Эрүүдэн шүүлгэсэн нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар биш!

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Эрүүдэн шүүлгэсэн нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар биш!

Эрүүдэн шүүлгэсэн нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар биш!

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг цацагдсанаас хойш одоо ч нийгэмд маргаан дагуулаад буй. Гэхдээ зөвхөн тэднийг эрүүдэн шүүгээгүй. Нийгэмд  хохирогчийн дүрээр "таниулсан"  нь тэд болохоос биш олон хүн эрүүдэн шүүлтийн хохирч болж буйг ХЭҮК хүлээн зөвшөөрч байна.   Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т ирүүлсэн эрүүдэн шүүсэн гэх гомдол мэдээллүүдээс ноцтойг нь дурдвал,

  • Яллагдагч М.Э нь  “Мөрдөн байцаагч  Б нь хилс хэрэг хүлээлгэх зорилгоор миний элэг, бөөр, шанаа руу хэд хэдэн удаа цохиж, залгуурын утсаар ороолгосон.  Шал долоолгож, толгой дээр гишгэж, баруун гарын долоовор хурууг бахиар хавчиж байгаад төмрөөр цохисон. Мөн өмгөөлөгчтэй байцаалт өгмөөр байна гэхэд Чи өмгөөлөгчөөрөө харуулж байгаад хэрэг хийхгүй яасан юм”гэж доромжилсонд гомдолтой байна гэжээ.
  • Би хорихын нэгдсэн эмнэлэгт 5-6 удаа хэвтэн эмчлүүлсэн боловч сайжрах нь бүү хэл улам дордож өдөрт 1-2 удаа ухаан алдаж, татаж унадаг болсон. Мөн 2 төмсгөөр өвдөж шээс муу гардаг, хорихын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч болон эмчилгээ эрхэлсэн орлогч эмч нар миний өвчнийг үл тоож өвчнөөр минь намайг доромжилдог гэж бас эрүүдэн шүүгдсэн бас нэгэн хохирогч хэлжээ.
  • “Аймгийн цагдаагийн газрын мөрдөгч Х, З, С нар намайг “…Чи ямар хэрэг хийснээ мэдэж байгаа биз дээ гээд хэл үгээр доромжилж, дарамт шахалт үзүүлж байтал мөрдөгч Х орж ирээд наадах чинь хэргээ хүлээсэн үү, нөгөө хоёр нь хэргээ хүлээчхээд байхад чи яагаад хүлээдэггүй юм гээд миний дух, мөр рүү цохиод хэл үгээр доромжилж дарамталсан. Тэгээд мөрдөгч Х биднийг зам шалгалтаар авч явах үедээ машинд гавтай хонуулж, хөл нүцгэн гол гатлуулж, хамт явсан хүмүүсийг үүрч гол гарга гээд 5 хүнийг нэг нэгээр нь үүрч гол гатлуулсан. Түүнээс болж миний хөл мөсөнд зүсэгдсэн, гавлуулснаас болж баруун гар хавдсан, дух руу цохисны улмаас дух хавдсан гэжээ.

ЭРҮҮДЭН ШҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ 190 ГОМДОЛ ХЭҮК-Т БҮРТГЭГДЖЭЭ

ХЭҮК-т жилд дунджаар эрүүдэн шүүсэн гэх 40 гомдол мэдээлэл бүртгэгддэг байна. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр тус комисст нийт 149 гомдол ирсэнээс 38 гомдлыг мөрдөн шалгах эрх бүхий байгууллага руу шилжүүлсэн байна.

  • 2018 онд 44 гомдол мэдээлээс 12 нь Авлигатай тэмцэх газарт /АТГ/ шилжүүлсэн байна
  • 2019 онд 59 гомдол мэдээллээс 9 нь АТГ-т шилжүүлсэн
  • 2020 онд 47 гомдол мэдээлээс 17 нь АТГ-т шилжүүлжээ

Цагдан хорих байр, хорих ангиудаас гадна цэргийн ангиуд, асрамжийн газарт ч бас хүмүүс эрүүдэн шүүх гэмт хэргийн хохирогчид болсоор байна. Асрамжийн газарт гэхэд хүнээс хараат тул ил харагдах шарх сорвиос илүү бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх эрсдэл их байдгийг ХЭҮК-оос мэдээлсэн. Мөн цэргийн хатуу дэг ч бас  эрүүдэн шүүх гэмт хэргийн нэг хэлбэр болоод уджээ.

Цэргийн эрүүдэн шүүлтээс болж  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б-г  дарга нь зодож, аминд нь хүрсэн харамсалтай хэрэг саяхан гарлаа. Энэ асуудалд ХЭҮК-оос  Зэвсэгт хүчний жанжин штабаас хүний эрхийн зөрчлийг арилгах, дүрмийн бус харилцааг засч, дотоод хяналтаа сайжруулах шаардлагыг хэрэгжүүлээгүйн улмаас ноцтой хэрэг гарахад хүрсэн хэмээн үзэж байгаа юм.

Уг нь тус комиссоос эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрсдэлтэй газруудад гэнэтийн хяналт шалгалт явуулдаг гэх. Хэрэв хяналт шалгалт байсан бол өнөөдөр ниргэсэн хойно нь хашхирахгүй байсан биз ээ.

Эрүүдэн шүүх гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чиглэлд ХЭҮК-оос  ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг талаар тус комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунантай ярилцлаа.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ, ХААЛТТАЙ ГАЗАРТ БИД БҮГД БАЙНГЫН ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖГҮЙ

-Хүнийг эрүүдэн шүүх, тамлан зовоох арга механизм одоо ч байна гэж танай комиссоос хэлдэг. Үүний эсрэг комисс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гардаг орчин нь өөрөө их онцлог. Өөрөөр хэлбэл, хорих ангиуд, цагдан хорих байр, цэргийн ангиуд, СЭМҮТ, ахмадуудын асрамжийн газар гэх мэт эрх чөлөөг хязгаарладаг, тусгай хамгаалалттай газар эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гардаг.

Эрүүдэн шүүх гэдэг нь хүссэн мэдээлэл, мэдүүлэг, тайлбар авах зорилгоор өөрөө болон бусдаар хэн нэгнийг дарамтлах, сэтгэл санаа, бие махбодийг шаналган зовоох хэлбэрээр үйлдэгддэг. Тусгай хамгаалалттай, хаалттай газар олон нийт, бид бүгд байнгын хяналт тавих боломжгүй байдаг.  Дээрх дурдсан эрсдэлтэй газруудад хаалганы цаана юу өрнөж байгааг тэр бүр мэдэх боломжгүй.

Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг  бол ноцтой гэмт хэрэгт тооцогддог.  Тиймээс Эрүү шүүлттэй холбоотой асуудлаар ХЭҮК 13 удаагийн илтгэлдээ тодорхой санал, зөвлөмжийг тусгаж УИХ-д хүргүүлсэн байдаг. Сүүлд 18 дахь илтгэлийн дагуу УИХ-ын 62 дугаар тогтоол гарч тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн. ХЭҮК-ын шаардлагаар улсын хэмжээнд мэдүүлэг авах бүх өрөөг камержуулсан. Мөрдөгчдийн мэргэжлийн ур чадварыг шалгалтын тестэд хүний эрхийн хичээлийг оруулсан. Хууль сахиулах байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэж, сургалтуудыг зохион байгуулж байна. Бүх түвшний сургалтын хөтөлбөрт хүний эрхийн хичээл оруулахыг  Боловсролын сайд дэмжихээ илэрхийлсэн. Өнгөрсөн долоо хоногт бид уулзаж, энэ талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохирсон. Хүний эрхийн зөрчлөөс сэргийлэхэд хүний эрхийн боловсролын асуудал хөндөгддөг. Хандлага өөрчлөх сургалтыг өргөн хүрээнд явуулах шаардлагатай байгаа. Уг нь ХЭҮК 2018 онд ЗХЖШ-д 45 хүний эрхийн сургагч багш бэлгэж өгсөн байдаг.

-Цэргийн ангид эрүүдэн шүүлтээс дутахааргүй дэглэлт үйлдэгдсэнээс дахин нэг байлдагч нас барлаа. Энэ хэрэг явдлаас өмнө ч алба хаахаар очсон олон цэрэг амиа алдсан. Комисс яагаад хяналт тавьдаггүй юм бэ?

-ХЭҮК-ын зүгээс хаалттай орчинд тогтмол ажиллах, хяналт тавих боломж байдаггүй. Гэхдээ комисст ирсэн гомдол мэдээллийн дагуу хийгдэж буй хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн тухайн цэргийн ангийн удирдлагуудад зөрчлийг арилгах зөвлөмж, шаардлага хүргүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд ХЭҮК -оос Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа 38 цэргийн ангид хяналт шалгалт хийсэн байдаг. Саяхан олон нийтийн сүлжээнд цэргүүд бие биенээ дэглэж байсан бичлэг цацагдсан. Энэ дагуу бид Зэвсэгт хүчний жанжин штабт шаардлага хүргүүлсэн.

Уг шаардлагад дүрмийн бус харилцаа байх ёсгүй, цэргүүд нэгийгээ дэглэдэг асуудал байж болохгүй, хүний эрхийн сургалт явуулах, хяналтаа сайжруулахыг шаардсан. Гэтэл цэргийн ангид байлдагч бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ бол бидний өмнөх шаардлагыг биелүүлээгүй гэсэн үг. Энэ мэтчилэн бидний шаардлагыг биелүүлэхгүй бол хүний эрх зөрчигдсөн тохиолдол гарсаар л байна.

Олны хяналтаас далдуур байдаг цэргийн анги, нэгтгэлд тусгай сахилга бат, захирах, захирагдах ёс, дүрэм, журам, дэг мөрдөгддөг. Алба хаагчид “мэдлээ гүйцэтгэе” гэсэн тушаалыг дагадаг. Тиймээс дүрмийн бус харилцаа гарах магадлал өндөр.  Түүнд тавих хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага байна.

-ХЭҮК-оос УИХ-ын гишүүдэд илтгэл бичиг хүргүүлдэг ч үр дүнгээ өгсөн үү. Тухайлбал, танай комиссоос 19 удаа илтгэл гаргасны 13-т нь эрүүдэн шүүлт байна гэж дүгнэж, УИХ-д танилцуулсан. Үүнээс хэчнээн нь шийдвэрлэгдсэн бэ. Аль эсвэл цаасан дээр бичигдээд л өнгөрсөн үү?

-Бидний чиг үүргийн нэг бол Хүний эрхийн төлөв байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн барих замаар хүний эрхийг хамгаалах.  Бид 18 дах илтгэлээр эрүүдэн шүүхтэй холбоотой гурван тодорхой саналыг хүргүүлсэн. Үүнээс нэг нь ажил хэрэг болсон нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулсан. УИХ 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүний албыг бий болгосон. Гишүүний сонгон шалгаруулах ажиллагаа яг одоогоор хийгдэж байна. Удахгүй тэр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэлнэ. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах хараат бус бие даасан байгууллагыг удахгүй байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж