“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд Богдхан уулын тохижилтыг хийж гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд Богдхан уулын тохижилтыг хийж гүйцэтгэнэ

“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд Богдхан уулын тохижилтыг хийж гүйцэтгэнэ

Богдхан уулын дархан цаазат газарт аяллын албан ёсны таван маршрут байдгаас нийслэлийнхний хамгийн их зорчдог газар нь Зайсан-Дугуйцагаан чиглэл.  Гэвч дээрх чиглэлд 00, суух сандал зэрэг тохижилтын ажил хангалтгүй  байгааг иргэд шүүмжилсээр ирсэн. Тэгвэл “Хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага нь Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуйцагааны орой хүртэл 3.5 км газар тохижилтын ажлыг иж бүрэн хийхээр аян эхлүүлжээ.  Энэ талаар “Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалантай ярилцлаа.


Богдхан уул орчмыг тохижуулахаас ярилцлагаа эхэлье. Хамгийн их хүн аялдаг ч хамгийн тохижилтгүй газар гэдгээр нь сонгосон уу?.

Амралтын өдрөөр иргэд гэр бүлээрээ агаарт гарч, эрүүл мэнддээ анхаарахыг илүүд үзэх болсон. Ялангуяа Covid-19 халдвараас сэргийлж,  дархлаагаа дэмжих хамгийн үр дүнтэй арга бол ууланд алхах болчихоод байна. Би ч хувьдаа гэр бүл, найз нөхөдтэйгөө ууланд гарах  дуртай. Ер нь ууланд гарах бүрдээ л “Энэ газрыг улам гоё тохижуулаад янзалчихаж болдоггүй юм байх даа” гэж бодоод өнгөрдөг байсан. Над шиг бодол тээж явдаг залуус олон бий. Тиймээс би өөрөө анхлаад Богдхан уулын  тохижилтын ажлыг эхлүүлбэл цаашдаа залуус маань  “Хандлагаа өөрчилье” аяныг  үргэлжлүүлээд явах боломжтой.  Ер нь аливаа ажилд чин сэтгэлээ зориулж, нэгдэж чадвал гараас юм гардаг гэдгийг харуулах зорилготой. Хүн бүр нэг ажил барьж аваад хийхэд бид ганц Богдхан уулаар хязгаарлагдахгүй нийслэлд  тулгамдаж байгаа  байгаль орчинтой холбоотой асуудлыг 1-2 жилийн дотор  шийдэж чадах ч  юм билүү. Богдхан уул орчмын тохижилт 10 гаруй жил хангалтгүй байлаа. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгийн машины зогсоол дээр машинууд нь дүүрчихсэн учраас явган хүний зам дээр машинаа давуулаад тавьчихдаг. Уул өөд алхвал дүүрэн хог. Бие засах газар нь хүн орохын эцэсгүй, үнэр танартай. Суух саравч сандал хомс, байгаа хэд нь мурий сарий. Өнгө үзэмжийн хувьд бол үнэхээр хоцрогдсон. Эдгээрийг хараад л өөрчлөн, шинэчлэх  цаг нь болсон гэж бодогдсон.

 Аялагчид олноороо ирэхийн хэрээр хог хаягдал нэмэгддэг. Иргэдийн ухамсар, соёлын түвшин доогуур байгаагаас байгальд хандах хандлага нь өөрчлөгдөхгүй байна гэж Богдхан уулын хамгаалалтын албаны хүмүүс ярьдаг?

Тийм ээ. Гуравдугаар сарын сүүлд гарахад  амны хаалт, ундааны сав, гялгар уут их байсан. Аялагчид  “Би энэ хогийг хаяагүй юм чинь. Надад хамаагүй” гэх  хандлагатай байдаг. Хоёр  хогийн ууттай уул руу гарахад дүүрээд бууж ирэх жишээний. Хогийн цэг нь хогоор дүүрээд эргэн тойрондоо тархчихсан. Тийм байдлыг хараад  “Бид яагаад ийм арчаагүй юм бэ” л гэж бодогдсон.

Хэн нэгэн улстөрч рүү  дайрахаас илүүтэй хүмүүсийн сэтгэлгээнд асуудал их байна. Хажууд  нь ундааны сав байхад л  харсан ч хараагүй мэт алхаад гардаг. Тэр хогийг аваад буух сэтгэлтэй хүн ховор.

Богдхан ууланд  амралтын өдрүүдэд өдөрт 2000 хүн гардаг гэх албан бус тоо бий. Уг нь дээрх 2000 хүн уулнаас буухдаа  нэг хог аваад буухад л Богдхан уул хоггүй байх бүрэн боломжтой. Аялагчдыг зөв зүйтэй дадалд  уриалсан тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Үүнийг ч бид шинэчлэлтийн хүрээнд хийнэ.

“Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалан

Аялагч бүрийн сэтгэлгээг өөрчлөх нь "хандлагаа өөрчилье" аяны зорилгоhttps://news.mn/r/2419029/

Posted by News.mn on Tuesday, April 6, 2021

Богдхан уул орчмын газрыг тохижуулъя гэдэг санал санаачлага хэдий үед гарч, зориг шулуудав. Урьдчилсан байдлаар тохижилтын ажил хэзээ дуусахаар байна вэ?.

-Их хугацаа  шаардагдаагүй. Ерөнхийдөө тохироо нь бүрдсэн гэх үү дээ. Манай үндсэн байгууллагын үйл ажиллагаа бол энтертэйнмент салбар, тэр дотроо эвент, арга хэмжээний салбар нь хөл хорионы улмаас тэг зогсолт хийсэн. Хэрэв халдвар гараагүй байсан бол өдийд үндсэн ажилдаа дарагдаад Богдхан уулын тохижилтын ажил миний тархинд бодол болоод үлдэх байсан байх. Тиймээс  одоо уг ажил дээрээ л төвлөрч байна. Тохижилтын ажлыг эхлүүлэхээр  холбогдох байгууллагуудтай уулзахад уулын дунд хэсгүүдэд хогийн цэг тавьж болохгүй юм байна лээ. Дээшээ өгсүүр учраас хогийг байнга зөөх, хүн хүч байдаггүй учраас доор байгаа  хогийн цэгийн хогийг хурдан, хурдан зөөвөрлөх шаардлагатай гэсэн. Харин дунд хэсгүүдэд хогийн цэг бус тэмдэг тэмдэглэгээнүүдийг голчлон хийнэ.

Хандлагаа өөрчилье” аян эхний  удаад Богдхан уулыг онцолсон бол дараагийн удаа хотын даргын яриад байгаа  Туул голын асуудал дээр ч ажиллахыг үгүйсгэхгүй.

Нэг зэрэг олон зүйл рүү үсчих нь болчимгүй учраас энэ удаа зөвхөн Богдхан уулын тохижилтыг наадмаас өмнө хийж  гүйцэтгээд иргэдэд харуулахыг хүсч байна. Нэг сарын дотор төлөвлөөд хоёр долоо хоногийн дотор иргэд ААН-ээс хөрөнгө, мөнгө босгоно. Эргээд нэг сарын дотор гүйцэтгэл хийгдэх бөгөөд  гурван сарын дотор бүх ажил хийгдэнэ.

 Хийгдэх ажлуудын хувьд гэвэл Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд үүдний хэсгийг маш сайн тохижуулна. Цаашлаад хогийн цэгүүдийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох, нүхэн жорлонг илүү ая тухтай эко болгоно. Уул өөд алхахаар 20 өөр төрлийн сандал бий. Бүгдийг нэг стандартад оруулна.  Элэгдэж хуучирсан саравчийг нэгдсэн брэнд өнгө төрхтэй болгоно.

-Та уг саналаа хотын даргад хүргүүлсэн үү?

-Бид  албан бичгийн хамт   хийх ажлынхаа анхан шатны танилцуулгыг өчигдөр /2021.04.05/ өглөө хүргүүлсэн. Одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна.

-Хөл хорионы үед эдийн засаг элгээрээ хэвтэж байгаа энэ үед санхүүжилт бол яахын аргагүй толгойны өвчин. Товчхондоо тохижилтын  хөрөнгө,мөнгийг ямар аргаар босгох вэ?

-Хөрөнгө, мөнгийг босгохдоо сошиал орчинд аян өрнүүлж, хандивын данс тавих, байгууллагуудаар явж төслөө танилцуулах гэсэн арга хэрэглэнэ. Бид дизайнаа гаргаад гүйцэтгэх компаниа тодруулчихсан. Эдгээр байгууллагад саналаа өгсөн. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гэхэд  эцсийн байдлаар тохижилтын ажил  ийм болно гэсэн зураг, төсөвтэйгөө хамт ирнэ. Тэр нь магадгүй 200-300 сая төгрөг болох болов уу гэж таамаглаж байна. Гол нь хотын даргад төр, хувийн хэвшил хамтраад ажиллая гэдгийг л энэ ярилцлагаараа дайхыг хүсч байна. Энэ ажил зөвхөн Богдхан уулын нэг амыг тохижуулах гэхээсээ илүүтэй иргэдийн сэтгэлзүйд нөлөөлөхүйц цогц хандлагын аян болох ёстой. Нөгөө талаас иргэд тохижуулсан  зүйлсийг эвдэлж гэмтээхгүйгээр ухамсартай байх хэрэгтэй. Энэ миний хаясан ундааны сав биш гэж харах биш тэр хогийг аваад буух сэтгэхүйтэй болох нь чухал.

Богдхан уулын тохижилтыг  "Хот ганцаараа хийнэ гэж зүтгэхгүй байх" гэж бодож байна. Учир нь иргэд, ААН-үүд хамтран ажиллая гэх  санаачлага гаргаж байна. Хүмүүсийнхээ хүчийг ашиглаад энэ ажил дээр хамтрах ёстой. Бид  Эрээний хог авчраад Богдхан ууланд  тавихгүй. Нэгэнт  л хийж байгаа юм чинь чанартай зүйл хийнэ. Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг уулын аялагчид маань хайрлаж гамнан, зөв соёлтойгоор ууланд  аялах нь чухал. Тохижилтын хариуд бид ийм л зүйл хүсч байгаа.

ДУГУЙЦАГААНЫ ОРОЙ ХҮРТЭЛ 3.5 КМ ЗАМД ХИЙГДЭХ ТОХИЖИЛТЫН АЖЛУУД

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж