Covid-19-өөр халдварласан эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр халдварласан эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас баржээ

Covid-19-өөр халдварласан эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас баржээ

Унгар улсад амьдарч байсан монгол эмэгтэй Covid-19 халдвараар нас баржээ. Талийгаач төрөх дөхөж байсан бөгөөд энэ үед Covid-19 халдвартай нь батлагдаж, эмч нар хийсвэр хагалгаа хийснээр хүүхдийг аварч чаджээ. Харамсалтай нь, эх эндсэн байна. Одоо нярай инкубаторт бойжиж байгаа аж. Талийгаач нь 30 настай, Унгар улсад амьдраад гурван жил болж байжээ. Энэхүү харамсалтай хэрэг явдлыг Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа нийтэлж, эмгэнэл илэрхийлэв.

Гадаад харилцааны яамнаас дээрх асуудлыг тодруулахад “Унгар улсад харамсалтайгаар нас барсан эмэгтэйн тухай ар гэрийнхний хүсэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тус улсад суугаа Элчин сайд гүн эмгэнэл илэрхийлж, мэдээллийг бичсэн байгаа.

Одоогоор Монгол Улсыг төлөөлөн суугаа Дипломат төлөөлөгчийн газарт хандаж, Covid-19 халдвар авсан 130 гаруй хүн бүртгүүлсэн байгаа. Халдвар авсан ч бүртгүүлээгүй хүмүүс байж магадгүй” гэсэн юм.

Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа “Муу мэдээ сонсгож байгаадаа хүлцэл өчье. Гайтай энэ муу ковид (Унгар улс) дахин нэг иргэнийг маань аван одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байна.  Аав нь, эмээ, өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болно. Унгарт буй монголчууд нь туслах болно. Хань ижил нь сэтгэлээ чанга барьж, охиныхоо төлөө бас ханийхаа төлөө давхар амьдрах ёстой боллоо. Чи чадна залуу минь. Охиноо ээж нь байгаа юм шиг сайхан өсгөөрэй, ард түмэн, монгол зон олон нь хамт байх болно.

Энэ мөрүүдийг гар чичрэн бичиж сууна. Огт уулзаж үзээгүй, танихгүй ч гэсэн үхлийг ялан дийлэхийн төлөө хэрхэн тэмцэж байхыг чинь нүдээр харсан хүний хувьд дүүгээс минь өөрцгүй санагдах залуухан ээж чи мөнх тэнгэртээ тайван нойрсдоо. Даяар олноороо, хүн бүр халдвараас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалаарай. Мөнх хөх тэнгэр, уул ус минь ивээх болтугай…"хэмээн гүн эмгэнэл илэрхийлжээ.

Мөн тэрбээр “Унгар улсын нийт хүн ам 9.7 сая. Унгар улсад вакцинжуулалтын явц амжилттай үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2.362.839 хүн тун вакцин хийлгэснээс 913.012 хүн тун вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Арга хэмжээ суларлаа гээд өвчин алга болоогүй, Энэ муухай гайтай хар өвчин бидний дундаас хоёр сайхан ээжийг аваад явсан гэдгийг байнга санаж болгоомжлох хэрэгтэй. Мөн вакцинд хамрагдсан иргэд цөөнгүй бий ч гэсэн Унгар улсад буй дийлэнх монгол иргэд маань вакцинд хамрагдаагүй байгаа тул халдвар дахин тарахаас дээд зэргээр болгоомжлох нь зүйтэй” гэдгийг анхааруулсан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж