Монголд бэлгийн замын халдварт өвчин яг л амьсгалын замынх шиг тархаж байна. Энэ бол хий хөөрөгдсөн сүржигнэл биш. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөгөөр амьсгалын замын халдварт өвчлөл буурсан ч бэлгийн замын халдварт өвчлөл нэмэгдсэн. Статистик мэдээллээр, 2020 он гарснаар ХДХВ/ДОХ-ын шинээр долоон тохиолдол нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад гурван тохиолдлоор илүү байв. Улсын хэмжээнд 2020 онд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болж, мөөгөнцрөөр өвчлөгч 881-ээр, тэмбүү 797-гоор, трихомониаз 366-гаар, гонококкт халдвар 88 тохиолдлоор тус тус нэмэгдсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт. Түүнчлэн өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 311 болж, нас барсан 50 тохиолдол бүртгэгдээд буй. Харин 2021 он гарсаар тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 596 болж буурсан байна.
Хэдийгээр статистик мэдээллээр буурсан үзүүлэлттэй байгаа ч эрүүл мэндийн байгууллагад хандаагүй залуус хэчнээн байгааг таах аргагүй. Ялангуяа тэмбүүгээр өвчлөгчдийн нас залуужиж байгаа нь монголчуудад бэлгийн боловсрол дутагдаж буйн нэг жишээ гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Энэ нь жилээс жилд төрөлхийн тэмбүүтэй төрсөн нярайн тоо өсч, гэр бүл салалтын үндэс болж байгаа нь нууц биш.
Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол үгүйлэгдэж байна
Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол үгүйлэгдэж байнаhttps://news.mn/r/2419574/
Posted by News.mn on Tuesday, April 6, 2021
-Нийслэлийн эрүүл мэндийн газрын Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчний тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогос:
-Тэмбүү өвчлөл буурсан үзүүлэлттэй байгаа ч энэ оны эхний хагаст төрөлхийн тэмбүүтэй нярай төрж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд ургийг бага сартайд нь болон төрөхийн өмнө шинжилгээ өгдөг. Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарсан ч тэмбүүтэй хүүхэд төрж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь эрэгтэйчүүд эхнэрээ жирэмсний хугацаанд гэр бүлээ хуурдаг, тохиолдлын бэлгийн харилцаанд орох зэрэг эрсдэлээс шалтгаалж байгаа юм. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд төрөхөөс өмнө зайлшгүй давтан шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингэснээр ураг эрүүл төрнө. Бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэх шалтгаан нь хууран мэхлэлт. Тиймээс хосууд бие биедээ үнэнч байх хэрэгтэй. Ер нь бэлгийн замын халдварыг бууруулах нь эрүүл мэндийн байгууллагын шат шатны ажил төдийгүй хувь хүний ухамсараас шалтгаална. Хувь хүний ухамсар, эрүүл мэндийн боловсролоос их шалтгаална.
Нөгөө талаас бэлгийн замын халдварт өвчин амьсгалын замын халдварт өвчин шиг залуусын дунд тархаж байгаа нь эрүүл мэндийн боловсролтой салшгүй холбоотой. Тэр тусмаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах нь чухал байна. Даан ч бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар, бэлгийн замын халдварт өвчний хор уршгийн тухай тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй. Нуулгүй хэлэхэд, энэ талын ойлголт мэдлэгээр маруухан эцэг, эх бишгүй. Өсвөр насны хүүхдүүд өнөөдөр эрүүл мэндийн боловсролыг эцэг эх, багш нараас биш олон нийтийн сүлжээ, найз нөхдөөсөө авч байгаад анхаарах цаг нь болжээ.
Холбоотой мэдээ