Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэрүүд нь сонин байгаа шүү

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэрүүд нь сонин байгаа шүү

Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэрүүд нь сонин байгаа шүү

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.04.06 /Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай  УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан боловч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. 

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн 2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан юм.

Уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авахыг хүссэн боловч байнгын хорооны дарга С.Бямбацогт нэг хоногийн завсарлага өглөө.

Ерөнхийлөгчийн хоригийн талаар байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-УИХ тодорхой албан тушаалтнуудыг томилох бүрэн эрхэд Ерөнхийлөгч хориг тавих нь зөв үү, үгүй юу. Үндсэн хуулийн эрх зүйн онол номд болон бусад улс оронд  тухайн шийдвэрийг бодит хууль зүйн үндэслэлтэй эсэхээр нь авч үздэг. Үндсэн хуулийн цэцийн  есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч томилдог атлаа үлдсэн зургаа дээр нь хориг тавиад цөөнхтэй нийлээд шийдээд байвал Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч нөлөөлөл тогтоох гэсэн улс төрийн гаргалгаа бий болох нь. Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрийн баланс алдагдсан байж болохгүй. Ерөнхийлөгчийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Энэ хуульд УИХ томилох бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Ерөнхийлөгч хориг тавихгүй байх ёстой гэж оруулж өгөх хэрэгтэй. Одоогийн энэ асуудал бол гажуудал. Үүнийг дэвэргэх гэж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоонд Ерөнхийлөгчийн оролцоо тодорхой байгаа. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэрүүд нь сонин байгаа шүү. Элчин сайд Ё.Отгонбаярыг хүртэл эгүүлэн татах зарлиг гаргасан. Хэрэв Ё.Отгонбаяр Дипломат албаны сахилга зөрчсөн бол тэр дүрмээр нь асуудлыг шийдэх ёстой биз дээ. Одоогийн Ерөнхийлөгч ажил, албан тушаалыг нь харлуулах ажлыг хийж байна. Ерөнхийлөгчийн зарлиг болон хориг хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна төрийн хяналт тэнцвэр, Үндсэн хуулийн эрхзүйн онол номоо харгалзмаар байна. Энэ жишиг нь дараа дараагийн гажуудлыг үүсгэнэ. Элчин сайд нарыг Ерөнхийлөгч нь эгүүлэн татдаг буруу жишиг тогтох нь. Элчинд сайдад Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцох болохоос биш ингэж асуудалд хандаж болохгүй. Ерөнхий сайдын томилгоонд бас Ерөнхийлөгч цөөнхтэйгөө нийлээд хориг тавьдаг болох уу.  Бусад оронд Ерөнхийлөгч нь албан тушаалтанд хориг тавьж байгаа жишээ байна уу. Энэ бол манайд л гарч байгаа гажуудал шүү.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР:

-Ерөнхий сайдад Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй. Яагаад гэвэл Ерөнхий сайдын нэрийг УИХ-д Ерөнхийлөгч оруулж ирдэг. Төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдлаа гэлээ. Өнөөдөр бодит байдалд хэн нь Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж, ямар үйл явц болж байгааг та мэдэж байгаа. Ерөнхийлөгч томилгоонд хориг тавиагүй. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлсөн асуудалд Ерөнхийлөгч хориг тавьсан. Яагаад чөлөөлсөнд нь хориг тавьсан бэ гэхээр Улсын дээд шүүхийн хоёр гишүүний хэнийх нь оронд оруулж ирж байгаа нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж шийдвэрлээгүй, УИХ-ын тогтоол шийдвэр гарсан байна гэж үзээд Ш.Цогтоог Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлсөн гэсэн хэсэгт хориг тавьсан. УИХ-ын баталсан хууль тогтоомж, бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих хуультай. Энэ дагуу л Ерөнхийлөгч хориг тавьсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Томилгоо  бол цогц асуудал. Нэг хүнийг томилоход нөгөө хүн нь чөлөөлөгддөг. Чөлөөлөх нь тусдаа процесс биш. Тэр утгаар нь би байр сууриа илэрхийлсэн.

-УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:

-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. УИХ хууль дээдлэх ёсыг алдагдуулсан шийдвэрийг гаргаж байна. Шүүхийн тухай хуулийг өөрчлөх замаар хууль тогтоох эрх мэдлийн харьяанд шүүхийг авчирсны нөлөө илэрч эхэллээ. Цэцийг гишүүнийг томилох асуудлыг Үндсэн хуульд тодорхой заасан. Дээд шүүх Цэцийн гурван гишүүнийг санал болгон томилж, чөлөөлүүлдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх томилох асуудлыг дээд шүүхийн нийт шүүгчдийн гуравны хоёроор томилж чөлөөлөх хүний нэрийг тодруулж УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн асуудал үүссэн. Хууль зүйн байнгын хороон дээр шийдээгүй асуудлыг нэгдсэн чуулган руу оруулж Ш.Цогтоог чөлөөлсөн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тухайн нэр дэвшигчийг томилж чөлөөлөх тухай асуудлыг Дээд шүүх УИХ-д ирүүлэх ёстой. Гэтэл тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг хүн албан бичгээр харьцаж байна. Төрийн эрх мэдлийн хуваарилалт зохицуулалт хаана байна. Олонхи дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан нэг нэгэндээ хяналт тавьж Ерөнхийлөгчийн институт уг үйл ажиллагааг зохицуулах ардчилсан зарчим алдагдлаа. Шүүх үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуулийн дагуу хориг тавьсан. Энэхүү хоригийг хүлээж авах нь хуулиа хэрэгжүүлж буй УИХ-ын илрэл болно. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Хууль дээдлэх, хууль биелүүлэх зарчим алдагдах болжээ. Ерөнхийлөгч хууль ёсыг сахиулахын төлөө зөв ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бололтой. Сүүлийн үед Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулж байгаа бодлого, шийдвэрүүд нь үнэхээр зөв зүйтэй байгаа. Та нар нэг, хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн хэлсэн болгоныг биелүүлээд явдаг байсан. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилдог мөн Улсын дээд шүүхэд зохих томилгоог хийдэг байсан. Одоо гэтэл энэ бүгдийг  та нар авчихсан.Үндсэн хуулийн  цэцээр ямар шийдвэр гаргуулах гээд та нар зүтгээд байгаа юм бэ. Цэц хараат бус шийдвэр гаргах ёстой байгууллага.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж