Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 85 болж, энэ сарын 12-ныг хүртэл сургууль, цэцэрлэг, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагааг түр хязгаарласан.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд, сумын удирдлагуудтай цахим хурал /2021.04.05/ хийжээ.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Шаардлагатай тохиолдолд хэрэглэх оношлуур, хамгаалалтын хувцас хэрэглэл дутагдалтай, аймгийн төвд хөл хорьсон учраас сумдад хүнсний барааны үнийн хөөрөгдөл, шатахууны хомсдол ч үүсч болзошгүй байна. Түүнчлэн мал ид төллөж, удахгүй хаврын тариалалт эхлэх гэж буй энэ үед халдварын тархалтыг хурдан хумих, вакцинжуулалтын ажлыг шуурхайлах, боловсон хүчнийг зөв хувиарлан ажиллах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр иргэдээ төлөөлсөн гишүүний хувьд УОК, ЭМЯ, ХӨСҮТ, Ховд аймагтайгаа нягт уялдан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байнга эргэх холбоотой ажиллах болно. Хаана, хэзээ халдварын тохиолдол гарсан, голомтыг тогтоох чиглэлээр арга хэмжээ авч, иргэд юун дээр анхаарах шаардлагатай, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх нэрээр цалгардуулахгүй байх тал дээр онцгой анхаарахыг” АОК-д сануулсан байна.
Мөн тэрээр “Сум сумандаа тусалъя” урилга гаргаж хэцүү үед нь нутгийн олондоо туслахыг сумдын Нутгийн зөвлөлүүд болон нутгаа гэсэн халуун сэтгэлтэй хэн бүхнийг уриалсан байна.
Ховд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 854 хүн халдвар авсан иргэдийн 1 дүгээр хавьтлаар бүртгэгдэж, халдвар авсан тохиолдлууд бүгд ойрын хавьтал болсон иргэдээс илэрч байна. Урьдчилсан байдлаар халдварын голомтыг тогтоосон ч өдрөөс өдөрт халдвар нэмэгдэж байгаа, цаашид ч нэмэгдэж болзошгүй учраас хурдавчилсан оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх, нөөц боломжоо ашиглан ор дэлгэх, боловсон хүчний нөөцийн судалгаа гаргах асуудалд анхаарч ажиллахаар болжээ.
Мөн Жаргалант суманд болон сум хооронд зорчих автомашины хөдөлгөөн, ШТС-ын үйл ажиллагааг хязгаарлан тусгай зөвшөөрлийг эрэмбэлж Хүнс тээвэр, онцгой чиг үүрэг бүхий 9 байгууллагын автомашиныг саадгүй зорчих боломжоор хангах буюу энэ сарын 7-ноос сумдруу захиалгын дагуу хүнсний бараа бүтээгдэхүүн, малын тэжээл зэргийг ачуулах, хүнсний захыг богино хугацаагаар буюу 4 цагийн хугацаатай нээн ажиллуулах тухай асуудал яригдсан байна.
Сайн дураараа шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд цөөнгүй байгаа тул одоо байгаа оношлуураас гадна 10000 ширхэг оношлуур нөөцлөн, эхний ээлжийн вакциныг татан авч, зорилтод байгууллагын алба хаагчдыг яаралтай дархлаажуулах ажээ.