Монгол, Хятадын тал Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний чингэлэгт тээвэр хийхийг харилцан дэмжиж байгаа ажээ. Тиймээс тус боомтод задгай тээврийн талбайтай зэрэгцээ чингэлэгт тээвэр бүхий терминалын талбай байгуулах, улмаар боомтын гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж буй юм байна.
Богино зайд цөөн тооны автомашинаар чингэлэгт тээвэр хийхэд тухайн боомтын нүүрсний экспортын хэмжээг 10 сая тонноор бодитой нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.
УУХҮЯ-наас Монгол Улсын экспортын гол боомтуудын нэвтрэлтийг дэмжих чиглэлээр Шивээхүрэн боомтоор нүүрсийг чингэлэгт тээврээр экспортлох тухай тогтоолыг ирэх долоо хоногийн Лхагва гариг (2021.04.13)-т Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж, энэ асуудал холбогдох яамдаас санал авах шатанд яваа юм байна.
Чингэлэгт тээвэртэй холбоотой Засгийн газрын тогтоол гарснаас хойш 1-2 сарын хугацаанд терминалыг барьж байгуулах ажил хийгдэх нь. Бүтээн байгуулалтад зориулан Шивээхүрэн боомтод 11.5 га газарт нягтаршуулсан талбай бэлтгэжээ.
Чингэлэгт тээврийн терминалын зураг төслийг Сангийн яамны “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгж хийж байгаа аж. Энэ ажлыг УУХҮ-ийн болон Сангийн сайд нар дэмжсэн байна. Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт хийж буй “Монголын алт” компани ч өөрсдийн санал санаачилгаар энэхүү ажилд оролцож байгаа аж.
Чингэлэгт тээврийг эхлүүлснээр тээвэрлэлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспортын хэмжээ 30 хувиар өсч, жолоочийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, байгаль орчинд сөрөг нөлөө үүсэхгүй, нүүрсний жин болон чанар алдахгүй байх давуу талтай юм. Энэхүү чингэлэгт тээврийн үйл ажиллагааг нэвтрүүлсэн нь нүүрс тээврийн зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.
ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭД АЧИЖ, БУУЛГАХ ЯВЦАД 70-80 ТОНН ТУТАМД 80-85 КИЛОГРАММ НҮҮРС ХОРОГДДОГ
Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хоёр жилийн өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэх чингэлэгт тээврийн хэрэгслийг танилцуулж байв.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж ирсэн билээ. Тухайн үед Тавантолгойн уурхайгаас задгай тэвшин дээр ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог тухай мэдээлж байв.
Чингэлэгт тээврийг эхлүүлснээр нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, ачилт, буулгалтаас шалтгаалан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь буурч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтай. Мөн эхлэх цэгээс хүрэх цэг хүртэлх тээвэрлэлт нэгдсэн зохион байгуулалтад орсныг салбарын төлөөлөл онцолсон юм.
Зам, тээврийн хөгжлийн яам, АТҮТ ТӨҮГ-аас “Нүүрсний чингэлэгт тээвэр”-ийг зохион байгуулж эхлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирсэн, чингэлэг тус бүр нь 32.5 тоннын багтаамжтай, шинэ автомашинуудыг танилцуулсан юм. Энэхүү автомашины нийт урт (толгойн хамт) 36,5 метр бөгөөд чиргүүлийнхээ багтаамжтай нийлээд нэг удаад 130 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байв.
ТУС БООМТООР ӨЧИГДӨР (2021.04.06) 91 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРЧЭЭ
Цар тахлын халдварын улмаас Гурвантэс суманд тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг зогсоосон ч энэ сарын 3-наас эхлэн нүүрс тээвэрлэсэн цөөн тооны машиныг нэвтрүүлж буй юм байна. Шивээхүрэн дэх Гаалийн газраас мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тус боомтоор 88 машин нэвтэрсэн бол өчигдөр (2021.04.06)-ийн байдлаар 91 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Нүүрс нэвтрэлт удааширсны улмаас тус боомтын авто зам дээр 800 гаруй машины цуваа үүссэн байна.
Жолооч нар PCR шинжилгээ өгч, хариу нь гармагц тээврийн хэрэгсэлтэйгээ Хятадын хилийн боомтоор нэвтрэх зарчмаар Монголын нүүрсний экспорт үргэлжилж байгаа ажээ.
Шивээхүрэн боомт, нүүрс тээврийн автозамыг бүрэн хэмжээнд ариутгаж, боомтын ажилтнууд, нүүрс тээврийн жолооч, уурхайн бүсийн ажилтнуудад Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунг хийж дуусчээ. Цаашид бүсийн хэмжээнд халдвар гарахгүй, нөхцөл байдал тогтворжсон тохиолдолд Хятадын талаас нүүрс татан авалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж.
Холбоотой мэдээ