НЭМЭЛТ:
Засгийн газрын хуралдаан түр завсарлалаа. Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалтыг хумихын тулд 14 хоногийн хатуу хөл хориог тогтоох шаардлагатай гэсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулсан юм. Гэвч Засгийн газраас уг саналыг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлж, дахин сайтар ярилцъя гэж үзжээ. Тиймээс уг асуудлаар өнөөдөр үдээс хойш УОК хуралдаж тодорхой шийдэлд хүрсний дараа Засгийн газрын хуралдаанд дахин оруулахаар болжээ.
Одоогоор УОК-ын хуралдах цаг нь тодорхойгүй байна.
Дөрөвдүгээр сарын 10-наас хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг дэмжих үү?
БЯМБА ГАРИГААС ХӨЛ ХОРИО ТОГТООХ ХУВИЛБАРЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Covid-19 халдварын тархалтыг хумих чиглэлд ямар арга хэмжээ авах вэ гэдэгт Засгийн газарт хэд хэдэн хувилбар яригдаж байна.
Тухайлбал, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хатуу хөл хориог тогтоох эсэх асуудал яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Гэхдээ одоогоор эцэслэгдээгүй холбогдох албаныхны байр суурийг сонсож байгаа юм. ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн саналыг тавьсаар буй.
Өчигдрийн 11.00 цагийн байдлаар Covid-19 халдварын 831 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 11651 болсон бол нас барсан хүний тоо 13 болов. Энэ хэвээр явбал 14 хоноход өдөрт илрэх халдварын тоо мянга давах бодит аюул тулгарч байгааг ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн хэлсэн.
Холбоотой мэдээ