Нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Төрийн банк, Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, “ЖиЭс1Монгол” ТББ зэрэг байгууллагууд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгох чиглэлээр хамтран ажиллаж буй билээ.
Энэ хүрээнд иргэн зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, улсын хэмжээнд НӨАТ-ын баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж буй юм. Цаашид хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжиж, шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий болох юм байна.
Төрөөс хүүхдэд 8000 төгрөг, том хүнд 16 мянган төгрөгийн, 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн авах эрх олгодог. Нийт талон олгож байгаа иргэдийн 49 хувь нь хүүхэд юм. Хүнсний талонд өнгөрсөн гуравдугаар сард 233.6 мянган хүн хамрагджээ.
Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийхийн зэрэгцээ хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр, хүнсний талоны картыг пин коджуулах ажил ирэх тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.
Өмнө нь цаасан карт олгодог байсныг болиулж, 2021 оны нэгдүгээр сараас 100 хувь цахим картаар үзүүлдэг болсон юм.
Холбоотой мэдээ