Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.
Ц.Нямдорж: Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт хилсээр хэрэг үүрүүлсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн. Тэр хүмүүс нь сая хоёр зүйлээр ял авлаа. Би Б.Хурцад алдаа гарч байна шүү гэж хүний ёсоор зөндөө захиж байсан. "Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ хянаарай" гэж хэлж байсан юм.
Энэ бол Б.Хурц шоронд орохоосоо арваад хоногийн өмнө, Ц.Нямдорж Б.Хурцыг шоронд орсны маргааш хэвлэлд гарсан ярилцлагын хэсэг. Мэдээж, тэдний хэн нэг нь худлаа хэлж байгаа. Гэхдээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг төрийн нууцаас бүхэлд нь гаргаагүй нөхцөлд хэн нь худалч болохыг олж таних амаргүй.
Улсын дээд шүүхээс Б.Хурцад 1.6 жил, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноосон гуравдугаар сарын 31-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жиргэв. Гэхдээ "бүхэлд" нь гэдгээ одоо ч албан ёсоор тайлбарлаагүй мэдээллээгүй яваа. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж болохоор “Өмгөөлөгчдийн тэмдэглэлийг л ил болгосон" гэсэн. Ахиад хэн нь худалч вэ гэх асуулт.
БОДЛОГО НЭГ
Монголын улстөрчид таавар таалгуулах дуртай. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял шийтгэлтэй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардсан ч, ямар нотолгоон дээр үндэслэж байгаагаа хэлсэнгүй. Түүнд нотолгоо байтугай үндэслэл алга.
Гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх асуудал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруугүйг нь батлах нотолгоо болохгүйг насаараа хууль батлаж, хуулийн салбарыг дөрвөнтэй “эргэсэн”, хөнжилдөө хүртэл хууль янзалж явсан Ц.Нямдорж сайн мэдэж байгаа. Мэдэхгүй бол гавьяат хуульч байхын хэрэг юун.
Эсрэгээрээ Б.Хурц С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг Ц.Нямдорж завхруулж байна гэж үздэг. Ц.Нямдорж хэргийг завхруулж байна гэвэл тэрбээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэмт хэрэгтэн мөн гэдэгт итгэлтэй байна гэсэн үг. Гавьяат хуульчийг бодохноо тагнуулчид нотолгоо, эд мөрийн баримт, хэргийн гэрчүүд байх шиг. Гэхдээ хэргийг нотлож биш хэн нэгнийг үнэхээр хэлмэгдүүлсэн бол юун тагнуулч. Гол нь авагдсан нотлох баримтуудыг устгачихвий гэж болгоомжилж суугаагаа Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат ярьж суусан. Авагдсан гол баримтуудын устгах эрх мэдэлтэй хүн одоо Ардын намын дарга нар л байна.
БОДЛОГО ХОЁР
С.Зоригийн хэргийг өмнө нь хоёр ч удаа хэсэгчилж, төрийн нууцаас гаргасан. Олон нийтэд бичлэг цацаж үзүүлсэн. Нэг нь, С.Зоригийн хэрэгт ял шийтгэл авсан Ц.Амгаланбаатар хэргийг хэрхэн үйлдсэнээ өөрийн биеэр үзүүлж байгаа бичлэг. Нөгөө нь ТЕГ-ын ажилтнууд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүж” байгаа тухай.
Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас С.Зоригийн хэргийн аль хэсгийг төрийн нууцаас гаргасан нь тодорхойгүй. Ц.Нямдоржийн үгээр зөвхөн өмгөөлөгчийн тэмдэглэлийг нууцаас гаргасан гэвэл нууцаас гаргасан “нууц” нь юу болох, хэн танилцах эрхтэй, хаанаас авч болох нь бас нууц.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр гурван хавтаст хэрэг байдаг. Олон нийтийн ойлгож байгаагаар нэг нь 1998 оны хавтаст хэрэг, нөгөө нь захиалагчийн хавтаст хэрэг, гурав дахь нь эрүүдэн шүүсэн гэх хавтаст хэрэг. Эрүүдэн шүүсэн 40 бүхий хавтаст хэргийн заримаас нь 2020 онд Засгийн газар түүвэрлэн "үзэгчдэд" хүргэсэн. Гэхдээ ингэснээр Б.Хурц хүн хэлмэгдүүлсэн үү, Ц.Нямдорж хэргийг замхруулсан уу, дүгнэлт хийхэд дэндүү эртэднэ. 1998 оны хэрэг, эрүүдэн шүүсэн хэрэг, захилагчийн хэргийг хамтад нь, бүхэлд нь нууцаас гаргаж байж төрийн нууц гэх нэрийн ард нуугдаж буй төрийн нууц ил болно. Жинхэнэ гэмт хэрэгтэн, захиалагч, хамжигч тодорхой болно.
БОДЛОГО ГУРАВ
Хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булган хохирогч уу, хамжигч уу. Бас нэг бодлого. Хэрэв тэр хохирогч мөн аваас яагаад өдий хүртэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг төрийн нууцаас бүхэлд нь гаргахыг шаардахгүй байна вэ. Үндсэндээ, Ц.Нямдорж, Б.Хурц хоёрын хэн нь худалч болохыг хамгийн сайн мэдэж байгаа хүн Б.Булган. Тэр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар алуурчин биш гэж хэлдэг. Хэрэвзээ тэд биш бол алуурчин өөр хэн болохыг бас сайн мэдэж байж болно. Алуурчдыг нүдээрээ харсан цор ганц хүн бол Б.Булган өөрөө. Хальтхан харсан гэрчүүд Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг таньж байхад яагаад Б.Булган таньдаггүй вэ. Ядаж л дуу алуурчдын дуу хоолой чихэнд үлдэнэ шүү дээ. Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат ярихдаа хэдийгээр энэ хэрэг гараад 21 жил өнгөрсөн ч тухайн үедээ дуулиант хэрэг байсан учраас гэрчүүдийн ой тойнд гэмт хэрэгтнүүдийн зүс царай үлдчихсэн байсан гэж.
Энэ өнцгөөс нь харсан ч, төдийгөөс өдий хүртэл амьдын там эдлэж, хардлага сэрдлэгэ дунд амьдарч яваагаа бодсон ч тэрбээр С.Зоригийн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргахыг шаардах нь уг нь талийгаачийн хойдын буянд, өөрийнх нь энэ насны нэрэнд тустай юм.
БОДЛОГО ДӨРӨВ
Ц.Тувааны талын АН-ын шинэ даргаар “тодорсон” О.Цогтгэрэл өнөөдөр /2021.04.07/ төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах хүсчээ. Ахиад хэн нэгэн албан тушаалд очихын тулд С.Зоригийн ясыг өндөлзүүлэхээр шийдэж, ямар муухай, ашиглаж дуусдаггүй улс төр вэ вэ. Товчхондоо, өнгөрсөн 23 жил, бусдын гарт хэрцгийгээр алуулсан С.Зоригийн хэрэг олон хүнийг ажил, албан тушаалтай нь залгуулсан. Одоо дараагийнх нь улс төр эхэлжээ. Энэ талаар хуульч Б.Мэргэн ярилцлагадаа "Энэ хэрэг нэг улстөрчийн амь насаа алдсан хэрэг биш нийт Монголын асуудал болчихоод байна" гэж. Нэг ёсондоо С.Зоригийн хэргийг илрүүлэх, нотлох хүсэл Монголын улстөрчдөд алга.
Зүй нь, өнөөдөр О.Цогтгэрэл С.Зоригийг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнахыг хүсэх биш хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргахыг Л.Оюун-Эрдэнээс шаардах ёстой юм. Ингэвэл жинхэнэ С.Зоригийн араас буян үйлдсэн болно.
Холбоотой мэдээ