Хил нээвэл Монголд аялах хүсэлтэй 40 мянган жуулчин байна

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Хил нээвэл Монголд аялах хүсэлтэй 40 мянган жуулчин байна

Хил нээвэл Монголд аялах хүсэлтэй 40 мянган жуулчин байна

Цар тахлын улмаас уналтад орж, тэг зогсолтод орсон салбар бол аялал жуулчлал. Хэдийгээр хөл хорио тавигдаж, засаг төр эдийн засгаа эрчимжүүлэхэд анхаарч буй ч хил нээгээгүй цагт аялал жуучлал сэргэнэ гэж найдахгүй байгаагаа тус салбарынхан онцлов.

Монгол Улс олон улсын хилээ тавдугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж байгаагаа УОК-оос дуулгасан. Гэхдээ бүх улс орнууд руу зэрэг нээхгүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлж буй. Одоогоор Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажлын хэсэг гарч, хил нэвтрэх дүрэм журмаа тодорхой болгохоор ажиллаж байгаа аж.

Энэ журмаар жуулчид хил нэвтрэх болон хил нэвтэрсний дараа үйлчилгээний газрууд хэрхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж үйлчлэх вэ гэдгийг тодорхой болгож, дөрөвдүгээр  сарын 15-нд олон нийтэд мэдээлэх юм байна.

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн судалгаа

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь  ажилчдынхаа 70 хувийг цомхотгоод байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас агаарын тээврийн авиа компани, зочид буудал, аяллын арга хэмжээ, хурал зөвлөгөөн зэрэг 14 чиглэлийн үйл ажиллагаанд зориулсан олон улсын зөвлөмжийг гаргажээ. Жуулчдын хувьд аялж байх үедээ Covid- 19 халдвар авчих вий гэх айдас, болгоомжлол бий.

Тиймээс уг зөвлөмжид бүх аялагч эрүүл мэндийн даатгалтай байх аж. Энэ нь жуулчдад итгэл үнэмшил төрүүлж, аюулгүй аялал гэдэг шалгуур үзүүлэлтийг хангана гэдгийг албаныхан хэлж байв. Мөн аялал жуулчлалын компаниудын хувьд хүний нөөцөө бэлтгэж, жуулчдаас сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн зочид буудал нь тусгаарлах өрөөтэй байх шаардлага тавих юм.

ХӨДӨЛГӨӨН КАРАНТИН БАЙДЛААР АЯЛЛЫН МАРШРУТ ГАРГАНА 

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр

Монголын аялал жуулчлалын холбооноос 100 тур оператор компанид яаравчилсан түүвэр судалгааг хийжээ. Монгол Улс тавдугаар сарын 1-нээс хилээ нээвэл зорин ирэх жуулчдын тоо хэд байна вэ гэдгийг судалхад 40 мянга орчим жуулчин байна гэх тоо гарсан байна. Монголд 500 гаруй тур оператор компани бүртгэлтэй байдгаас 200 гаруй нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Тэгэхээр энэ тоо цаашид нэмэгдэх боломжтойг салбарынхан хэллээ.

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Бид одоо аялал жуулчлалын салбарыг ингэж сэргэнэ гэж хэлж чадахгүй ч найдлага байна. Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс шат дараатай хилээ нээнэ гэдгээ мэдэгдсэн. Хил нээгээд л шууд гадаадын жуулчид орж ирэхгүй. Зорилтот зах зээл буюу ихэнх Европын орнуудын хил хаалттай байгаа. Зарим улс орнууд хилээ нээсэн ч ногоон бүс гэдэг маршрутаар жуулчдаа авахаар өөрсдийн төлөвлөгөөгөө гаргаж байна.

Манай холбооноос Гадаад харилцааны яамтай тавдугаар сард хил нээх асуудлаар удаа дараа уулзаж, ярилцлага хийсний үр дүнд аяллын маршрут гаргахаар ажлын хэсэг гарсан. Жишээлбэл, Улаанбаатар хотоос Амарбаясгалант хийд орохдоо ямар маршрутаар явах талаар ногоон бүсээ тодорхойлж, аялал жуулчлалын халдвар хамгааллын дэглэмээ баримталж аялна гэсэн үг.

Монголд долдугаар сард вакцинжуулалт жигдэрч, хүн амынхаа 60 хувийг дархлаажуулбал одоогийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна. Долдугаар сарын 1-нээс бүрэн вакцинжуулалтад хамрагдсан гадаадын жуулчид орж ирэх байх гэсэн найдлагатай байгаа. Тиймээс бид тавдугаар сараас эхлэн үе шаттайгаар хилээ нээхэд жуулчдыг татах хөтөлбөрөө боловсруулсан байх ёстой. Одоо бэлтгэл ажлаа хангаж байна. Аялал жуулчлалын салбарын сэргэлтийн эхний үе рүү орно гэж өөдрөгөөр харж байгаа” гэлээ.

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР 2-3 ЖИЛИЙН ДАРАА ХЭВИЙН БОЛОХ БАЙХ”

Ингээд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг хүргэе.

“Будда ертөнц” компанийн захирал Ц.Гүрсэд:

-Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэвч манай компани НӨАТ төлдөггүй. Цар тахлын улмаас орлогогүй болж, банкнаас зээл авах боломжгүй болсон. Өнгөрсөн хоёр жил дампуурлын байдалтай байна. Цомхон дөрөв таван хүнтэй ажиллаж байгаа. Аялал жуулчлалын салбар 2-3 жилийн дараа л хэвийн үйл ажиллагаанд орох байх. Хүмүүсийн хувьд амжиргаагаа залгуулсны дараа хуримтлал үүсгэж, аялалд гарна шүү дээ.

Манай компанийн хувьд дотоодын жуулчдаа гадаад улс орнууд руу аялуулдаг. Ер нь дотоодод аялал жуулчлал зохион байгуулдаг компани байхгүй. Монголчуудынх олонх нь машин, майхантайгаа аялачихдаг. Цар тахлаас өмнө хүмүүс Итгэлт хамба, Буриад, Байгал нуур, Улаан-Үд рүү аялал их явдаг байсан. Одоо цар тахлын дараа хэр жуулчин явахыг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд энэ жил аялал жуулчлалын салбар сэргэнэ гэдэгт нэг их найдахгүй байна. Ирэх жилээс л салбар хэвийн болох байх.

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн судалгаа

“Номадс турс экспедишн” компанийн ахлах менежер П.Гантулга:

-Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амслаа. Өнгөрөгч 2019 оны сүүлчээр цар тахал эхэлсэн учраас хүндрэл харьцангуй бага байсан. Манай компанийн хувьд 2019 онд борлуулалтын орлого дөрвөн тэрбум төгрөг байсан бол 2020 онд 343 сая төгрөг болж буурсан. Өөрөөр хэлбэл, 8-9 хувийн орлоготой байсан гэсэн үг. Аялал жуулчлал улирлын чанартай бизнес учраас бизнесээ авч үлдэхийн тулд жил болгон банкнаас кредит зээл авдаг. Уг зээлээ зун юм уу, намар нь буцааж төлдөг.

Бид цар тахлын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллах бэлтгэлээ хангачихсан. Одоогоор Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яамнаас ямар арга хэмжээ авч ажиллах талаар ойлгомжгүй байна. Жуулчдын  хувьд “Хоёр тун вакцинаа хийлгээд дэглэмээ бариад очвол тусгаарлалтад оруулах уу, групп жуулчдаас сэжигтэй тохиолдол илэрвэл яах вэ, бид шууд нутаг буцаж чадах уу” гэх мэтчилэн олон асуулт тавьж байна. Манай компанид гэхэд 2020 онд 200 гаруй жуулчин ирэхээр төлбөрөө төлчихсөн байсан. Заримынх нь төлбөрийг буцааж төлсөн, заримыг нь одоо болтол төлж чадаагүй байгаа. Хэрвээ ирэх тавдугаар сараас хилээ үе шаттай нээвэл бид аль болох үнээ багасгаж, 200-300 жуулчин хүлээн авна гэж өөдрөгөөр харж сууна. Ер нь хилээ нээчихвэл аялал жуулчлалын салбарт гэрэл харагдаж эхэлнэ.

БҮРЭН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭД ДОТООДОД АЯЛНА

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр 2020 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Монгол Улсад ирэх гадаад орны жуулчдын тоо өмнө оны мөн үеийнхтэй харьцуулахад 84 хувь, аялал жуулчлалын салбарын орлого 94 хувиар буурсан дүн гарчээ.

Харин 2020 онд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөний дүнд орон нутгийн жижиг дунд аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдийн орлого харьцангуй өссөн дүн харагдаж байжээ.

Тиймээс зарим тур оператор компаниуд дотоодын жуулчдыг татахад анхаарах болсон байна. Салбар яамнаас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байгааг тодруулахад “Бид зөвхөн гадаадын 40 мянган жуулчныг хүлээн авснаар эдийн засгийн үр өгөөжийг бий болгож чадахгүй. Тэгэхээр дотоодын жуулчдад анхаарна. Нийслэлийн иргэд ирэх долдугаар сард вакцинжуулалт бүрэн хамрагдаж дуусах учраас  хот хооронд хөдөлгөөний хязгаарлалтгүй зорчиж, аялах нөхцөлийг бүрдүүлэх замаар дотоодын жуулчдаа дэмжин ажиллана” гэдгийг Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж