Ноос, ноолуурын салбарт 270 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Ноос, ноолуурын салбарт 270 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Ноос, ноолуурын салбарт 270 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.04.06/ Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх  зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд 84.6 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, "Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг. Манай ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 орчим үйл ажиллагаа явуулдаг. Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2, нэхэх 4, ээрэх 9, нэхээсгүй эдлэлийн 1, угаах 25, хялгас ялгах 23, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны 1, эсгийлэх 120, нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг" гэв.

Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлуудын тухайд ноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатайг онцоллоо.

 Түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн  хугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг дурдсан юм.

 УГ ТОГТООЛЫН ТӨСӨЛД ДАРААХ ДӨРВӨН АСУУДЛЫГ ТУСГАЖЭЭ.

  1. Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд 3 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүү 200 тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарт, 70 тэрбум төгрөгийн зээлийг ноосны салбарт олгох, дахин санхүүжүүлэх.  Дахин санхүүжилтэд зориулан олгох зээлийн хэмжээ Компанийн тухай хуульд заасан хамаарал бүхий этгээдэд 10.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байхаар заажээ.
  2.  Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2023 оноос угаасан ноолуурыг экспортлохгүй байх, самнаж боловсруулсан ноолуур, хялгасыг ялгасан ноолуурыг экспортлох, эдгээртэй  холбоотой үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх;
  3. Ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх;
  4. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд төрийн албан хаагчийн болон сурагчийн дүрэмт хувцасны ноосон даавуу, драп болон сүлжмэл эдлэлийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх,

Дээрх  арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай гэжээ.

Энэ тогтоолын биелэлтэд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаЦ.Анандбазар нар хяналт тавьж ажиллах аж.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж