Калифорнийн хар баавгайнуудын дунд тархаад буй тархины нууцлаг өвчин залуу бамбаруушуудыг хүнээс айдаггүй, гэрийн тэжээвэр амьтан шиг болгож байна.
Калифорни мужийн загас, зэрлэг амьтдын албаны мэдээлж буйгаар зэрлэг амьтдын дунд хүнээс огт үргэдэггүй, нөхөрсөг араншинтай, эрх болгодог тархины хачирхалтай өвчин гараад байна. Жишээ нь, өнгөрсөн онд дөрвөн бамбаруушаас эл өвчний шинж тэмдэг илэрчээ.
Өвчилсөн бамбаруушаас ихэвчлэн толгойгоо гилжийлгэх шинж тэмдэг илэрч байгаа нь амьтан судлаач, малын эмч нарыг гайхшруулж байгаа аж. Тухайлбал, гурав орчим настай бамбарууш Эль Дорадо хотын үйлдвэр рүү нэвтэрч, хүмүүсийн гараас хоол идээд зогсохгүй нэгэн иргэний машинд орж суусан байна. Тэрбээр хүмүүсийн хөөх, хашгирах, юм чулуудах зэргийг үл тоон, тааралдсан хүмүүстээ эрхлэхийг оролдож байсан аж.
Бамбаруушнуудыг үзсэн малын эмч нар “Нохойны араншин гаргаж байна” хэмээн ярьжээ. Калифорни мужийн Загас, зэрлэг амьтдыг хамгаалах албаны хэвлэлийн төлөөлөгч “бие бялдар, зан авирын хувьд эдгээр бамбаруушнууд яавч зүгээр биш байна. Тэд их хачин алхаж байгаагаас гадна бусад баавгай шиг хариу үйлдэл үзүүлэлгүй дүлий байна. Тиймээс мэргэжилтнүүд энэ өвчнийг лабораторид судалж эхэлсэн” хэмээн ярьжээ.
Эрдэмтдийн анзаарснаар өвчилсөн амьтад толгойгоо нэг тийш гилжийлгэж, үе үе чичирч байгаа нь тархи, мэдрэлд нь асуудал үүссэний шинж аж. Түүнчлэн өвчилсөн баавгайнуудын биеийн жин байх ёстой дундаж жингийнхээ дөрөвний нэгд хүрч байгаа нь өвчин илүү ноцтой юм байна.
Тиймээс эрдэмтэд өвчилсөн бамбаруушийг унтуулж, нарийн задлан шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр бамбаруушны тархинд вирусийн гаралтай үрэвсэл үүссэнийг тогтоосон байна. Малын эмч Брэндон Манк “Одоогийн байдлаар бид үрэвсэл үүсгэх шалтгааныг мэдэхгүй байна. Баавгайд халдварласан эл өвчин бусад амьтдад ямар хөнөөлтэйг тодорхойлоход ч бэрх байна” хэмээн ярьжээ.
Калифорни мужаас гадна хөрш Невада мужид ч дээрхтэй ижил явдал олон тохиолдож, ойн модонд “найрсаг” баавгайтай таарсан гэх олон хүн байна. Тиймээс хоёр мужийн эрдэмтэд хуралдаж, дээрх асуудлын талаар хэлэлцжээ. Судалгааны хүрээнд өвчилсөн баавгайнуудаас шинэ төрлийн таван ч вирус илэрсэн боловч чухам аль нь нууцлаг өвчин үүсгэж буй нь тодорхойгүй байна. Түүнчлэн тэдгээр вирусүүд хүнд халдах эрсдэлтэй эсэх нь тодорхойгүй байгаа тул ард иргэдэд болгоомжтой байхыг сануулжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ