“Төр тогтворгүй байвал төгрөгийн ханш унасаар байна”

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

“Төр тогтворгүй байвал төгрөгийн ханш унасаар байна”

“Төр тогтворгүй байвал төгрөгийн ханш унасаар байна”

Валютын ханш сүүлийн дөрвөн жил тасралтгүй өсчээ.  Энэ нь монгол төгрөгийн ханш тасралтгүй уруудсан гэсэн үг.  Улирлын онцлог дагаад хавар намарт валютын ханш өсдөг. Учир нь, хавар бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцээд валютын ханш өсөх нь бий.  Цар тахалтай тэмцэж буй энэ өдрүүдэд валют хэрхэн өссөнийг сурвалжлахаар “Найман шарга” валют арилжааны төвийг зорилоо. Өдийд юанийн ханш тэнгэрт хадаж, арилжааны төв хөлд дарагддаг бол энэ удаад нам жим байв.

ЮАНИЙН ХАНШ ЗУРГААН ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

“Найман шарга” захын ченжийн хэлснээр  сovid-19 гарснаас хойш бид ажилгүй болсон. Хүн ч орж ирэхгүй, валют ч орж ирэхгүй байна. Түрээсээ лтөлөөд илүү гарч чадахгүй байна. Энэ хэвээрээ байдал үргэлжилбэл хаалгаа барина. Хурдан халдварын тархалтыг зогсоож, хилээ нээж, эдийн засгаа сэргээхгүй бол олон хүн ажилгүй, орлогогүй болох нь. Валютын ханшийн тухайд, ойрын өдрүүдэд валютын ханш харьцангуй тогтвортой байна. Юанийн ханш 14 хоногийн өмнө 439 байсан бол одоо 433 болж зургаан төгрөгөөр буурсан. Бусад нь хэвийн, тогтвортой байна” гэв.

Хэдийгээр ойрын өдрүүдэд ам.долларын монгол төгрөгтэй харьцах үнэ тогтвортой байгаа гэж ченж нар хэлсэн ч өнгөрсөн жилийн мөн үеэс өсчээ.

Тухайлбал, ам.долларыг "Найман шарга" төв дээр 2848 төгрөгөөр худалдан авч, 2851 төгрөгөөр худалдаж байлаа.  Өнгөрсөн жилийн өдийд Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2783 төгрөг буюу одоогийнхоос 68 төгрөгөөр бага үнэтэй байсан юм.

ХАНШИЙН САВЛАГАА ҮҮСЭЭГҮЙ БОЛОХООР ЯМАР НЭГЭН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ

Төгрөгийн ам.доллартай харьцах үнэ жил, сар, өдрөөр нэмэгдэж бараг 3000 төгрөг хүрэх гэж байна. Гэрлийн хурдаар өсч буй ам.долларын ханшийн өсөлтийг хазаарлах ямар бодлого баримталж буйг Монголбанкнаас тодруулахад “Валютын ханш нь валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, гадаад дотоод нөхцөл байдал, валютын нөөц, өөрийн үйлдвэрлэл, экспорт зэрэг олон зүйлээс шалтгаална. Төлбөрийн тэнцэл болон ханш дээр савлагаа үүссэн тохиолдолд Монголбанкнаас зохицуулалт хийдэг. Одоогоор ханшийн савлагаа үүсээгүй болохоор Монголбанкнаас ямар нэгэн бодлого хэрэгжүүлэхгүй” гэлээ.

ТӨРӨӨС ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ ЦАГТ ТӨГРӨГИЙН ХАНШИЙН УНАЛТЫГ ЗОХИЦУУЛЖ ДИЙЛЭХГҮЙ

Суурь асуудлыг шийдвэрлээгүй цагт төгрөгийн ханш унасаар байна

Суурь асуудлыг шийдвэрлээгүй цагт төгрөгийн ханш унасаар байна https://news.mn/r/2419061/

Posted by News.mn on Monday, April 5, 2021

Жил бүр нэмэгдэж буй валютын ханшийг тогтоон барихад урт хугацааны бодлого шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ талаар эдийн засагч Д.Ангараас тодрууллаа.

-Валютын ханшийг хэрхэн тогтворжуулах вэ. Энэ асуултад эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна?

-Валютын ханш нь орж ирж байгаа болон гарч байгаа урсгалаас шалтгаалж байгаа. Монгол Улсад орж ирэх валют их байвал төгрөгийн ханш чангарч, манайхаас гарч байгаа валют их байвал төгрөгийн ханш унана. Гэтэл сүүлийн 30 жилд төгрөгийн ханш үргэлж суларсан. Миний санаж байгаагаар 1990 онд нэг төгрөг нь дөрвөн ам.доллартай тэнцдэг байсан. Одоо бараг 3000 төгрөг дөхөж байна. Энэ нь Монгол Улсаас валют урссаар байна гэсэн үг. Үүнтэй л холбоотой. Валютын ханш нь улс төрийн сэдэв болдог. Эрх барьж буй намаа гутаах ч юм уу.

Хэдэн жилийн өмнө МАН нь нэг ам.доллар нь 17 боодол нэгтийн дэвсгэрт болчихлоо гэж байсан. МАН өөрөө Засгийн газрыг барьсан чинь 27 боодол болчихлоо.

Төгрөгийн ханшаар улстөржиж болох ч системийн асуудлыг засаагүй цагт аль ч нам Засгийн эрхийг гартаа авсан ялгаагүй. Магадгүй энэ хэвээрээ үргэлжилбэл хэдэн жилийн дараа нэг ам.доллар нь 37 боодол нэг төгрөгтэй тэнцэхэд хүрнэ. Тиймээс бид гол асуудлыг харах хэрэгтэй. Яагаад монгол төгрөгийн ханш жил бүр унаад байна вэ. Монголд бүх төрлийн үйлдвэрлэлийг дампууруулсантай холбоотой. Монгол Улс нь зөвхөн уул уурхайн салбараас л валют олж байна. Бид зэс, нүүрс, төмрийн хүдрээ зарж мөнгө олж байна. Уул уурхай их хэмжээний валют олж байгаа ч үүнийгээ шингээж чадахгүй импортод өгчхөөд байна. Валют гаргаж байгаа нь бусад бүх салбар болчхоод байна. Гахайн махыг Солонгосоос, тахианы махыг АНУ-аас, загасны махыг Оросоос авч байна. Монгол Улсад хийж, үйлдвэрлэж байгаа зүйл гэж алга. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор зарим зүйлийг үйлдвэрлэх боломжгүй. Харин үйлдвэрлэх боломжтой зүйлийг буюу үйлдвэрлэлийг дараад дампууруулсан. Үүнийхээ горыг л амсч байгаа юм. Энэ асуудлыг цэгцлээгүй цагт төгрөгийн ханш цаашид унах болно. МАН засаг барьсан ч, АН засаг барьсан ч унана.

-Тэгэхээр одоо ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж эдийн засагчийн хувьд үзэж байна вэ?

-Бидэнд урт хугацааны бодлого хэрэгтэй байгаа юм. Төрийн алдаатай бодлогоос болоод одоогийн нөхцөл байдал үүссэн. 1990 оны үед эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байсан. Тухайн үед төгрөгийг тогтоохын тулд өндөр хүүгийн бодлого баримталж байсан. Зээл, хадгаламжийн өндөр хүүгээр төгрөгийг тогтоох бодлого хэрэгжүүлсэн. Мөнгөө гадагш урсгаснаас өндөр хүүтэй хадгаламжид хий гэж байсан. Энэ бодлогыг богино хугацаанд хэрэгжүүлээд энэ хоорондоо суурь асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байсан. Шилжилтийн үеийн энэ бодлого Монголд 30 жил хэрэгжчихсэн. Энэ нь дотоодын бүх үйлдвэрийг нухчин дарсан. Бид гадаадаас юм худалдаж авсаар байвал төгрөгийн ханш унасаар байх болно. Дотооддоо маш бага үйлдвэрлэж, гадаадын юм маш их ашиглаж байгаагаас, энэ хоёрын зөрүү их байгаагаас төгрөгийн ханш унаж байгаа. Төрөөс зөв бодлого хэрэгжүүлээгүй цагт төгрөгийн ханш уналтыг зохицуулж дийлэхгүй. Төр нь ойрын болон урт хугацааны бодлого хэрэгжүүлэх институц. Гаргасан хууль, тогтоомж нь 5-10 жил хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг. Гэтэл манайд богино хугацаанд Засгийн газар нь солигдож, дагаад бодлого нь өөрчлөгдчихдөг. Төрийн тогтворгүй байдал нь бизнесүүд дампуурахад хүргэж байна. Учир нь бизнес хөл дээрээ босоход хугацаа хэрэгтэй байдаг.

-Хил хаагдаж, нүүрсний экспорт бүрэн зогссон зэрэг нөхцөл байдал нь валютын ханшийн прогнозод хэрхэн нөлөөлөх вэ?

-Валютын ханш, дөрөв, тавдугаар сард хэрхэх нь одоогоор чухал бус. Нэг жилийн дотор ажиглагдах тодорхой хэлбэлзэл бий. Гэхдээ энэ нь маш жижиг сэдэв болохоор үүнийг би ярьмааргүй байна. Төгрөгийн ханш унаад байгаа суурь асуудлыг шийдвэрлээгүй цагт төгрөгийн ханш унасаар байна. Тогтворжихгүй. Үйлдвэрлэх зүйлээ үйлдвэрлэдэггүйгээс уул уурхайгаас олсон валютаа буцаагаад гаргачихаж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж