ОХУ-д ажиллаж байгаад Монгол руу зугтахыг завдсан Умард Солонгосын гурван иргэнийг хоёр жил орчим цагдан хорьсны эцэст БНСУ-ын талд хүлээлгэн өгчээ.
ОХУ-ын Алс Дорнодын Baikal Daily агентлагийн мэдээлснээр Амур мужид гэрээгээр ажиллаж байсан Умард Солонгосын гурван иргэн Монголын хилийг давж, Монголд суугаа БНСУ-ын Элчин сайдын яаманд хандан Өмнөд Солонгосоос тусламж гуйхаар төлөвлөж байжээ.
Тэд төлөвлөгөөнийхөө дагуу 2019 оны гуравдугаар сард оргон Монголтой хиллэдэг ОХУ-ын бүгд найрамдах Буриад улсад ирж, Монголын хилийг зөрчихөөр завдсан байна. Тэд газрын зураг худалдан авч, Улаан-Үд хотоос Улаанбаатар хүрэх замаа тэмдэглэсэн байв.
Эхлээд тэд Улаан-Үдээс машинаар Зэд аймаг хүрч, тэндээсээ Монголын хил рүү явган хөдөлжээ. Гэвч хилийн шугамаас 100 м зайтай явж байхдаа Оросын хилийн харуулд баригдсан байна.
Улмаар гурван иргэн хууль бусаар хил зөрчихийг завдсан хэргээр Улаан-Үдийн хорих ангид 1.8 жил хоригдож байгаад суллагдсан аж. Тэднийг суллагдсаны дараа Буриадын хүний эрхийн төлөө тэмцэгч нар аян эхлүүлж, Умард Солонгосын гурван иргэнд улс төрийн орогнол хүсчээ.
Хүний эрхийн төлөө тэмцэгч Александра Миахановагийн хэлснээр өдгөө гурван иргэн БНСУ-д суурьшсан байна. Тэд чухам хэрхэн Сөүлд хүрсэн нь тодорхойгүй ч НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг тусалсан аж. Миахановагийн дурссанаар дүрвэгчдийн нэг нь “Бид ядаж эрх чөлөөтэй үхмээр байна” хэмээн хэлж байсан гэдэг.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ