Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлснээр өнөөдрийг хүртэл хугацаанд 414382 хүнийг дархлаажуулаад буй юм. Засгийн газраас энэ сард багтаан 1.1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсэн иргэдэд ноцтой хариу урвал үзүүлсэн тохиолдол байхгүй. Харин вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, булчин өвдөх зэрэг шинжүүд илэрч болох бөгөөд тэдгээр зовиур нь 2-3 хоног л үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэхдээ вакцин хийлгэсний дараа бие тавгүйрхэх шинж илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандах цаашилбал зовиур тэсэхээргүй үргэлжилбэл өвчин намдаах эм болон лаа хийж болох юм.
Мөн хүнд хэлбэрийн харшлын урвал гарах үед яаралтай тусламж үзүүлэх зорилгоор вакцин хийлгэсний дараа хүн бүр 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрсдийгөө ажиглах хэрэгтэй аж.
Ц.ЯНЖИНДУЛАМ