Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын уулзалт виртуал хэлбэрээр зохион байгуулагдаж байна. ОУВС жил бүрийн 4-р сард энэхүү уулзалтаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг шинэчилж танилцуулдаг.
4 сарын 6-ны өдөр танилцуулсан Дэлхийн эдийн засгийн төлөв тайланд 2021 оны өсөлтийн төсөөллийг 0.5 пунктээр нэмэгдүүлж 6%, 2022 оны төсөөллийг 0.2 пунткээр нэмэгдүүлж 4.4% болгожээ. Төсөөллийг ийнхүү ахиулахад дэлхий даяар өрнөж буй вакцинжуулалт, АНУ зэрэг томоохон улс орнуудын эдийн засгаа дэмжих нэмэлт төсвийн арга хэмжээнүүд голлон нөлөөлсөн байна. Гэхдээ эдийн засгийн бүтэц, бодлогын орон зайнаас хамаараад эдийн засгийн сэргэлт улс орнуудын хувьд харилцан адилгүй байх дүр зурагтай байна.
Бүс нутгаар нь авч үзвэл Азийн хөгжиж буй орнууд хамгийн өндөр өсөлттэй байх төлөвтэй. Тухайлбал өмнөд хөршийн эдийн засаг 2021 онд 8.4%, Энэтхэг 12.5% өссөнөөр Азийн бүс өсөлтөөрөө тэргүүлэхээр байгааг тооцооллоос харж болохоор байна. Мөн Монголын эдийн засгийг 2021 онд 5% өснө гэх төсөөллийг танилцууллаа.
Энэ оны хувьд Монголын эдийн засгийн өсөлт 6.8%-д хүрнэ гэж Дэлхийн банк тооцоолсон бол Монголбанк 6.1% өснө гэж таамаглаж буй. Дэлхийн эдийн засгийн сэргэлт, ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлт, түүхий эдийн зах зээлийн таатай байдал дотоодын эдийн засагт эергээр нөлөөлөхөөр байна.
Дэлхийн эдийн засгийн төлөв тайланд цар тахал бүрэн дуусаагүй байгааг онцлоод, вакцинжуулалт удаашрах, вирусын шинэ эрсдэл хэвээр байгааг сануулсан байна. Тиймээс бодлого боловсруулагчид эдийн засаг бүрэн сэргэтэл дэмжлэг арга хэмжээгээ үргэлжлүүлэхийг зөвлөжээ.
Улс орнуудын Засгийн газрууд 16 триллион ам.долларын төсвийн дэмжлэгийг цар тахлын үед хэрэгжүүлсэн боловч 95 сая хүн нэн ядууралд орсон байна. Цаашид өрийн хэмжээ нь өндөр орнууд орлогын шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх, төсвийн дэмжлэгийг илүү зорилтот бүлэгт чиглүүлэхэд анхаарах шаардлагатай гэсэн бодлогын зөвлөмж өгчээ.
Холбоотой мэдээ