Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ эхлэхэд юу саад болов?

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ эхлэхэд юу саад болов?

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ эхлэхэд юу саад болов?

Оюутолгойн ил уурхай “Рио Тинто” группийн хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй уурхайн нэгд тооцогддог. Өдгөө ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж буй. Оюутолгой 2020 онд үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан, зэс, алтны үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг биелүүлж, зарим үзүүлэлтүүдээ давуулан ажиллажээ. Тус компанийн 2010-2020 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 11.6 тэрбум ам.доллар давсан бол 2020 онд татвар, хураамж, бусад төлбөрт 294 сая ам.доллар төлсөн байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Оюутолгойн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын явцын мэдээлэл болон Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани хоорондын яриа хэлэлцээ тойрсон асуудлыг онцоллоо.

УЛСТӨРЧИД НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЭЭГҮЙ БАЙНА

“Рио Тинто” групп Монгол руу төлөөллөө илгээснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Цар тахлын нөхцөл байдлын улмаас тусгаарлалтад ороод байсан тус компанийн төлөөлөл Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээгээ эхлүүлэхэд бэлэн болжээ. Гэвч Монголын талаас хэлэлцээ хийх нөхцөл бололцоо бүрдээгүй байгааг эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, шинэчлэн байгуулсан ажлын хэсэг саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулаагүй, мөн УИХ-ын түвшинд Оюутолгойн асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй байгаагаас хэлэлцээ хүлээлтийн байдалд байгаа бололтой.

“Рио Тинто” компани хэлэлцээнд шинэ баг бүрэлдэхүүнээ илгээсэн бөгөөд талуудын харилцаанд шинэ салхи оруулж, харилцааг сайжруулж, шинэчлэхийг зорьж байгаа аж. Тэд юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дэвшүүлж буй асуудлуудыг сайтар сонсч, ойлгож, нээлттэй хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, итгэлцэл бий болгох чиглэлтэй иржээ.

Хоёр талын яриа хэлэлцээний эхний сэдэв гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал байх нь. Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа бөгөөд ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдэж, гол ажлуудаа нугалжээ. Иймд ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхлэхтэй холбоотой шинэ гэрээнд мөн анхаарлаа хандуулж буй аж.

Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотойгоор өнөөдөр хурцадмал асуудал үүсээд буй. Хөрөнгө оруулагч тал төслийн зардлын хэтрэлтийн тухайд нэмж хөрөнгө оруулж, мөнгө зарцуулсан ч ашиг нь хойшлогдсон. Мөн гүний уурхайн хөрсний сул хатуулаг чанараас шалтгаалж зардал нэмэгдэх үр дагавар үүсчээ.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд зэсийн ирээдүйн эрэлт өссөнтэй холбоотойгоор “Рио Тинто” болон Монголын тал дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаагаа илэрхийлсэн билээ.

Оюутолгойн далд уурхайн төслийн хувьд Монголд ашиг өгөх хугацаа нь хойшилсон гэх мэдээлэл иргэдийг бухимдуулсан. Энэ талаар тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ “Бизнес хийлээ гэж бодоход хамгийн чухал нь татвар. Монгол Улсад бид жилд 250-300 сая ам.долларын татвар төлж байна. Энэ татвар төсвийн орлого болж, иргэдийн цалинд зарцуулагдаж байна. Монгол талдаа ч, хөрөнгө оруулагч талдаа ч ашиг олох болоогүй байна гэж хэлж болно. Монгол Улсад шингэж байгаа эдийн засгийн үйл ажиллагаа, тухайлбал цалин, бэлтгэн нийлүүлэгчид гэх мэтээр ашгаа өгч байна. Уурхайн чулуулгийн хатуулаг зэрэг чанараас болж зардал ихэссэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Монголын тал ч бай, хөрөнгө оруулагч “Рио Тинто” ч бай ширээний ард хамтдаа сууж байгаад асуудлаа ярилцах шаардлагатай” хэмээн хэлсэн юм.

Улс төрийн хүрээнд Монголын тал Оюутолгой төслийн 34 хувийн эзэмшлээ зарвал ашигтай гэсэн асуудал яригдсаар буй. УИХ-аас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын 34 хувиас доошгүй хувийг эзэмшинэ гэж хуульчилсан. Хууль батлагчид, гүйцэтгэх засаглал, олон нийт энэ талаар сайтар ярилцах ёстойг эксперт хэлж буй юм. Зэсийн үнэ 10 жилийн дараа хоёр дахин өслөө гэж үзэхэд 34 хувиа ийм хямд өгвөл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудал ургах тул ирээдүйд болох үйл явдлын таамаглал, төсөөллийг хэт туйлшрахгүйгээр тооцоолж, яавал ашигтай байх вэ гэдгийг монголчууд нийтээрээ хэлэлцэж шийдэх нь чухал юм.

Гүнийн уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор уурхайн шинэ дизайн гаргахаас аргагүйд хүрчээ. Өөрөөр хэлбэл, гүндээ ороод тунелийн малталт хийж байх үед хэвтээ өрмөөр дээж авч, Австралид шинжлүүлснийхээ дараа шинэ мэдээлэл дээрээ үндэслэн гүний уурхайн дизайныг шинэчлэн гаргасан байна. Дизайн баталсны дараагийн үе шатанд өртгийн тооцоогоо нарийвчлан гаргажээ. Уулын нөхцөл хүндэрлээ, зардал 1.2-1.8 тэрбум ам.доллараар өсөх нь гэж урьдчилан мэдээлсэн байна.

Тэсэлгээг өмнөх шигээ жижиг зайд биш, томоор хийх шаардлагаас үүдэн дэд бүтэц нь өөрчлөгджээ. Агааржуулалтын хоолой, тунель зэрэг нийтдээ 10 гаруй км илүү малталт явуулахаас гадна нуралт үүсэхээс сэргийлж маш том төмөр багана хоёрыг суулгаж, хүдрийн биетээ 0, 1, 2 гэж гурав хуваахаар болсон байна. Биетийн чулуулаг, хатуулаг чанар сул байсан учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн тэргүүнд тавьж, зарим бэхэлгээнүүдийг сольж, тулгууруудыг нэмэх, зузаатгах зэрэг ажил хийжээ.

“Рио Тинто" компани ШУТИС дээр Геотехникийн лаборатори нээсний үр дүнд Оюутолгой компани Австрали руу дээжээ явуулж шинжлүүлэх шаардлагагүй болсон байна. Энэхүү лаборатори нь метро барих, байшин цутгах зэрэг том бүтээн байгуулалтуудад маш хэрэгтэй ажээ.

“ОЮУТОЛГОЙ 2030 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН ДӨРӨВ ДЭХ ТОМ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛНО”

Оюутолгойн ил уурхайн уулын болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлж, агуулга сайтай хэсэг рүү шилжин олборлож эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 2019 онтой харьцуулахад хоёр хувиар өсчээ. Дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас илүү (+139 хувь) баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна.

Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Covid-19-өөс урьдчилан сэргийлэх заавар журмыг чанд мөрдөн, баяжмалаа Хятадын хилээр үргэлжлүүлэн тээвэрлэж буй юм.

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил 53000 метр хүрч, анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил дуусчээ. Үйлдвэрлэлийн амыг ашиглалтад авснаас хойш түүгээр дамжуулан нэг сая гаруй тонн хүдрийн биет тээвэрлэн гаргасан байна.

“Рио Тинто” групп Оюутолгойн гүний уурхайн төслийн Панел-0 хэсгийн нарийвчилсан тооцооллыг өмнө нь мэдээлж байсан таамгийн хүрээнд шинэчилсэн. Нийт төсөв 6.75 тэрбум ам.доллар болж, тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхлэх тооцоо гаргасан.

Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Оюутолгой нь салбарын хэмжээнд зардлын муруйн эхний хэсэгт багтаж үйлдвэрлэл явуулах ба 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно хэмээн тооцоолжээ. Оюутолгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 480000 тонн зэс үйлдвэрлэхээр тооцжээ. Гүний уурхайн хүдрийн нөөц дунджаар 1.52 хувийн зэсийн агуулгатай байгаа нь ил уурхайн хүдрийн нөөцийн агуулгаас гурав дахин их, 0.31 грамм/тонн алтны агуулгатай байх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж