Нийслэл бүхэлдээ үерт автсан цагт л ус зайлуулах хоолойг анхаарна

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Нийслэл бүхэлдээ үерт автсан цагт л ус зайлуулах хоолойг анхаарна

Нийслэл бүхэлдээ үерт автсан цагт л ус зайлуулах хоолойг анхаарна

Гадаргуун ус зайлуулах байгууламж хүртээмжгүй байгаагаас нийслэлийн иргэд борооны улиралд үерийн усыг туучихаас өөр сонголтгүй болдог билээ. Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний өргөтгөл, нөхөн сэргээлтийн ажилд жил бүр 1-3 тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэтэл хавар, зуны улиралд авто зам дээрх үерийн усны асуудал давтагдсаар л. Тухайлбал, И-Март, Нарны гүүр, Хүннү моллын гэдэг тодотголтой үерт автдаг жишээ олон бий. Нийслэлийн авто замын үерийн асуудал ямар шалтгаанаас үүдэж буйг сурвалжиллаа.


Төв талбайн зүүн талын Туушин зочид буудлын уулзвараас МУБИС-руу чиглэн явах замд ус зайлуулах хоёр л хоолой туслах замд байгааг олж харав. Хэмжээ нь жижигхэн ч багтаамж ихтэй тус хоолой битүүрвэл үерийн ус зам дээр хэрхэн хальж гардгийг хотынхон андахгүй мэднэ. Цааш Сансарын “И Мартын” авто зам руу явахад ус зайлуулах хоолойнуудыг саяхан цэвэрлэсэн гэмээр харагдаж байлаа. Гэхдээ шугам сүлжээний их цэвэрлэгээг жилд хоёр удаа л хийдэг болохыг албаны хүн хэлсэн юм. Тиймээс цэвэрлэгээг өдийд биш хаврын хавсарганы дараа хийсэн нь төсөв санхүүг ашигтай зарцуулахад дэмтэй байсан байж магад.

Зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээг хэвийн байлгахад хэд хэдэн саад бэрхшээл тулгардаг байна. Тухайлбал, орон сууцны хорооллууд нь орчны зам талбай, дээврийн бороо, цасны усыг зайлуулах байгууламжгүй усаа зам руу урсгадаг нь замын борооны ус зайлуулах шугам худгийн ачааллыг нэмэгдүүлж хүндрэл үүсгэдэг аж.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛУУД УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖГҮЙ УЧРААС АВТОЗАМЫН ШУГАМ ХУДГИЙН АЧААЛАЛ НЭМЭГДДЭГ

Сүүлийн жилүүдэд орон сууцны компаниуд замын ус зайлуулах далд шугам хоолойг барилгын суурь ухах явцад дур мэдэн гаргаж, шугамыг ажиллагаагүй болгодог тохиолдол их гарах болсон байна. Мөн хуучны байрнуудын ус зайлуулах шугам сүлжээний насжилт дууссан учраас хотхоны байршлаас хамааран  ойролцоох авто зам дээр их хэмжээний ус тунаж, үер болох үзэгдэл гарах болжээ.

Зам дээр байгаа шүүрт худгууд замын гадаргуу хэсгийн усыг зайлуулахаар төлөвлөгдсөн байдаг. Гэтэл орон сууцны хороолол шинээр ашиглалтад орох бүрт нийслэлийн авто замын ачаалал дагаад л нэмэгддэг байна. Авто замын гадаргуугийн ус зайлуулах шугам сүлжээ, шүүрт болон үзлэгийн худгуудын найдвартай хэвийн ажиллагаанаас замын эдэлгээ чанар мөн шалтгаалдаг.

 

Геодези, усны барилга байгууламжийн газрын мэдээлснээр хот тэлэхийн хэрээр гадаргын усыг хөрсөнд шингээх боломжгүй болж байгаа юм байна. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нягтаршил ихэсч, шинээр баригдах орон сууц олширсноор нийслэлийн авто зам дээр ус үерлэх тохиолдол нэмэгджээ. Түүнээс гадна 1960-1980 онд баригдаж байсан угсармал орон сууцнуудын ус зайлуулах шугам хоолойн насжилт дууссанаас үүдэн төвийн авто замын ус зайлуулах хоолой ачаалалтай ажиллах болсон байна. Нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай бөгөөд ачаалал нь аль хэдийн хэтэрчихсэн. Хүн ам ихтэй, нягтаршил ихтэй дүүргүүдэд шугам сүлжээ хомс байдгаас болж давтамжтай дуудлага ирдэг болохыг онцолсон юм.

Шугам сүлжээг ашиглах нарийвчлан заасан тодорхой хугацаа гэж байдаггүй ч стандартын шаардлагад нийцэхгүй тохиолдолд тухайн ус зайлуулах хоолойг ашигладаггүй байна.

Баянзүрх дүүргийн иргэн Г.АВИРЗИД:

 

-Бороо орж, үер буухад “Сансарын үйлчилгээний төв”-өөс “И-Март” худалдааны төвийн зүүн талын авто зам болон хажуу талынх нь 1, 2 дугаар байрны зоорийн болон нэгдүгээр давхрын айл, оёдлын цех, үйлчилгээний төвүүд рүү үерийн ус орж, оршин суугчид гарч чадахгүй хэмжээнд хүрч байсан гамшигт үзэгдэл өнгөрсөн жилүүдэд тохиолдож байсан. Тухайн үед Онцгой байдлын албаныхантай оршин суугчид жижиг саваар хүртэл ус зөөж байлаа. Жил бүр л хур тунадас их хэмжээгээр тунаж, түүнийг нь соруулах техник хэрэгсэлтэй албаны хүмүүс ирж ажиллаад л явдаг. Манай байрны СӨХ-ны зүгээс оршин суугчдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлийн төлөө удаа дараа шаардах бичиг, санал гомдлоо бичиж холбогдох албаныханд хүргүүлсэн. Үер болсны дараа "ниргэснийх нь дараа хашхирав" гэгчээр дүүрэг, нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй ирээд нөхцөл байдалтай танилцдаг. Гэвч нөхцөл байдалтай танилцаж, засвар шинэчлэлийн ажлыг хийнэ гэж хэлэхээс өөр дорвитой арга хэмжээ авч, нүдэнд харагдах ажил хийсэн удаа үгүй. Жаахан үер буухаар л зогсоол дээрх машинууд бараг хөвнө. Үүнээс гадна подвал руу үерийн ус орж, цахилгааны шийдэнд хүртэл гэмтэл, саатал гардаг. Энэ бол хүний амь насанд эрсдэл учруулах аюултай гэдгийг онцолсон юм.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2020 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний өргөтгөл, урсгал засвар, өргөтгөл нөхөн сэргээлтийн ажилд хоёр тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Харин 2021 онд нэг тэрбум төгрөг төсөвлөгдөөд байгаа аж.

Дээрх ажлын хүрээнд нэг жилд 6-10 байршилд шинээр шугам нэмж барьж, 500 орчим ширхэг шүүрт худгийг засварлаж, 300 орчим худагт нөхөн сэргээлтийг батлагдсан хуваарийн дагуу хийдэг байна. Гэвч ус зайлуулах хоолой хүрэлцээгүй хэвээр байсаар л…

ИРГЭД, ААН-ҮҮД ХОГОО ИЛ ЗАДГАЙ ХАЯСНААС  ХУДАГ, ХООЛОЙГ БӨГЛӨДӨГ Ч ТЭДЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙДАГГҮЙ

Сансар руу өгсөх замд Сэлбийн голын урсах чимээ гоёхон сонсогдох ч түүн доторх хог хаягдал нь нүдэнд торно. Ил харагдаж байгаа бохирдлыг ч яахав цэвэрлэдэг юм байна гэж бодоход шугам хоолойн хаягдлыг цэвэрлэхгүй хугацаа алддаг. Өндөрлөг хэсгээс бууж ирж буй үерийн ус нь гуу жалгаар урсан үерийн хоолой сувгаар гадагшлахаар төлөвлөгдсөн байдаг. Гэвч иргэд, аж ахуй нэгжүүд хогоо ил задгай хаяснаас үерийн устай их хэмжээний хог урсан худаг болон хоолойг бөглөдөг. Мөн аж ахуй нэгж, айл өрхүүд зөвшөөрөлгүй үерийн хоолой, суваг хааж бууснаас голдирлыг өөрчилж авто зам дээр ус ихээр тогтож авто замын эвдрэл үүсэх бас нэгэн хүчин зүйл болдог байна.

Авто зам, зам талбайн борооны ус зайлуулах шугаманд зөвшөөрөлгүй зориулалтын бус холболт хийдэг цайны газар, авто угаалга болон бусад газрууд бохир усаа холбож ашиглалтын нөхцөлийг хүндрүүлэх тохиолдлууд гарах болжээ. Үүнээс гадна зам талбайн үйлчлэгчид шүүрт худаг руу замын хог шороог шүүрдэн хийж бөглөдөг байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.МАРИНА:

-Хотын хэмжээнд замын ус зайлуулах хоолой хэчнээн байна вэ. Засвар шинэчлэлтийн ажлыг хийж байна уу?

-Авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Улаанбаатар хотын 840 гаруй километр авто замын хувьд инженерийн шийдэл бүхий далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 184 километр байдаг. Эдгээр далд шугам сүлжээ нь хотын 46 гудамжинд байрлаж, авто замын гадаргуугийн усыг 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг байгаа. Замын гадаргуугийн ус зайлуулах байгууламж нь тухайн замынхаа гадаргуугийн усыг л зайлуулах үүрэгтэй. Хэрэв үндсэн үүргээр ажиллавал авто зам дээр үерийн ус өмнө жилүүдийнх шиг тогтохгүй байх боломжтой.

-Тэгвэл журам зөрчиж ус зайлуулах хоолойд ачаалал үүсгэж байгаа этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр шүүрт худгуудын лаг шаврыг жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг. Гэтэл ашиглалтын нөхцөлийг зөрчиж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2020 онд нийт 174 байршилд 4134.2 куб метр худгийн лагийг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэж ажилласан. Энэ онд борооны ус зайлуулах шугам худгийн 4712.2 куб метр лагийг цэвэрлэхээр төлөвлөөд байгаа. Ил сувгийн цэвэрлэгээг ирэх сарын 15-наас хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна.

Иргэн Л.ТҮВШИНЗАЯА:

-Манайх хуучны орон сууцанд амьдардаг. Гэхдээ шугам, сүлжээний хувьд огт асуудал тулгарч байгаагүй. Миний бодлоор одоо шинээр баригдаж байгаа орон сууцнууд хэт ойрхон талбайд баригдаж байгаагаас үерийн ус зайлуулах шугам сүлжээний дутагдал үүсч байгаа санагддаг. Үүнээс гадна хотхон дотор хог хаягдлаа хамаагүй гаргаад хаячихдаг жишээ их байна. Иргэд, ААН-ын хайхрамжгүй байдлаас үүдэн авто зам дээр хур тунадас тогтох, иргэдийн хөдөлгөөнд саад болох эрсдэл үүсгэж байгаа гэж бодож байна. Үерийн ус тогтох үзэгдэл өнгөрсөн зуны тухайд өмнө жилүүдтэй харьцуулахад бага байсан. Хамгийн гол нь иргэд өөрсдөө л ухамсартай байж, хогоо энд тэнд хамаагүй хаяхгүй байвал ус зайлуулах хоолой хэвийн ажиллах боломжтой.

ЗАМЫН ГАДАРГУУГИЙН УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ НЬ ҮҮРГИЙНХЭЭ ДАГУУ АЖИЛЛАСАН Ч АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ

Иргэдийн төлсөн татвар нийтийн эзэмшлийн зам талбайн усыг зайлуулах шугам сүлжээний төлбөрт тодорхой хэмжээгээр зарцуулагддаг. 1960 онд Улаанбаатар хотод үерийн уснаас зайлуулах гурван коллектор баригдаж байж. Түүнээс хойш засвар, шинэчлэлтийн ажлыг хийгээгүй болохыг албаны хүн мэдээлэв. 60 жил ажилласан үерийн хоолойн труба ямар байх нь тодорхой. Гэтэл үер буусны дараа л үерийн далан сувгуудыг янзлах, шинэчлэх ажлуудыг нөхөн сэргээж, оромдоод л орхидог жишиг тогтсон.

Хамгийн хачирхалтай нь байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үер буухад хохирол учирсан иргэд хэрхэн хохирлоо нөхөн барагдуулах нь хүртэл тодорхойгүй байдаг тухай иргэд хэлж байв. Иймд татвар авч буй төр үүргээ чанартай, сайн гүйцэтгэх, иргэд, ААН-үүд дүрэм, журмыг сайтар мөрдөж, орчин нөхцөл, эрүүл, аюулгүй байдлаа сайтар сахих шаардлага үүсч байна. Мөн аливаа барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авдаг байгууллагууд тухайн барилгын ойр орчмын болон дээврийн усыг зайлуулах асуудлыг нэн түрүүнд харгалзах шаардлага ч тулгарч байгаа юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж