Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.06) хуралдаан 10 цаг 37 минутад, гишүүдийн 63 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтан оролцов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа үг хэллээ. Тэрбээр, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр “олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон Монголын үндэсний Паралимпын хорооны зүгээс талархал ирүүлснийг уламжлаад уг саналаа найруулгын өөрчлөлтгүйгээр үлдээхийг Байнгын хорооноос хүслээ. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, гишүүний оруулсан саналд өөрчлөлт оруулаагүйг тодотгоод Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,2 хувь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ