Монголд уушги орлуулах аппарат хоёрхон ширхэг бий

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Монголд уушги орлуулах аппарат хоёрхон ширхэг бий

Монголд уушги орлуулах аппарат хоёрхон ширхэг бий

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, хоногт шинээр батлагдсан тохиолдлын тоо 800 давлаа. Халдвар авч, биеийн байдал нь хүндэрч буй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж буй энэ үед өвчтөнүүдэд зориулсан амьсгалын аппаратын хүрэлцээ хэр  байгаа талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Улсын эмнэлгүүдэд амьсгал дэмжих аппаратыг хангалттай тоогоор хуваарилсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 889 амьсгалын аппарат байна. Сүүлд яамнаас худалдан авалт хийж, шинээр амьсгалын аппарат татан авалт хийсэн” гэв. Харин ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн захирал М.Тунсаг “Манайд амьсгалын аппарат хангалттай байгаа” гээд мэдээлэл өгөхөөс татгалзав.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Наранзул “Манай эмнэлэгт амьсгалын аппарат хүрэлцээтэй байгаа. Нийтдээ 30 гаруй амьсгалын аппарат бий. Манайх сэхээний 35 ортой. Ор тус бүр аппараттай гэсэн үг. ХӨСҮТ-д улсын хэмжээнд халдвар авч, биеийн байдал хүнд хүмүүсийг хүлээн авч, эмчилж байгаа” гэдгийг хэлсэн юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2583 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2186, хүндэвтэр 317, хүнд 70, маш хүнд 10 хүн байна.

Амьсгал дэмждэг аппарат бол улсын аль ч эмнэлэгт хангалттай байгаа гэдгийг салбарынхан хэлж байв. Эдгээр аппаратыг өвчтөний цагаан хоолойд нь гуурс тавьж, гуурсаа аппараттай холбож амьсгал дэмждэг. Тухайн хүний амьсгалыг зохиомлоор удирддаг гэсэн үг. Мөн хүчилтөрөгчийн хувь, даралтаа хянана. Халдвар авсан хүн хүчилтөрөгчийн дутагдалд орсон тохиолдолд эрчимт эмчилгээний эмч нар аппаратыг хэрэглэх боломжтойг мэргэжилтэн хэллээ.

Эмч мэргэжилтнүүдийн хувьд Covid-19-ийн халдварт 25-34 насныхан хамгийн их өртөж бас бусдад тарааж, 65-аас дээш насныхан халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр байгааг анхааруулж буй.

Цар тахлын үед хамгийн хэрэгтэй аппарат бол ECMO аппарат юм. Монгол Улсад энэ аппарат хоёрхон ширхэг байгаа гэнэ. Нэг нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн бол нөгөө аппаратыг нь Цэргийн төв эмнэлэгт удахгүй ажиллуулж эхлэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэллээ.

Энэ аппарат бол амьсгал дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох чухал үүрэгтэй төхөөрөмж. Covid-19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг ЭМЯ-ны захиалгаар 2020 оны наймдугаар сарын 21-нд УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн байдаг.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч С.Алтансүхээс энэ аппаратын талаар тодруулахад “Монголд өмнө нь ECMO аппарат байхгүй байсан. Цар тахлаас урьдчилж сэргийлэх үүднээс оруулж ирж, 2020 онд манай эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Энэ аппарат Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэг, Цэргийн төв эмнэлэгт нэг байгаа. Манай эмнэлэгт байгаа  аппаратыг зөөвөрлөж хэрэглэдэг. Ингэхдээ өмнө нь ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг дээр хоёр баг очиж, дөрвөн удаа эмчилгээ хийсэн. Удахгүй Цэргийн төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн ECMO аппарах ажиллаж эхэлнэ” гэв.

Тэрбээр “Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат хоёрхон бий. Энэ аппаратаар эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн биеийн байдал одоо хэвийн болсон. Маш хүнд тохиолдлууд л 1-2 удаа энэ аппаратад ордог. Хүн болгон энэ аппаратаар эмчилгээ хийлгэх боломжгүй. Энэ аппаратыг нарийн мэргэжлийн тусгай эмч нар ажиллуулна. Ер нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, “Сонгдо”, “Интермед” эмнэлэгт нарийн мэргэжлийн мэс засал хийдэг учраас энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүд бий. ECMO аппаратны үнэ өртөг маш өндөр. Зөвхөн нэг удаагийн хэрэглэх зүйлс нь 10 орчим сая төгрөг болдог. Энэ аппаратыг бас зүрхний мэс засалд ашигладаг юм” гэдгийг хэлсэн юм.

ECMO аппарат нь өвчтөний уушгинд ачаалал үүсч, хүчилтөрөгч авч чадахгүй болсон үед хэсэг хугацаанд уушгинд ачаалал өгөхгүй уушгийг аппаратаар орлуулдаг байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж