Хөрөнгө оруулагчдын 90 хувь нь арилжаанд онлайн оролцож байна

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын 90 хувь нь арилжаанд онлайн оролцож байна

Хөрөнгө оруулагчдын 90 хувь нь арилжаанд онлайн оролцож байна

Цар тахлын үед хөрөнгийн биржид өрнөж буй үйл явцын талаар Монголын Хөрөнгийн биржийн /МХБ/ гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.


Цар тахлын энэ үед Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу. Ихэнх үйлчилгээ цахимд шилжсэн энэ цагт харин ч давуу тал болж ачаалал нэмэгдэж байгаа болов уу. Гэтэл нэг л чимээгүй байх юм?

-Цар тахлын үед Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа аливаа тасалдалгүй хэвийн явагдаж байна. МХБ нь 2012 онд арилжааны дэд бүтцээ шинэчилж, онлайнаар арилжаанд орох боломжийг бүрдүүлснээр арилжаанд оролцох процесс үндсэндээ бүрэн цахимжсан тул хатуу хөл хорионы үеэр арилжаа тасалдалгүй явагдах нөхцөл боллоо. Өнөөгийн байдлаар өдөрт дунджаар 2500 орчим хөрөнгө оруулагчид арилжаанд оролцож байгаагийн 90 орчим хувь нь гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан онлайнаар шууд оролцож байна. Ийнхүү бүрдүүлсэн дэд бүтцийн үр дүнд Ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы үеэр МХБ-ийн арилжаа тасалдалгүй, хэвийн явагдсан. Түүнчлэн, МХБ нь цахимжилтыг улам эрчимжүүлэх үүднээс Засгийн газрын E-Mongolia систем болон “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран иргэдэд үзүүлдэг бусад үйлчилгээгээ цахимжуулаад байна.

Сүүлийн үед хөрөнгийн зах зээл урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж байгаа. Тухайлбал, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч ТОП-20 индекс 34635.65 нэгжид хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 104.9 хувиар, зах зээлийн үнэлгээ 3.69 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 48.5 хувиар, өдрийн дундаж арилжаа 1.17 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 7.5 дахин тус тус өссөн үзүүлэлт болж байна.

-Энэ он гарснаас хойш Хөрөнгийн зах зээлд томоохон үйл явдал болов уу. Өмнөх жилүүдэд зарим компаниуд IPO гаргах, бонд босгох зэргээр идэвхтэй байсан?

-Он гарснаар хөрөнгийн зах зээл нэлээд идэвхижлээ. Хадгаламжийн хүү буурсан, харилцах дансанд хүү тооцохгүй болсон зэргээс шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүд банкинд хадгалагдаж буй мөнгөөрөө өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол үүсч эхэлж байна. Тэр хөрөнгийн тодорхой хэмжээ нь хөрөнгийн зах зээлрүү орж ирснээр энэ идэвхжилд нөлөөлж байна.

Нөгөөтэйгүүр, МХБ дээр шинэ бүтээгдэхүүн арилжигдаж эхэлж байна. Тухайлбал, анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжигдаж, олон нийтээс 4 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүллээ. Мөн саяхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй, төгрөг, ам.доллар хосолсон нээлттэй бондыг бүртгэж, анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлээд байна. “Эрдэнэс Тавантолгой” бонд нь манай хөрөнгийн зах зээлд байгаагүй том хэмжээний бонд болж байна. Тодорхой хэсгийг валютаар гаргах гэж буй нь манай хөрөнгийн зах зээлд шинэлэг зүйл болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг болж байна.

Мөн он гарснаас хойш хөрөнгийн зах зээлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлэх бас нэг үйл явдал болсон нь УИХ-аас Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн баталсан явдал. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор арилжааны банкууд олон нийтийн болох эрх зүйн орчин бүрдсэн. Монголын санхүүгийн зах зээлд сүүлийн 30 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, олон нийтэд танигдсан, зээлжих зэрэглэлээ олон улсын агентлагаар хийлгэдэг, аудитаа томоохон компаниудаар хийлгэдэг, нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлд орж ирэхээр боллоо.

Энэ жил хэд хэдэн компанийн бонд гарах,  мөн давхар бүртгэлтэй компаниуд бирж дээр гарах хүлээлттэй байна.

-“Эрдэнэс Тавантолгой” бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Ямар үнэтэй байдаг, яаж худалдаж авах вэ гээд иргэд их сонирхож байна л даа?

-ЭТТ бонд нь 2 жилийн хугацаатай, 6 сар тутамд купон төлөгдөнө. Төгрөгийн бондын хувьд нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөг, жилийн нэрлэсэн хүү /купон/ нь тогтмол 10 хувь, ам.долларын бондын нэрлэсэн үнэ 100 ам.доллар, жилийн нэрлэсэн хүү нь тогтмол 6.8 хувь байна. Хөрөнгө оруулагчид өгөөжийн түвшингээр өрсөлдөх зарчмаар арилжаа хийх тул хүртэх өгөөжөө төгрөгийн бондын хувьд 10 хувиас, ам.долларын бондын хувьд 6.8 хувиас доош бууруулах буюу нэрлэсэн үнийг нь өсгөх байдлаар захиалга өгч болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдаас эрэлт өндөр байх тохиолдолд илүү бага өгөөжөөр захиалах тусам энэхүү бондыг авах боломж нэмэгдэнэ гэсэн үг.

МХБ нь ЭТТ бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг гишүүн үнэт цаасны компаниудаараа дамжуулан авна. Арилжаа нь захиалгын бүртгэл /bookbuilding/ болон үнэ хаялцуулах дуудлага арилжаа гэсэн 2 төрлийн аргаар явагдана.

Захиалгын бүртгэлийн аргаар нийт 120 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх бонд буюу 35 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй төгрөгийн бонд, 30 сая ам.долларын үнийн дүнтэй ам.долларын бонд арилжаалагдах бөгөөд захиалгыг 2021.03.30-2021.04.09-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авна.

Дуудлага арилжаа нь 2021.04.09-ний өдөр 10:00-12:00 болон 13:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд нийт 480 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх бонд буюу 365 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй төгрөгийн бонд, 40 сая ам.долларын үнийн дүнтэй ам.долларын бонд арилжаалагдана.

– Иргэдийн зарим нь банкинд мөнгөө хадгалснаас Засгийн газрын бонд худалдаж авах нь ашигтай гэж үзэх болжээ. Тэгвэл иргэд энэ жил Засгийн газрын бонд худалдаж авах боломж байна уу. Мэргэжлийн хүний хувьд та иргэдэд энэ чиглэлээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сангийн Яам ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс хамааран 2017 оноос эхлэн ЗГҮЦ-ыг шинээр зах зээлд гаргаагүй. Сангийн яамнаас ЗГҮЦ гаргах талаар шийдвэр гаргавал хөрөнгө оруулах дотоодын төдийгүй гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд олон бий.

-Ер нь хэдэн хүн Засгийн газрын бондыг худалдаж авдаг, дунджаар хэдэн төгрөгийн ашиг олдог бол. Жишээлбэл, надад  таван сая төгрөг байгаад түүгээрээ Засгийн газрын бондыг худалдаж авлаа гэхэд хэдий хугацааны дараа хэдий хэрийн ашиг олох бол. Банкны хүүний ашгаас ялгаатай юу. Иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг муутай болохоор их сонирхож байна л даа?

-2015-2017 онд МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 1.5 их наяд төгрөг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 210.4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ЗГҮЦ арилжигдсан. 2017 оны үед ЗГҮЦ-ны жилийн хүү 11-15 орчим хувьд хэлбэлзэж байсан нь банкны хадгаламжийн хүүтэй өрсөлдөхүйц хэрнээ татваргүй байсан нь ЗГҮЦ-нд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байхад нөлөөлсөн.

Одоогоор МХБ дээр “Лендмн ББСБ” ХК-ийн жилийн 17 хувийн хүүтэй бонд, “Инвескор актив ТЗК” ХХК-ийн жилийн 14.4 хувийн хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжигдаж байна. Удахгүй ЭТТ бонд /төгрөг 10%, ам.доллар жилийн 6.8%/ арилжигдаж эхэлнэ. Монголбанкны статистик мэдээллээр банкны хадгаламжийн хүү одоогоор төгрөг 10-11 орчим, ам.доллар 3 орчим хувьтай байна.

Иргэд хөрөнгөө хөрөнгийн зах зээлд арилжигдах бондонд оруулах нь нэг талаар татварын хувьд хөнгөлөлттэй /ЗГҮЦ-ны хүүгийн орлогын татвар 0%, компанийн бондын хүүгийн орлогын татвар 5%, хадгаламжийн хүүгийн орлогын татвар 10%/, нөгөө талаар санхүүгийн хэрэгцээ гарсан үед хоёрдогч зах зээлд хугацаанаас нь өмнө буцаан худалдаж, тухайн хугацаанд оногдох өгөөжөө хүртэх боломжтой.

Банкны хадгаламжийн хувьд “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн дагуу 20 хүртэл сая төгрөгийн үнийн дүн бүхий хадгаламж даатгагдсан байдаг давуу талтай.

– Хөрөнгийн биржийн арилжааны мөнгөн дүн сүүлийн таван жилд ямар байсан вэ?

-МХБ дээр 2016 онд нийт 348.6 тэрбум төг, 2017 онд 859.2 тэрбум төг, 2018 онд 244.1 тэрбум төг, 2019 онд 143.2 тэрбум төг, 2020 онд 65.3 тэрбум төгрөгийн арилжаа тус тус хийгдсэн. Энэ жилийн хувьд өнгөрсөн 2020 оны жилийн нийт арилжааны үнийн дүнг эхний улиралд хийсэн амжилттай байна.

– Монголын хөрөнгийн зах зээлд гаднын тоглогчид орж ирж байна уу. Та тодорхой нэр хэлэх боломжтой юу. Ер нь сонирхож байна уу манайхыг?

-2020 оны хувьд нийт хөрөнгө оруулагчдын 12.5 хувийг гадаадын хөрөнгө оруулагч иргэн, ААН эзэлсэн байна. Хөрөнгө оруулагчдыг улсуудаар ангилбал БНСУ, АНУ, Япон зэрэг улсууд зонхилдог. Сүүлийн жилүүдэд зах зээл идэвжихийн хирээр гадаадын хөрөнгө оруулагч мэргэжлийн байгууллагууд Монголд салбараа нээх, шинэ IPO-нд стратегийн хөрөнгө оруулагчаар оролцох гэх зэргээр идэвхтэй оролцох болсон.

Цаашид сонирхолтой бүтээгдэхүүн гарахын хирээр гаднын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаас идэвхтэй арилжигдаж байх үед буюу 2018 онд гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо 40 хувьд хүрч байсан, уул уурхайн салбар өндөр өсөлттэй байсан 2011-2012 онд нийт хөрөнгө оруулагчдын 90 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид байсан. Нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчдад тулгамддаг гол асуудлын нэг болох ханшийн эрсдлээс хамгаалах валютаар илэрхийлэгдсэн үнэт цаасны арилжааг бий болговол гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ.

Одоо анхдагч зах зээлд захиалга авч буй ЭТТ ам. долларын бонд нь олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татах  болов уу гэж харж байна.

– Манай  хөрөнгийн зах зээлийн бүтцийг хэт том байна гэдэг. Үүнийг шийдэх гарц байна уу?

-Үнэт цаасны арилжаа, түүний төлбөр тооцоо, хадгаламж гэсэн үндсэн функцийг 3 тусдаа байгууллага хариуцаж байгаа. Дотоодын хөрөнгийн зах зээлд ийнхүү олон салангид байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа нь арилжааны өртөг, зардал өндөр байхад нөлөөлдөг. Учир нь арилжааны шимтгэл үнэт цаасны компаниуд, хөрөнгийн бирж, арилжааны тооцооны байгууллага, төвлөрсөн хадгаламжийн байгууллага, зохицуулагч байгууллага зэрэг олон байгууллагуудын шимтгэл хураамжаас бүрддэг.

Олон улсын байгууллагууд болон стратегийн түншлэлийн гэрээ байгуулан ажилласан Лондонгийн хөрөнгийн бирж группийн зүгээс олон улсын стандартын дагуу зах зээлийн нэгдмэл, оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг. Ингэснээр хөрөнгө оруулалт хийх өртөг зардлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийг харилцан уялдаа, бодлогоор хөгжүүлэх, зах зээлийн мэдлэг, ур чадварыг төвлөрүүлсэн инститиуцийг байгуулах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад ижил бодлого, чиглэлээр үйлчлэх, Монголын санхүүгийн институцийг олон улсын хэмжээнд таниулах олон талын ач холбогдолтой гэж үзсэн байдаг.

– Монголын хөрөнгийн бирж алдагдалтай ажилладаг уу, хэрвээ тийм бол яагаад?

-МХБ-ийн үндсэн үйл ажиллагааны орлогыг арилжааны шимтгэл бүрдүүлэхээс гадна гишүүн ҮЦК болон бүртгэлтэй ХК-уудийн төлөх хураамж, мэдээллийн төлбөр, сургалтын орлого гэсэн үндсэн чиглэлүүдээр орлогыг олж, үйл ажиллагаагаа санхүүжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд зах зээлийг тэлэх, идэвхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд зах зээлд олон шинэ бүтээгдэхүүн гарч, арилжааны хэмжээ нэмэгдэхийн хирээр шимтгэлийн орлого нэмэгдэж, улмаар байгууллагын санхүүгийн байдал сайжирч байна. Тухайлбал, 2021 оны 3 дугаар сарын байдлаар МХБ-ийн үйл ажиллагааны нийт орлого 1.2 тэрбумд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн 2020 оны бүтэн жилийн орлогыг даруй гүйцэж, 8 хувиар давсан үзүүлэлттэй байна. Ковид-19 цар тахлын үед зардлыг бууруулах чиглэлд анхаарч, тэвчиж болох зардлыг хэмнэж ажилласнаар үйл ажиллагааны зардлыг өмнөх онтой харьцуулахад 12 хувиар хэмнэж ажилласан. Үүнд ажлын байрыг хэвээр хадгалж, ажилтнуудын цалин болон төсөвт төлөх НДШ, ХАОАТ, НӨАТ зэргийг хуулийн хугацаанд нь бүрэн төлж ажилласан.

Түүнчлэн, 2021 оны эхэнд нийт 454,000 ам.долларын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулснаар өр төлбөрийн хэмжээ 2021 оны эхнээс даруй 63 хувиар буураад байна.

Цаашид арилжаа идэвхжиж, олон шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэх хүлээлттэй байгаа тул санхүүгийн хувьд ашигтай ажиллах бүрэн боломжтой байна.

-Монголд хөрөнгө оруулалтын сангууд орж ирэх боломж хэр нээлттэй байдаг вэ?

-Хөрөнгө оруулалтын сангууд дотоодын хөрөнгийн зах зээлд орж ирэх нь нээлттэй. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хадгалах, хяналт тавих үүрэг бүхий кастодиан банкууд, тэр дундаа олон улсын банкны дэд кастодиан дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт олон улсын жишигт нийцсэн төлбөр тооцооны системтэй зах зээлд хөрөнгө оруулахаар заасан байдаг бөгөөд 2020 онд дотоодын хөрөнгийн зах зээлд Т+2 систем нэвтэрсэн нь энэ нөхцөлийг хангах хүчин зүйл болсон. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэмэгдэхийн хирээр олон улсын хөрөнгө оруулалтын сангуудын оролцоо нэмэгдэнэ. Олон улсын томоохон сангууд ЗГҮЦ-нд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг.

-Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал олон жил яригдаж байна. Энэ асуудал одоо ямар төвшинд байна вэ. Яг хэдэн жилийн дараа хувьчлагдахад бэлэн болох вэ?

-Дэлхийн хөрөнгийн биржүүд бараг бүгд шахуу хувьцаат компани эсвэл хувийн эзэмшилд байдаг. Магадгүй МХБ хамгийн сүүлийн төрийн өмчит бирж байх. Олон жил хувьчлагдах компаниудын жагсаалтанд ордог ч өнөөдрийг хүртэл хувьчлагдаагүй л байна. Санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь хэмжээг зохистой түвшинд хүргэх, эдийн засагт гүйцэтгэх үүрэг оролцоог нь улам нэмэгдүүлэхийн тулд МХБ-ийн тодорхой хувийг төрийн өмчлөлд үлдээж, үлдсэн хувьцааг нь хөрөнгийн бирж дээр гаргаж, хувьцаат компанийн хэлбэрээр ажиллуулах, олон улсын жишгийн дагуу хөрөнгийн зах зээлийн бүтэц, зохион байгуулалтыг хийх шаардлагатай. Ингэснээр бирж нь олон улсын жишгийн дагуу орлогын сегментээ нэмэгдүүлэх боломжтой.

-Ер нь хувьчлахын давуу болон сул тал юу вэ?

-Хувьчилснаар байгууллагын чадавхи сайжрах, улмаар олон улсын биржүүдийн түвшинд ажиллаж эхэлнэ. Хөрөнгийн биржээс гадна төрийн өмчит бусад аж ахуйн нэгжүүдийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан нээлттэй арилжаалах замаар хувьчлах нь компанид олон талын үр ашгийг бий болгосон байдаг. Тухайлбал, хамгийн сүүлд 2016 онд Монгол шуудан ХК-ийн 34 хувийг МХБ-ээр дамжуулан арилжсанаар тус компанийн үйл ажиллагааны үр ашиг сайжирч, цэвэр ашиг хэд дахин, өөрийн хөрөнгө 60 гаруй хувиар нэмэгдсэн байдаг.

-Мэргэжлийн хүнээс нэг асуултыг заавал асуух хэрэгтэй байх. Эрдэнэс Тавантолгойн IPO –г олон улсад гаргана гээд олон жил ярилаа. Энэ боломжтой юу, ер нь яах ёстой вэ, ингээд л яриад суугаад байх уу?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК бол Монголын гол экспортын бүтээгдэхүүнийг олборлогч, экспортлогч компани. Монгол улсын иргэд хувьцааг нь эзэмшдэг. Гэхдээ сонгодог утгаараа хувьцаат компани болохын тулд хувьцаа нь арилжаалагддаг байх ёстой. Тус компанийн ТУЗ болон Засгийн газрын шийдвэрээр 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн биржид үе шаттайгаар арилжаалж эхлэх шаардлагатай гэж боддог. Эхний ээлжинд дотоодын хөрөнгийн зах зээлийн даац, багтаамж зэргээс шалтгаалан иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны 10 хүртэл хувийг арилжаанд оруулснаар тодорхой хэмжээний эх үүсвэр хөрөнгийн хуримтлалтай иргэдээс хуримтлалгүй иргэдэд шилжих боломж бүрдэнэ. Гадаадын биржид бүртгүүлэхээс өмнө дотоодын бирж дээр хувьцаагаа арилжаалж, хувьцааны арилжаа идэвхжээд ирэхээр давхар бүртгэлээр гадны хөрөнгийн биржид гарч илүү хөрөнгө босгох боломжтой. Ингэснээр гадны хөрөнгө оруулагчдыг татах, нэмэлт санхүүжилт татах, биржид бүртгэлтэй компанийн шаардлагуудыг биелүүлж эхэлснээр гадаадын биржид гарахад дөхөм болох давуу талтай.

Түүнчлэн, энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь дотоодын зах зээлд ЭТТ бонд гаргаж буй нь стратегийн ач холбогдолтой төслүүдийг ил тод, олон нийтийн хяналттайгаар хэрэгжүүлж, улмаар компани үнэ цэнээ нэмэгдүүлсний дараа гадаадын зах зээлд IPO хийх нь илүү үр ашигтай байх талтай гэж харж байна.

-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгахын тулд цаашид ямар ажлууд хийгдэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Хөрөнгийн зах зээлийн ирээдүй гэгээлэг харагдаж байна. Банкууд IPO хийж эхэлснээр хөрөнгийн зах зээл өргөжин тэлж, эдийн засгийг хөдөлгөх, баялгийг тэгш хуваарилах гол хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Цаашид дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэж, гадаадын хөрөнгө оруулалт татах гол суваг, бүс нутгийн санхүүгийн төв болгон хөгжүүлэхийн тулд бодлогын хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үндсэн хөдөлгөх хүч, хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сангууд, эрүүл мэндийн даатгалын сангууд болон бусад мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Эдгээр сангуудын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээхийн тулд тэтгэврийн тогтолцооны реформыг хийх нь зүйтэй. Ингэснээр хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулагч бий болж, зах зээлийн хөгжлийг дэмжихээс гадна иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн захаар дамжуулан өсгөх, хуримтлалын мөнгийг санхүүжилт хэрэгтэй бизнес, аж ахуйн нэгжүүдэд зуучлан, эдийн засгаа тэтгэх зэрэг боломж бий болох юм.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу улсын стратегийн ач холбогдол бүхий бусад томоохон орд газруудын хувьцааг шууд болон давхар бүртгэлийн замаар МХБ-ээр арилжаалж эдийн засгийн эргэлтэнд оруулж үр ашгийг нь дээшлүүлэх асуудал чухал байна.

Түүнчлэн, хөрөнгийн зах зээлд бусад улс орнуудын жишгийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогын дэмжлэг хэрэгтэй байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хувьцаагаа олон нийтэд санал болгосон компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх нь томоохон хөшүүрэг болох юм. IPO хийсэн компаниудын жишгийг харахад нээлттэй ХК болсноор үйл ажиллагаа нь илүү ил тод болж, үйл ажиллагааны үр ашиг нь сайжирснаар цэвэр ашиг нь нэмэгдэж, Улсын төсөвт төлөх татвар 2-100 дахин нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж