэглэмтэй шоронд хоригдож, бие нь өвдсөн ч эмчтэйгээ холбоо барих боломжгүй байдалд байгаа.
Эмнести нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард “Орос орны эрх баригчид түүнийг аажмаар алж, эл үйлдлээ олноос нууцлахыг хичээж байна. Эрх баригчид түүний эрхийг зөрчиж байгаа нь тодорхой харагдаж байна. Тэд өмнө нь Навальныйг хөнөөхийг оролдсон бол одоо хорьж, чанга дэглэмд байлгаж байгаа нь яргалал гэхэд хилсдэхгүй” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт Навальный өлсгөлөн зарлаж, хөл, нуруу нь хүчтэй өвдөж буйд тохирсон эмчилгээ хийж өгөхийг шоронгоос шаардсан билээ.
Харин Кремль түүний эрүүл мэндийн тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж, тус асуудлыг зөвхөн шоронд хамаатай асуудал хэмээсэн байна. Тэгвэл шоронгийн зүгээс түүнд тохирсон эмчилгээ хийж буй гэдгээс нарийн мэдээлэл өгөөгүй аж.
Мөн өөр эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Навальный 38.1 хэм хүртэл өндөр халууран ханиалгаж, амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг үзүүлж эхэлсэн тул түүнийг энэ долоо хоногт эмнэлэгт шилжүүлэн цар тахлын шинжилгээ авчээ. Мөн түүний хоригдож буй ангид сүрьеэ өвчин гарсан гэх сураг ч байна. Тэр ч байтугай тус хорих ангийн гурван ч хоригдол сүрьеэ өвчин туссан гэх оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн гэж эх сурвалж мэдээлжээ.
Навальныйн хэвтсэн өвчтөний тасгийн тухай мэдээллийг нууцалж байгаа хэдий ч өмгөөлөгчийнх нь олж мэдсэнээр хоёрдугаар хорих ангиас 100км зайд байрладаг гэнэ.
Эх сурвалж: REUTERS