Covid-19-гүй зун болох боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Covid-19-гүй зун болох боломжтой юу?

Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг “Дархлаажуулалтын сар” болгон зарласан. Энэ хүрээнд дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна. Цар тахлын эсрэг тэмцэлд улстөржилт, талцал хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн нягтарч эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсч, дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж, "Covid-19-гүй зуныг хамтдаа угтацгаая” гэсэн уриаг дэвшүүлээд байгаа юм.

Засгийн газрын зүгээс хатуу хөл хорио тогтоохгүйгээр эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлогыг баримталж буй. Харин ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн саналыг гаргасаар буй.  Учир нь вакцинжуулалтыг эрчимтэй хийх үе буюу хүн амын дунд сүргийн дархлаа тогтох хэмжээний хүнийг вакцинд хамруулах хүртлээ манайх шиг орон хөл хориог ингэж сулруулахгүйгээр, хатуу хорио тогтоож менежмент хийж явахгүй бол вакцинжуулалт ямар ч үр дүнгүй болно гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад вакцины эхний тунгаа хийлгэсэн 732 хүн халдвар авсан.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа "Covid-19-гүй зун" болох боломжтой эсэх талаарх талуудын байр суурийг хүргэж байна.

 

Л.Оюун-Эрдэнэ:
Монгол Улсын Ерөнхий сайд

-Covid-19 вирус дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэмнэлийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их буюу 2.9 сая хүний амь насыг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улмаас дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн түрүүний зорилт байх болно" гэж хэлж байсан. Бид цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн цаашлаад нийт иргэдээ вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газрын эхний 100 хоногтоо багтаан зохион байгуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах цорын ганц зам нь вакцинжуулалт гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж өдөрт 16 сая тун вакциныг өнөөдрийн дундаж хурдаар тооцож нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа хоёр жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн хүн амын дөнгөж 1.8 хувийг хос тун вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж, улс орнуудын Засгийн газар бүхэн хүн амаа вакцинжуулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн тулд шуурхайлан ажиллаж хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар /2021.04.04/ 346.745 иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг вакцинжуулаад байна. Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг “Дархлаажуулалтын сар" болгон зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна.Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнээ, зургадугаар сарын 1 гэхэд орон нутгийн насанд хүрсэн нийт иргэнээ тус бүр вакцины эхний тунд хамруулж долдугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна. Хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын горимоо ягштал барьж иргэн бүр вакцинжуулалтад хамрагдах нь эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж суурь нөхцөлийг бүрдүүлэх юм. Монголчууд та бүгд эвлэлдэн нэгдэх бүртээ ялан дийлж, хагаран бутрах болгондоо уруудан доройтсныг их түүх сануулдаг. Цар тахлын эсрэг тэмцэлд улстөржилт, талцал, хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн нягтарч, эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсч байна. Дархлаажуулалтандаа идэвхитэй хамрагдаж, Covid-19-гүй Зуныг хамтдаа угтацгаая!

Э.Тэмүүлэн:
ХӨСҮТ-ийн тархвар судлаач

-Энэ хэвээр явбал 14 хоноход өдөрт илрэх халдварын тоо мянга давах бодит аюул тулгарч байна. Мянган тохиолдлоос ч илүү их халдвар бүртгэгдэж магадгүй.14-18 хоногийн хөл хорио бол байж болох хамгийн бага хугацаа. Ер нь бусад улс орнуудын туршлагыг харахад ч, ДЭМБ-ын зөвлөмжийг харахад ч хүн амын дунд өргөн тархсан байгаа ийм үед бид хамгийн багадаа 28 хоног буюу хоёр нууц үеийн хугацааг өнгөрөөж байж халдварын тархалтыг бодитойгоор сааруулж, багасгаж чадна. 14 хоног хөл хорио тогтоовол одоо энэ байгаа хэвэнд л хадгалж чадна уу гэхээс бууруулж бол чадахгүй. Манайх хөл хориог хэтэрхий бага хоног тавьж, халдварын гинжин хэлхээ тасраагүй байхад нь хөл хориогоо сулруулснаас болж халдвар өнөөдөр өргөн тархчихлаа. Ялангуяа хамгийн сүүлийн 12 хоногийн хөл хорио бол ямар ч үр дүнгүй байсан.

Хүн амын 80 хувийг вакцинд хамруулж байж сүргийн дархлаа тогтох боломжтой. Гэхдээ вакцин бол халдвараас сэргийлэх одоо бидэнд байгаа ганц арга. Вакцин нь халдвараас 100 хувь сэргийлэхгүй ч гэсэн вакцин хийлгүүлээд халдвар авсан тохиолдолд хүндрэх, нас баралтаас маш сайн сэргийлж чадна. Гэхдээ вакцинжуулалтыг эрчимтэй хийх үе буюу хүн амын дунд сүргийн дархлаа тогтох хэмжээний хүнийг вакцинд хамруулах хүртлээ манайх шиг орон хөл хориог ингэж сулруулахгүйгээр, хатуу хорио тогтоож менежмент хийж явахгүй бол вакцинжуулалт ямар ч үр дүнгүй болно.

Өнөөдрийн байдлаар манай улсад вакцины эхний тунгаа хийлгэсэн нэлээд олон хүн халдвар авч, хийлгэсэн вакцины үр дүн гарч чадсангүй шүү дээ. Вакциныг эрчимжүүлэх нь чухал, гэхдээ үүнийхээ хажуугаар халдварын тархалтыг хумих арга хэмжээг зэрэг авч явахгүй бол вакцины үр нөлөө муудна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж